Лиахона
Би яахан гомдоллох билээ?
2026 оны 1-р сарын Лиахона


“Би яахан гомдоллох билээ?”, Лиахона, 2026 оны 1-р сар.

Итгэлийн хөрөг

Би яахан гомдоллох билээ?

Дүрвэгч гэр бүл бидний хувьд дөрвөн удаа нүүнэ гэдэг нь үнэхээр хүнд сорилт байлаа. Гэсэн хэдий ч Их Эзэн биднийг илүү сайн ирээдүй рүү хөтөлж байгаа гэдэгт бид бат итгэн, төмөр бариулаас зууран барьдаг.

зохиогч гэр бүлийнхэнтэйгээ хамт

2019 оны намар би 17 настай аутизмтай Хорхэ, 8 настай Аарон нарынхаа хамтаар Испанид ирсэн юм. Чемодандаа мөрөөдлөөс өөр юмгүй би Бурханаас зууран барьж, Түүнд бүрэн итгэж найдсан.

Нэгэн сайн самари хүн биднийг гэртээ угтан авч, бид тэднийд хоёр долоо хоног байрласан юм. Гэхдээ Хорхэг дассан орчноос нь салгах тийм ч амар байсангүй. Тэр маань сэтгэлзүйн байдлаасаа болоод хатуу дэг журам баримталдаг байв. Эхний хэдэн шөнө тэр хана цохиж байсан тул би бусдыг сэрээхгүйн тулд хурдхан шиг босож очоод, болиулдаг байлаа. Би түүний дэргэд өвдөг сөгдөн сууж, Исаиа 41:10-д “Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ” гэснийг санан залбирсан.

Испанид ирснээсээ хойш хоёр дахь долоо хоногийн амралтын өдрөөр бид ариун ёслолын цуглаан дуусах үеэр сүмд очиж билээ. Би Хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй хамт байсан нэг залуу эмэгтэй рүү дөхөж очоод, өөрийгөө Сүмийн гишүүн боловч энд таних хүнгүй гэдгээ хэлсэн юм. Тэр биднийг хэд хэдэн гишүүнтэй танилцуулав.

Маргааш нь Зарагоза хотын зөвлөл биднийг дүрвэгсдийн хувиар хүлээн авч, цахилгаан, усгүй байранд оруулсан юм. Бидний очсон тойргийн бишопын зөвлөл, Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгынхан хөнжил, халаах шаардлагагүй хоол хүнс, өвлийн хувцас, хэрэгтэй бусад зүйлийг бидэнд авчирч туслав.

Хүүхдүүд маань сургуульд явж, би сургалтад хамрагдаж эхэлсэн. Үд дунд хооллож дассан Хорхэгийн хувьд хооллох цаг асуудалтай байв. Тэр хэн ч хичээл зааж байсныг үл тоон, 12 цаг болоход хоолоо гаргаж ирээд иддэг гэж багш нь надад хэлсэн юм.

“Би ч гэсэн мацаг барина”

Дөрвөн удаа нүүсэн маань бидэнд үнэхээр хүнд сорилт болсон юм. Би хүчтэй байхын төлөө залбирдаг байсан ч олон удаа ганцаараа уйлж билээ. Хэдэн долоо хоногийн турш би шөнөдөө хоёр, гурван цаг л унтдаг байв. Хэдэн өдөр ажил хайсны эцэст би эдгэршгүй тархины хавдартай нэгэн эмэгтэйг асрах ажилд орж адислагдсан юм. Ажлынхаа ээлжийг дуусгаад би хүүхдүүдээ сургуулиас нь авч, хичээлд нь тусалчхаад, сургалтынхаа даалгаврыг хийдэг байв.

Би тэр сайхан залуу эмэгтэйг 48 насандаа хоёр жаахан хүүхдээ ардаа орхин одтол нь бүтэн жилийн турш асарч халамжилсан юм. Түүний нөхцөл байдал намайг “Би яахан гомдоллох билээ?” гэж өөрөөсөө асуухад хүргэж билээ. Түүнийг асран халамжилсан минь бидний хэрэгцээг хангаж, бодгалийг минь Тэнгэрлэг Эцэгт талархах талархлаар дүүргэсэн.

Бид гэртээ өдөр бүр судраас уншиж, залбирч, Хорхэг тайван байлгах дэг журам тогтоож чадсан. 2024 оны эхээр бид Испанийн Мадрид ариун сүм рүү явахаар бэлтгэж эхлэв. Би Тэнгэрлэг Эцэгт илүү ойртохын тулд бид гэр бүлээрээ мацаг барих хэрэгтэй гэдгээ мэдэрсэн юм. Аарон үүнийг зөвшөөрч, маргааш өглөө нь Хорхэ надад “Ээж ээ, өнөөдөр би ч гэсэн мацаг барина” гэв. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалант мөч байлаа.

Зохиогч гэр бүлтэйгээ ариун сүмийн өмнө байгаа нь

“Бид Испанийн Мадрид ариун сүмд орохоор бэлтгэж байхдаа Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойр байхын тулд гэр бүлээрээ мацаг барих хэрэгтэй гэдгийг би мэдэрсэн. Хорхэ надад ‘Ээж ээ, өнөөдөр би ч гэсэн мацаг барина’ гэв. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалант мөч байлаа” хэмээн Есмин өгүүлэв.

Хорхэ ариун сүмд орсноосоо хойш мэдэгдэхүйц сайжирсан юм. Тэр цагийн хуваарьтаа илүү уян хатан ханддаг болсон. Ням гарагт тэр ариун ёслолыг түгээхэд бэлэн байхын тулд бямба гарагт хувцсаа бэлддэг. Тэр бас хичээл сургуульдаа ихээхэн ахиц гаргасан.

Өнөөдөр бид хайртай Тэнгэрлэг Эцэгийн дэмжлэгээр өөрсдийгөө болгож байна. Есүс Христ биднийг үнснээс босгосон (Исаиа 61:3-ыг үзнэ үү). Бид аравны нэгээ төлснөөр асар их адислагдсан. Бид илүү сайхан ирээдүй рүү явж байгаа гэдэгтээ бат итгэн, төмөр бариулаас зууран барьдаг (1 Нифай 8:24, 30; 11:25; 15:23-ыг үзнэ үү).

Эх сурвалж

  1. “Гай зовлонгийн үед талархалтай байна гэдэг нь бид нөхцөл байдалдаа баяртай байна гэсэн үг биш. Энэ нь бид итгэлийн нүдээр өнөөдрийн бэрхшээлийн цаадахыг олж харна гэсэн утгатай. … Нөхцөл байдалдаа талархалтай байх нь Бурханд итгэлтэй байх үйлдэл юм” (Дийтр Ф.Угдорф, “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).