“Бурханлаг мөн чанарыг хуваалцагчид,” Лиахона, 2026 оны 1-р сар.
Бурханлаг мөн чанарыг хуваалцагчид
(2 Петр 1:4).
Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг нь бидэнд үнэ цэнтэй ойлголт өгч, баяр баясгаланг маань баяжуулж, сорилт бэрхшээлээ даван туулах хүч чадлыг өгдөг.
Христ хоёр дагалдагчаа дуудав, Гэри И.Смит
Төлөөлөгч Петр “Алдар ба давуу чанараараа биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурхан хүч нь [Есүс Христийн шавь нар] бидэнд амь болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг соёрхсон.
Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар … бурхан чанарыг хуваалцагч болох юм” (2 Петр 1:3–4; тодотгол нэмсэн) гэдгийг бидэнд сануулсан.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бидний мөнхийн мөн чанар, зорилгыг тодорхойлдог эрхэм үнэт агуу үнэнүүд хийгээд амлалтуудыг дүрсэлдэг.
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т тайлбарласанчлан:
“Эрэгтэй, эмэгтэй—бүх хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнсэн хүү, охин нь бөгөөд бурханлаг мөн чанар, хувь тавилантай. …
Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнсэн охид, хөвгүүд Бурханыг өөрсдийнх нь Мөнхийн Эцэг гэдгийг мэдэж, бишрэн шүтдэг байсан ба төгс төгөлдөр болохын тулд хөгжин дэвжиж, эцэст нь мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяандаа хүрэхийн тулд бие махбодтой болж, энэ дэлхийд амьдралыг туулах Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм.”
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ Өөрийнх нь төлөвлөгөөний зарчмуудыг болон Хайрт Хүүгийнх нь үлгэр жишээг дагаж, зарлигуудыг сахин, итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчвэл “Бурханы бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг авах болно” (Сургаал ба Гэрээнүүд 14:7) хэмээн амласан.
Бурханы ажил хүүхдүүдийнх нь хөгжил дэвшил, өргөмжлөлд төвлөрдөг. “Бодгалийн үнэ цэн [Түүний] мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээнүүд 18:10) учраас Түүний төлөвлөгөө бүх талаараа хөвгүүд, охидыг нь адислахад зориулагдсан билээ.
Эцэгийн төлөвлөгөө
Мөнх бус оршихуйн өмнөх зөвлөлд Тэнгэрлэг Эцэг Өөрийн сүнсэн хүүхдүүдэд мөнхийн хөгжил дэвшил, аз жаргалд нь зориулсан төлөвлөгөөг танилцуулсан.
“Дээр нь тэдний оршин сууж болох дэлхийг бид бүтээх болно;
Мөн Их Эзэн, тэдний Бурханы тэдэнд зарлиглах юуг боловч, бүх зүйлийг тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг шалгах болно;
Мөн өөрсдийн анхны оршихуйд үнэнчээр үлдэх тэдэн дээр нэмэгдэх болно; мөн өөрсдийн анхны оршихуйд үнэнч байгаагүй тэд, өөрсдийн анхны оршихуйд үнэнч байсан тэдэнтэй хамт нэг хаант улсад сүр жавхланг олох нь үгүй бөлгөө; мөн өөрсдийн хоёр дахь оршихуйд үнэнчээр үлддэг тэдний тэргүүн дээр сүр жавхлан үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно.
Мөн Их Эзэн хэлэв: Би хэнийг илгээх вэ? Мөн Хүний Хүүтэй адил нэгэн хариулав: Би энд байна, намайг илгээгээч. Мөн өөр нэг нь хариулж мөн хэлэв: Би энд байна, намайг илгээгээч. Мөн Их Эзэн хэлэв: Эхнийхийг би илгээх болно.
Мөн хоёр дахь нь ууртай байв, мөн өөрийн анхны оршихуйд үнэнчээр үлдсэн нь үгүй; мөн тэр өдөр олон нь түүний араас дагав” (Абрахам 3:24–28).
Мөнх бус оршихуйн өмнөх зөвлөлд танилцуулсан цорын ганц төлөвлөгөө бол Эцэгийн төлөвлөгөө байсныг анхаарна уу. Тэнгэрлэг Эцэг маань “Бид юу хийх вэ?” гэж асуугаагүй. Тэрээр санал авч, зөвлөгөө, зөвлөмж хүсээгүй. Харин Тэрээр төлөвлөгөөнийхөө үндсэн хэсгүүдийг танилцуулж, “Би хэнийг илгээх вэ?” гэж асуусан. Түүний асуултын мөн чанар Өөрийнх нь төлөвлөгөөний нөхцөлийг хэрэгжүүлэхийн тулд хэнийг илгээх ёстой вэ гэдэг дээр төвлөрсөн байв.
Судруудад дайсны бослогын үр дагавруудыг түүнчлэн дүрсэлсэн байдаг.
“Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гарган мөн … миний хүмүүнд өгсөн сонгох эрхийг устгахаар эрэлхийлэн мөн тэрчлэн би өөрийн хүчийг түүнд өгөх ёстой гэсний учир би … түүнийг доош хаягдахаар болгосон бөлгөө;
Мөн тэрээр Сатан, … чөтгөр, бүх худал хуурмагийн эцэг болж, хүмүүсийг мэхлэн мөн харалган болгохоор, мөн тэднийг, бүр миний дуу хоолойг үл анхаарах болгоныг тааллаараа олзлон дагуулах хөтлөгч болсон билээ” (Moсe 4:3–4; тодотгол нэмсэн).
Люсифер мөнх бус оршихуйн өмнөх зөвлөлд оролцогчдын олонхын саналаар татгалзсан төлөвлөгөөг танилцуулаагүй. Тэрээр сонгуульд ялагдсан өрөвдмөөр нэгэн байгаагүй. Тэрээр бослого гаргасан! Бардамнал, биеэ тоосон, хувиа хичээсэн байдал нь түүнийг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг бослого гаргахад түлхжээ.
Эцэгийн төлөвлөгөө ба Аврагчийн сайн мэдээ
Уг төлөвлөгөө нь Эцэг, Хүү хоёрын бүх хүн төрөлхтөнд мөнх амьдралын адислалуудаас хүртэх боломжийг олгодог ажлуудыг дүрсэлдэг.
Есүс Христийн сайн мэдээ нь Бурханы төлөвлөгөөнд амласан адислалуудыг, түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн итгэж, дагах ёстой сургаал, зарчим, ёслол, гэрээнүүдийг хүлээн авах арга замыг тогтоодог. “Түүгээр хүмүүн аврагдаж чадах миний ярьсан тэр Есүс Христээс өөр нэр тэнгэрийн доор өгөгдөөгүй болой” (2 Нифай 25:20). Үнэхээр Их Эзэн Есүс Христ бол “зам, үнэн, амь … юм. Хэн ч [Түүгээр] дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6; тодотгол нэмсэн).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
“Авралын төлөвлөгөөнд Бүтээлт шаардлагатай байсан бөгөөд энэ нь Уналт, Цагаатгал хоёрыг хоёуланг шаардсан. Эдгээр гурван зүйл авралын төлөвлөгөөний үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Диваажингийн бүтээлт Бурханаас ирсэн. Мөнх бус байдал ба үхэл Адамын Уналтаас болж дэлхийд ирсэн [2 Нифай 2:25; Мосе 6:48-ыг үзнэ үү]. Үхэшгүй байдал ба мөнх амьдралын боломж Есүс Христийн Цагаатгалаар өгөгдсөн билээ [2 Нифай 2:21–28-ыг үзнэ үү]. …
“… Бид түр зуурын хугацаагаар дэлхийд ирж, сорилт, шалгалтаа даван, алдар суут гэртээ эргэж очихоор урагшлан, дээшлэхэд бэлтгэдэг [Дуулал 116:15; Алма 42:8-ыг үзнэ үү]. Хэрэв бид [мөнх бус амьдрал] дахь хугацаандаа Бурханы төлөвлөгөөг ойлгож, Түүний зарлигуудад талархан, дуулгавартай дагадаг бол бидний бодол санаа, үйлс илүү чиг зорилготой байх нь гарцаагүй” [Сургаал ба Гэрээнүүд 59:20–21-ийг үзнэ үү].
Мормоны Номон дахь Төлөвлөгөөний нэршил
Бид “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ”-н дэх Эцэгийн төлөвлөгөөний олон өөр нэрийг олж, судалснаар чухал үнэнүүдийг мэдэж авдаг. Жишээлбэл: Дараах нэршлүүдийг үзнэ үү.
“Агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө” (2 Нифай 9:6).
“Бурханы маань төлөвлөгөө” (2 Нифай 9:13).
“Авралын төлөвлөгөө” (Жером 1:2; Aлма 24:14).
“Гэтэлгэлийн төлөвлөгөө” (Aлма 12:25, 26, 30, 32, 33; 42:11, 13).
“Сэргээлтийн төлөвлөгөө” (Aлма 41:2).
“Аз жаргалын төлөвлөгөө” (Aлма 42:16).
“Нигүүлслийн агуу төлөвлөгөө” (Aлма 42:31).
Эдгээр нэршил тус бүр Эцэгийн төлөвлөгөөний үнэ цэнтэй амлалтуудыг илүү тодорхой ойлгоход тусалж, мөнх бус амьдралынхаа зорилго, утга учрын талаарх ойлголтыг маань баяжуулдаг.
Хамгийн чухал нь, Мормоны Номд Бурханы төлөвлөгөөний тухай хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэршил нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон гэтэлгэл дээр төвлөрдөг.
“Хэрэв дэлхийн үүслээс зэхэгдсэн гэтэлгэлийн төлөвлөгөө байгаагүйсэн бол, нас барагсдын амилуулалт гэж үгүй байхсан; гэвч тухайлан яригдсан нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгох, гэтэлгэлийн төлөвлөгөө бэлтгэгдсэн байсан билээ” (Алма 12:25) хэмээн Алма тунхагласан.
Тэрээр мөн “Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт, эцсийн бөгөөд шүүлтийн өдөр бүх хүн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор үхэгсдийн дундаас босно гэдэгт итгэж эхлэгтүн” (Алма 33:22) гэж захисан.
Зам нь бэлтгэгдсэн
Бурханы аврал, гэтэлгэл, сэргээлт, нигүүлсэл, аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар бодох үед бодгаль маань талархлаар дүүрэх ёстой. Түүний төлөвлөгөөний талаарх мэдлэг нь бидэнд үнэ цэнтэй ойлголт өгч, баяр баясгаланг маань баяжуулж, сорилт бэрхшээлээ даван туулах хүч чадлыг өгдөг.
Тэнгэрлэг Эцэг биднийг гэртээ Өөр дээр нь эргэн ирээсэй хэмээн хүсэн хүлээдэг. Тэрээр адислалуудыг урьж мөн амладаг боловч хэзээ ч Өөрийнхөө бидэнд өгсөн ёс суртахууны сонгох эрхийг ашиглахыг хүчилж, албадаж, хязгаарлахгүй. Бид Түүний Хайрт Хүүгийн үлгэр жишээг дагаснаараа Түүнд эргэж очихыг сонгож, үйлдэх ёстой.
Тэрээр мутраа сунгасан хэвээр, Элизабэт Тэйэр
“Зам нь бэлтгэгдсэн, мөн хэрэв бид харвал бид үүрд амьдарч болох билээ” (Алма 37:46; тодотгол нэмсэн).
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ зориулсан бурханлаг төлөвлөгөөний зохиогч гэдгийг би баяртайяа гэрчилж байна. Есүс Христ бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч. Мөн Их Эзэний хожмын үеийн төлөөлөгчдийн нэгийнх нь хувьд би Түүнийг үнэхээр “зам, үнэн, амь” (Иохан 14:6; тодотгол нэмсэн) мөн гэдгийг гэрчилж байна.