Лиахона
Аврагчийн хувьд алдагдаагүй
2026 оны 1-р сарын Лиахона


“Аврагчийн хувьд алдагдаагүй,” Лиахона, 2026 оны 1-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Аврагчийн хувьд алдагдаагүй

Ариун сүмд орсноор хүлээн авсан тайтгарлын адислалдаа би талархдаг.

Хурга тэвэрсэн Есүс Христийг дүрсэлсэн уран зургийг харж буй эмэгтэй

Аллэн Гарнсын уран зураг, Дэл Парсоны Алдагдсан хурга зургийг зөвшөөрөл авч зурав

Саяхан гэр бүлийн нэг гишүүн маань нөхөр болон бага насны хүүхдүүдтэйгээ хамт Сүмийг орхихоор шийдсэн юм. Энэ мэдээг сонсоод манай гэр бүлийнхний зүрх шимшрэв. Дараагийн хэдэн долоо хоногийн турш бид шинэ хэвийн байдалд дасах гэж хичээж байлаа.

Тэдний шийдвэрийг сонссоны дараах өдрүүд зовлон шаналал, нулимс, Тэнгэрлэг Эцэгтээ хандсан зүрх сэтгэлийн залбирлаар дүүрсэн. Долоо хоног бүр ариун сүмд шүтэн бишир гэсэн нэгэн хариултыг би залбирлынхаа хариуд шууд хүлээж авав. Сурахынхаа хажуугаар ажилладаг эхнэр, эх хүний хувьд энэ хариулт надад амаргүй санагдсан ч би сүнслэг өдөөлтийг чадлынхаа хэрээр дуулгавартай дагахаар шийдсэн юм.

Нэгэн орой ажил дээрээ нэлээд хүндхэн ээлжид гарсны дараа надад тэр оройдоо шууд ариун сүм рүү явах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрлөө. Би хүүгээсээ анхдагч ёслолд хамт явахыг хүсэв.

Бид ариун сүмд ирээд, ёслолуудад тус тусдаа орцгоов. Хэдэн эгчийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ажлыг гүйцэтгэхдээ тэдэнд амлагдсан адислалуудыг сонсоод сэтгэл санаа минь тавгүйтэх нь тэр. Би Сүмээс холдсон гэр бүлийн гишүүдээ бодохгүй байж чадсангүй.

Ёслол дуусмагц би хувцсаа өмсөөд, хүлээлгийн өрөө рүү очиж суулаа. Гэвч удалгүй эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнөөс гарч ирэх хүүгээ харахын тулд суудлаа солих хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрөв.

Суудлаа сольсон ч суусан газар болгон нэг л биш санагдаж, эцэст нь ариун сүмийн орох хаалганы дэргэдэх хана руу харсан буйдан дээр суулаа. Би шаналсан сэтгэлээ тайвшруулахаар судрыг дөнгөж авмагцаа хана руу хальт харав.

Бяцхан хурга гартаа барин зогсох Аврагчийн бараг л хүний бодит хэмжээтэй зургийг харах нь тэр. Гэнэт Сүнс надад хайртай гэр бүлийн гишүүд маань миний хувьд алдагдсан мэт боловч Аврагчийн хувьд алдагдаагүй гэдгийг сануулсан юм.

“Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу?

Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэнэ” (Лук 15:4–5).

Бид холдсон тэднийг үргэлжлүүлэн хайрлаж, тэдний төлөө залбирдаг. Уйтгар гуниг намайг нөмрөх үед би энэхүү туршлагаа санан, алдагдсан хүмүүс хэзээ нэгэн өдөр хайраар дүүрэн Аврагчийн тусламжтайгаар эргэж ирэх замаа олно гэдэгт найддаг.