“Наманчлал нь зөвхөн нүглийг давж гарах тухай биш юм,” Лиахона, 2026 оны 1-р сар.
Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээнээс
Наманчлал нь зөвхөн нүглийг давж гарах тухай биш юм
Хандлагаа өөрчилж, үзэл бодлоо Түүнийхтэй нийцүүлэх замаар Христэд хандах нь наманчлалын бас нэгэн хэлбэр юм.
Зураг чимэглэлийг Нэйт Уайлд
Номлолд үйлчилж байхдаа би хамгийн сайн найзынхаа хуримд очиж чадаагүй юм.
Тэр өдөржингөө миний бодлоос найз минь гарсангүй. Бид коллежийн нэг өрөөнд хамт амьдарч байхдаа танилцсан ба удалгүй эгч дүүс шиг дотно болсон. Тэнгэрлэг Эцэг намайг түүнтэй уулзуулахаар хөтөлсөн гэдгийг би мэдэж байлаа.
Харин одоо найзынхаа амьдралынхаа хамгийн чухал нэгэн мөчийг тэмдэглэхэд би дэргэд нь байж чадсангүй. Би уурлан бухимдаж байлаа.
Санаанд оромгүй сорилтууд
Номлолын өмнө миний амьдрал төгс биш ч сайхан байсан. Би коллежид явахдаа дуртай байсан бөгөөд хамгийн сайхан найз нөхөдтэй болсон байлаа. Би их жаргалтай байв.
Номлолд үйлчлэх хэцүү гэдгийг би мэдэж байсан ч номлолд үйлчлэх нь амьдралын минь хамгийн сайхан 18 сар байх бөгөөд тийм ч их бэрхшээл тохиохгүй гэж бодож байлаа.
Гэвч үйлчилж эхлээд зургаан сарын дараа болсон найзын маань хурим миний төсөөлж байгаагүй хэцүү зүйлсийн жагсаалтад нэмэгдэв. Гадаад оронд очоод, шинэ хэл сурах нь ганцаардахад хүргэж, сэтгэлийн зовлон болж байлаа. Номлогчийн амьдралын нэгэн хэсэг болох хүмүүсээс ирдэг татгалзсан хариу сэтгэл санааны хувьд хүнд тусаж байв. Үнэндээ, би ердөө л гэртээ харимаар байсан.
Би ядран, цөхөрч, надад үнэхээр хэрэгтэй байсан тэр найдвар, аз жаргалыг Бурхан өгөхгүй байгаа мэт санагдаж байлаа. Бусад бүх оролдлогоо хийж дууссаны дараа л би судруудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэх болно гэсэн патриархын адислалын амлалтаа санасан юм.
Шинэ харах өнцөг
Би судруудыг судалж байхдаа Евагийн түүхийг өөрийн мэт ойлгож буйгаа мэдсэн юм. Тэрээр диваажингаас харанхуй, дүнсгэр аглаг буйд руу хөөгдсөн байлаа. Надад яг тийн хөөгдсөн мэт санагдаж байв. Надад тохиолдсон шиг Ева нэгэн сонголтыг хийсний учир тухайн өөрчлөлт болсон байлаа. Үйлчлэх сонголтдоо харамсаж эхэлсэн над шиг тэр ч мөн тийм сонголт хийсэндээ харамсаж байсан болов уу гэж би бодов.
Гэхдээ Евагийн харах өнцөг минийхээс хавьгүй илүү ухаалаг байсан. Тэр үндсэндээ бүх зүйлээ алдсан ч Аврагч түүнд байгааг мэдээд, “баярлан: Хэрэв бидний зөрчил байгаагүйсэн бол … сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, … бид хэзээ ч мэдэхгүй байх байсан хэмээ[жээ]” (Moсе 5:11).
Тэрээр сонголтдоо харамсаагүй. Харин талархаж байсан! Хэдийгээр тэрээр Адамтай хамт диваажингаас хөөгдсөн ч гэтэлгэгдэх баяр баясгалан нь алдсан зүйлийнх нь зовлонгоос илүү амттай байлаа. Чухамдаа, гэтэлгэл түүнд гэтэлгэгдэх шаардлагагүй байснаас илүү их баяр баясгаланг авчирсан мэт байв.
Хэрхэн ийм байж болох вэ?
Наманчлалын амт
Наманчлал бол зөвхөн амьдралаасаа нүгэл, муу зан чанарыг зайлуулахын төлөө байдаг гэж бид боддог байж болох юм. Ийм зайлуулах үйл явц нь хэцүү, заримдаа зовуурьтай байдаг тул энэ үгэнд сөрөг ойлголтыг хавсаргачхаад байдаг.
Гэхдээ наманчлал нь дан ганц арай бага нүгэлтэй болох төдий зүйл биш юм. Энэ нь мөн Христтэй илүү адил болох тухай юм.
Хандлагаа өөрчилж, үзэл бодлоо Түүнийхтэй нийцүүлэх замаар Түүнд хандах нь наманчлалын бас нэгэн хэлбэр юм.
Уур уцаар, ганцаардлаас болж миний харах өнцөг хязгаарлагдсан болохыг би ухаарсан. Би алдсан зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлснээсээ болж Аврагчтайгаа илүү ойр дотно харилцаатай болсноо олж хараагүй байлаа.
Ийм муу хандлагатай байгаадаа наманчлах хэрэгтэйгээ би ухааран ойлгосон. Үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдсан ч би Гэтэлгэгчээсээ тусламж гуйж, “энэ амьдралд би баяр хөөртэй байх болно” (Moсе 5:10) гэсэн баталгааг мэдэрсэн юм.
Найзынхаа хуримд очиж чадаагүйдээ би одоо ч харамсдаг ч Их Эзэн залбирлуудад маань хариулсан. Би найзынхаа өмнөөс маш их баярлаж байсан ба Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхэд бүрийг үнэхээр харж, хайрладаг гэдэг гэрчлэлээсээ асар их баяр баясгаланг олсон юм. Би алдсанаасаа илүү ихийг олж авсан.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Кристин М.Еий эгч: “Наманчлах нь бидэнд Бурханы хайрыг мэдэрч, өөр ямар ч арга замаар мэдэж чадахгүй тийм арга замаар Түүнийг мэддэг болж, хайрлах боломжийг олгодог” хэмээн заасан.
Наманчилсан учраас би Христэд ойртохын хэрээр Тэрээр “[миний] зэлүүд талыг Еден шиг, [миний] цөлийг Их Эзэний цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм” (Исаиа 51:3) гэдгийг одоо мэднэ.
Номлолоосоо бууж, гэртээ ирэхэд намайг диваажин хүлээн авсангүй. Номлолын дараах амьдрал миний хувьд хагалж боловсруулах атар газар юм. Энэ нь амаргүй бөгөөд заримдаа би номлолын өмнөх амьдралаа санагалздаг.
Гэхдээ Христийн ачаар гэтэлгэлийн тухай мэдлэгтэй болсон миний баяр баясгалан улам гүнзгийрэх болно гэдгийг би мэднэ.