“Би амар амгалан мэдэрсэн”, Лиахона, 2026 оны 1-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Би амар амгалан мэдэрсэн
“Өвдөж байхад хажуугаар нь одоо би хэцүү дуулал тоглох нь дээ” гэж бодов.
Зураг чимэглэлийг Аллэн Гарнс
Би нэг долоо хоногт төгөлдөр хуурчаар үйлчлэх Сүмийн хоёр дуудлага хүлээн авсныхаа дараа гэр орон, ажил, сургууль гэх зэрэг ажил үүргээ гүйцэтгэх цаг хэрхэн гаргах талаар санаа зовж эхэлсэн юм. Миний зүрх сэтгэлийн хамгийн агуу хүсэл бол Их Эзэнд үйлчилж, Түүний Сүнсийг хүмүүст хүргэхийн зэрэгцээ авьяас чадвараа хөгжүүлэх явдал байв. Гэсэн хэдий ч би шинэ дуудлагадаа хүссэнээрээ өөрийгөө бүрэн дайчлах боломжгүй байгаадаа сэтгэл гонсойж байлаа.
Дараагийн долоо хоногт нь миний ажилладаг компанид хийх ажил их байв. Би ихэвчлэн бичиж, шивэх ажил хийдэг тул гар, бугуй маань өвдөж эхэлсэн. Өвдөлт намдахгүй бол төгөлдөр хуур тоглож чадах эсэхтээ санаа зовж байлаа.
Ням гарагт ариун ёслолын танхимын төгөлдөр хуур дээр удиртгал хөгжим тоглоход гарын булчин дахин өвдөж эхлэв. Би тэр даруй үргэлжлүүлэн тоглох хүч чадлын төлөө дотроо залбирав.
Ариун ёслолын үеэр дараагийн төлөвлөсөн дуулал миний тоглоогүй удсан дуулал байсныг мэдсэн юм. “Өвдөж байхад хажуугаар нь одоо би хэцүү дуулал тоглох нь дээ” гэж бодов. Яг тэр үед надад төрсөн мэдрэмжийг илэрхийлсэн дараах үгсийг би уншиж билээ:
Би үүнийг уншаад, амар амгалан мэдэрсэн. Аврагч миний өвчин зовлонг мэддэгийг би мэдсэн юм. Яагаад гэвэл Тэрээр тэдгээрийг тэвчсэн билээ (Алма 7:11–12-ыг үзнэ үү). Би энэ мөчийг ганцаараа туулах хэрэггүй. Их Эзэний Сүнсийг мэдэрнэ гэж бодоогүй ч мэдэрсэн шүү.
Тоглож эхлэхэд би ямар ч өвдөлт мэдрээгүй бөгөөд хуруунууд минь танил нотуудыг тоглож билээ. Миний үйлчлэл намайг эдгээж, Тэнгэрлэг Эцэгт илүү ойртох замыг нээснийг би ойлгосон.
Төгөлдөр хуур тоглосон талаараа тунгаан бодохдоо би ганцаараа тоглоогүйгээ ухааран ойлгосон юм. Есүс Христийн хүч, ач ивээл намайг ивээсэн бөгөөд энэ нь Түүнд үйлчилснээр олж авсан сүнслэг туршлага байсан. Хэрэв бид Өөрт нь үйлчлэх хүсэлтэй байвал Тэр биднийг дэмжиж, хүч чадлыг өгөхөд үргэлж бэлэн байдгийг би мэднэ.