“Итгэлтэй байдал ба бошиглогчид—Өнгөрсөн ба өнөө үе,” Лиахона, 2026 оны 1-р сар.
Итгэлтэй байдал ба бошиглогчид—Өнгөрсөн ба өнөө үе
Таван чухал зарчим бошиглогч, төлөөлөгчдийг эсэргүүцэх урхинаас зайлсхийхэд бидэнд тусална.
Намайг 17 настай, АНУ-ын Пеннсильванийн Баруун Филадельфид амьдарч байхад номлогчид манай гэр бүлд Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаар заасан юм. Залуу Иосефын Бурхантай харилцаж, Түүний тааллыг мэдэх хүсэлтэй байсан нь миний зүрх сэтгэлийг ихэд хөндөв.
Номлогчдыг бидэнд амьд бошиглогч, төлөөлөгчдийн тухай заах үед би “Өнөө үед төлөөлөгчид байдаг гэж үү? Тэд хаана байгаа вэ?” гэж асууж билээ. Тэд бидэнд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) болон Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүд, 1980 оны Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зургийг үзүүлэв. Энэ нь өчигдөр, өнөөдөр, мөн үүрд өөрчлөгддөггүй Бурханд өнөө үед хүүхдүүдээ удирдах бошиглогч, төлөөлөгчид хэрэгтэй хэвээр байгаа гэсэн миний соёолж буй гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн юм.
Яваандаа, эцэг эх маань болон арван хүүхэд нь бүгд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн. Амьд бошиглогч, төлөөлөгчдийг мэддэг болсноос хойш тэдний ариун дуудлага, түлхүүрүүдийн талаарх гэрчлэл маань улам хүчирхэгжсэн юм.
Бошиглогч, төлөөлөгчдөд тулгарч байсан сорилтууд
Сатан бошиглогч, төлөөлөгчдөд итгэх итгэлийг үгүй хийхийг үргэлж эрэлхийлдэг нь ойлгомжтой. Эцсийн эцэст, түүхийн туршид тэд бүх дэлхийд Есүс Христийн нэрийг гэрчилдэг гол гэрчүүд байсаар ирсэн (Сургаал ба Гэрээнүүд 107:23-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэнчлэн өнөө үед дайсан Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох ёстой “өнөөдөр дэлхий дээр болж буй хамгийн чухал зүйл” болох Израилын цугларалтад саад учруулахыг зорьж байна. Харин бошиглогч, төлөөлөгчид энэхүү цугларалтын түлхүүрүүдийг атгадаг билээ. Тиймээс тэд байнга эсэргүүцэлтэй тулгардаг.
Эрт дээр үед ч, хожмын цаг үед ч Сатан Бурханы зарим гэрээт хүүхдийг Хурганы өнгөрсөн ба эдүгээ цагийн төлөөлөгчдийн эсрэг тэмцэхээр болгох хууран мэхлэх арга замуудыг хүртэл олсоор ирсэн (1 Нифай 11:34–36-г үзнэ үү).
Ийм урхинд орохоос зайлсхийхэд бидэнд туслах таван зарчмыг авч үзье.
Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл
Эдгээр зарчмын эхнийх нь мөн сайн мэдээний анхдагч зарчим бол Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл юм.
Итгэл нь чиглэлтэй. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд итгэл үргэлж ирээдүй рүү чиглэдэг хэмээн заасан.
Христэд итгэх итгэл, Бурханд найдах найдвар маань нэмэгдэх үед бид Тэдний амлалтууд биелэхийг “итгэлийн нүдээр харуулдан хүлээ[х]” болно (Aлма 5:15-ыг үзнэ үү; мөн Мозая 18:21-ийг үзнэ үү; Алма 32:40). 1978 онд санваарын талаарх илчлэлийн 40 жилийн ойд зориулсан “Нэг бай” хэмээх арга хэмжээний үеэр Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бүх хүнийг “итгэл болон Их Эзэний амлалтад найдах найдвартаа нэгдэн урагш харахыг [2 Нифай 26:33-ыг үзнэ үү]” уриалсан.
Ийнхүү урагш харахад төвлөрөх нь биднийг мөнхүү үйл явдлын үеэр ерөнхийлөгч Нэлсоны “төгс амар амгалан, эв нэгдэл” хэмээх амлалтын биелэл рүү мөн Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн заасан “Их Эзэн Иехова Өөрийнх нь хүмүүс болсон хүмүүстэй хамт амьдрахаар эргэн ирж, тэднийг эв нэгдэлтэй, нэг зүрх сэтгэлтэй, Түүнтэй болон бидний Тэнгэрлэг Эцэгтэй нэгдсэн байхыг харах” өдөр лүү чиглүүлдэг.
Эсрэгээрээ, Сатан Бурханы хүүхдүүдийг арагшаа төвлөрч, өнгөрсөн нөхцөл байдал, мэдэгдэл, сургаалууд, тэр тусмаа хожим нь бошиглогч, төлөөлөгчдийн тодруулсан зүйлс дээр гацааж, зүрх сэтгэлийг нь хатууруулахыг эрэлхийлдэг. “Ах дүүсийг маань өдөр шөнөгүй … буруутгагч” (Илчлэл 12:10) тэрээр Бурханы бошиглогч, төлөөлөгчдийг болон тэдний сургаалыг шүүмжлэхийг байнга өдөөн хатгадаг. Энэ нь тэдний гэрчилдэг Есүс Христэд итгэх итгэлийг зальжин аргаар ганхуулах түүний эцсийн бузар зорилго юм.
Хэдийгээр Сатан зөрчилдөөн, нэгдмэл бус байдлыг овжин аргаар өдөөж байдаг ч энэ цаг мөч бол Бурханы гэрээт бүх хүүхэд (1 Нифай 11:34–36-г үзнэ үү) нэгдмэл байж, Бурханы бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан илчилдэг мөнхийн үнэнүүдийг хүлээн авч, тэдгээрийн дагуу үйлдэх цаг гэдэг нь орчин үеийн төлөөлөгчдийн эв нэгдэл, амар амгалан, эв найрамдлын мэдэгдлүүдээс тодорхой харагддаг. Бид ийн үйлдсэнээр арьс өнгө, хүйс, үндэс угсааны болон өөр бусад зөрчилдөөнгүй байж, нэгдмэл, аз жаргалтай, хүчирхэг, гэрээт, итгэлээр дүүрэн хүмүүс болж чадна.
Бошиглогч, төлөөлөгчдийн сургаал нь ийм нэгдмэл байдлыг мөн үргэлж бидний урагшлах хөдөлгүүр болсон Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэлийг хөхиүлдэг.
Бүү буруутга, бүү шүү, итгэлээр үйлд
Моронай бидний өнөөгийн цаг үеийг хараад, бошиглогч, төлөөлөгчдөд шүүмжлэлтэй хандахаас хамгаалж болох зарчим буюу бусдыг буруутгахгүй, шүүхгүй байх зарчмыг заасан.
“Миний төгс бусын улмаас намайг, бас эцгийн минь төгс бусын улмаас түүнийг ч, бас түүнээс урьд бичсэн тэднийг ч бүү шүүмжил; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа илэрхийл” (Мормон 9:31; тодотгол нэмсэн).
Өөрөөр хэлбэл, бид бошиглогч, төлөөлөгчдийн сургаал, Христийн болон Түүний сайн мэдээний тухай гэрчлэл дээр төвлөрч, тэдгээрээс суралцаж, тэдний алдаа дутагдлыг эрж хайхаас зайлсхийх ёстой. Түүхийн туршид бидний тусын тулд, биднийг илүү ухаалаг болгохын тулд Бурхан эдгээр алдаа дутагдлын заримыг нь илчилсэн. Үүнийх нь төлөө би Түүнд талархдаг.
Гэхдээ бид болгоомжтой байх ёстой. 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Айринг Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч асан Жорж К.Канноны (1827–1901) дараах сургаалыг ийн эш татсан: “Бурхан үйлчлэгчдээ сонгосон. Хэрэв тэд шийтгүүлэх хэрэгтэй бол тэднийг шийтгэх эрхийг Өөрт нь бий хэмээн Тэр хэлдэг. Тэднийг шүүмжлэх эсвэл шийтгэх эрх мэдлийг Бурхан бидэнд өгөөгүй. Хүн хэдий хүчирхэг итгэлтэй, санваарын өндөр албан тушаалтай байсан ч Их Эзэний тослогдогсдыг муугаар ярьж, дэлхий дээрх Бурханы эрх мэдлийг атгагчдаас өө хайх юм байвал Түүний эгдүүцлийг хүргэх нь дамжиггүй. Ийм хүнээс Ариун Сүнс өөрийгөө холдуулах ба тэр хүн харанхуй руу орох болно. Иймээс бид болгоомжтой байх нь ямар чухал болохыг та ойлгохгүй байна гэж үү?”
Бошиглогчдын сургаал, үйлдэл, түүний дотор ойлгоход эсвэл хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж болох зүйлсийн талаар Их Эзэн дараах адислал, батламжийг бидэнд өгсөн.
“Та нар түүний бүх үгэнд болон зарлигуудад анхаарал тавих ёстой, миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, тэдгээрийг тэрээр хүлээн аваад та нарт өгөх үед нь болой;
Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр хүлээн авах ёстой” (Сургаал ба Гэрээнүүд 21:4–5; тодотгол нэмсэн).
Дахин хэлэхэд, бид бусдыг буруутгаж, шүүх ёсгүй (Maтай 7:1–2-ыг үзнэ үү). Би Есүс Христэд итгэн, бошиглогч, төлөөлөгчдийн адислалд талархах сэтгэлээр амьдарснаар асар ихээр адислагдсан (Сургаал ба Гэрээнүүд 21:6-г үзнэ үү).
Эрх мэдлээ хэтрүүлэх уруу таталтаас зайлсхийгтүн
Өөр нэг чухал зарчим бол эрх мэдлээ хэтрүүлж, өөрсдөдөө байхгүй үүрэг хариуцлагыг өөртөө авахаас зайлсхийх явдал юм. Ийм харах өнцөг нь бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг дорд үзэх үед аяндаа бүрэлддэг бөгөөд биднийг өөрсдийн үзэл бодлыг хэт дөвийлгөхөд хүргэдэг. Өнгөрсөн үеийнхийг хамруулаад бошиглогч, төлөөлөгчдийг буруутгах нь бидний эрх мэдлээс хэтэрсэн зүйл гэдэг нь тодорхой. Учир нь энэ эрхийг Их Эзэн Өөртөө үлдээсэн билээ. Бүхнийг мэдэгч, хайраар дүүрэн, нигүүлсэнгүй Аврагч маань өнөө үед ч мөн бидний төлөө ийн үйлдэх болно хэмээн найддаг шиг өнгөрсөн үеийн аливаа алдаа дутагдлыг өмнө нь залруулж байсан, ирээдүйд ч залруулан, өршөөн уучлахад бэлэн гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлдгийн өөр нэг жишээ бол Сүм ямар арга хэмжээ авах, хэрхэн удирдах талаар бошиглогч, төлөөлөгчдөд удирдамж чиглүүлэг өгнө гэж бодож итгэх явдал юм. Энэ бол бидний биш харин Их Эзэний үүрэг (Сургаал ба Гэрээнүүд 28:2–7-г үзнэ үү). Хэдий сайн санааны үүднээс байж болох ч бошиглогч, төлөөлөгчдийг буруутгах, удирдаж чиглүүлэхийн аль аль нь бардамналаас улбаатай бөгөөд хууран мэхлэлтэд, бошиглолын эрх мэдлийг дагахгүй байхад хүргэдэг.
Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт
Их Эзэн 1820 оноос хойш өнөөдрийг хүртэл Сүмээ удирддаг илчлэлийн үйл явцад Өөрийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг сургасаар байна.
Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.
“Биднийг Тэргүүн зөвлөл, Арван хоёрын чуулгын хамтарсан зөвлөлийн хувьд хуралдахад уулзалтын өрөөнүүд маань илчлэлийн өрөөнүүд болж, тэнд Сүнс илт оршин байдаг. … Бидний харах өнцөг эхэндээ өөр өөр байж болох ч нэг нэгнээ гэсэн хайр маань хувиршгүй байдаг. Бидний нэгдмэл байдал Их Эзэний Сүмээ гэсэн хүслийг ялган танихад тусалдаг юм.
Уулзалтуудад маань олонх хэзээ ч захирч ноёрхдоггүй! Бид нэгдмэл болох хүртлээ нэг нэгнээ залбиран байж сонсон, харилцан ярилцдаг.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэнчлэн: “Зөвлөлийн гишүүдийн үндсэн зорилго нь зөвхөн хоорондоо санал нийлэх явдал биш, харин Бурханы илчлэл хүлээн авах явдал юм. Энэ нь Их Эзэний оюун хийгээд тааллыг олж мэднэ гэсэн итгэл болон шалтгааныг багтаадаг үйл явц билээ.”
Энэхүү сэргээгдсэн, нарийн тохируулсан аюулгүйн зарчим нь Сүмийг Их Эзэний хүслийн дагуу удирдан чиглүүлэх манай одоогийн удирдагчдын чадварт итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Даруу хандлагатай бай
Есүс Христ Сүмийг тэргүүлж, бошиглогчдоо удирддаг нь мэдээжийн хэрэг. Тэдний үгээс эсвэл үйлдлээс дутагдал гэж харж болох зүйл үнэндээ бидний харах өнцөг эсвэл мөнх бус ойлголт алдаатай байдгийг харуулдаг. Их Эзэний арга зам болон Түүний бодол санаа биднийхээс дээгүүр гэдгийг (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү) санаж байх нь өнгөрсөн үеийнхийг хамруулаад бошиглогчдыг шүүхээс зайлсхийх боломжийг олгодог. Ийм даруу хандлага нь амьд бошиглогчдын үгийг “бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр” (Сургаал ба Гэрээнүүд 21:5; мөн 1:28-ыг үзнэ үү) чих тавин сонсох боломжийг бидэнд олгодог.
Энэ нь бидэнд улам хүнд хэцүү болж байгаа дэлхийд илүү их илчлэл, найдвар, Христэд итгэх итгэлийг хүлээн авахад тусалдаг. Иаковын заасанчлан “бид бошиглогчдыг судалдаг, мөн бидэнд олон илчлэл болон бошиглолын суу билиг бий; мөн бид энэ олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болдог” (Иаков 4:6). Хэрэв бид даруу байвал эдгээр ариун туршлага нь өнгөрсөн үеийнхийг хамруулаад бошиглогч, төлөөлөгчдөөс өө сэв хайх аливаа хүслийг маань үгүй хийж чадна (Сургаал ба Гэрээнүүд 88:124; 136:23-ыг үзнэ үү). Даруу байдал нь бидэнд “бошиглогчдыг судлахдаа” алдаа дутагдлыг нь бус харин бидний баяр баясгалан, амар амгаланг нэмэгдүүлэх үнэнүүдийг хайхад тусалдаг.
Энэхүү хандлагаар би Иосеф Смитээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг хүртэлх бүх бошиглогч тасралтгүй үргэлжлэх хэлхээгээр холбогдсон Бурханы бошиглогчид байсан гэдгийг хайраар баттай гэрчилж байна. “Бошиглогчдыг судалж,” тэдний нэг бүрийн сургаалаар дамжуулан Бурханд илүү ойртсон нь миний хувьд агуу адислал юм.
Эдгээр бошиглогчийн удирдлаган доор ариун төлөөлөгчийн албанд дуудагдсан хүмүүс дэлхий дахинд Есүс Христийн нэрийн тусгай гэрчүүд байсан бөгөөд одоо ч мөн байсаар байгаа гэдгийг би гэрчилж байна. Эдгээр гэрчийн сургаалаар дамжуулан Есүс Христ рүү харж, урагш тэмүүлэх нь юутай сайхан боломж вэ!