“Хаа дуудсан ч би явах болно,” Лиахона, 2026 оны 1-р сар
Газар бүрийн гэгээнтнүүд
Хаа дуудсан ч би явах болно
Тэрээр гэр орноо орхин, сэргээгдсэн сайн мэдээг номлохоор далайг гаталж, гэрээндээ үнэнч байсаар 26 насандаа өөд болжээ.
Эмма Пурсэлл (эхний эгнээнд) болон Самоа номлолын бусад номлогч, 1902 оны 10-р сар
1901 оны 5-р сарын 5-нд 17 настай Эмма Пурсэлл Самоад үйлчлэх номлолын дуудлага хүлээн авав. Тэрээр ерөнхийлөгч Лорэнзо Снөүд бичсэн захидалдаа “Миний хичээл зүтгэл бүр Их Эзэний ажлыг урагшлуулахад зориулагдах болно гэдгийг би батлан хэлж байна” гээд цааш нь: “Би хэзээ ч, хаана ч боломж олдох бүрийд сайн мэдээний зарчмуудыг үргэлж баяртайяа хамгаална” гэж амлажээ.
Номлолд үйлчлэхээр бэлтгэж байхдаа Эммад өөрийг нь юу хүлээж байгаа талаар төсөөлөл ч байсангүй. Тэр бусад номлогчдоосоо өвөрмөц нэгэн байсан. Сүм дөнгөж гурван жилийн өмнөөс ганц бие эмэгтэйчүүдийг бүрэн цагийн номлогчоор дуудаж эхлээд байв. Тухайн үед тэр номлолд дуудагдсан хамгийн залуу номлогч байлаа.
Мөн тэрээр бүрэн цагийн номлолд үйлчлэх болсон анхны самоа эмэгтэй байсан юм. Хэдийгээр тэр Солт Лэйк Ситид амьдардаг байсан ч Самоагийн Уполу арлын зүүн үзүүрт орших Малаэла тосгонд төржээ. 12 настайдаа тэр гэр орон, гэр бүлээ орхин, 8047 км-ийн зайд орших Юта руу сургуульд сурахаар явсан.
Таван жилийн дараа Самоа руу буцах болсон нь Эммагийн хувьд сэтгэл догдлуулам бас түгшмээр байсан нь гарцаагүй. Тэр өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн тулд Солт Лэйкийн ариун сүмд хишгээ хүртжээ. Өнөөгийн номлогчдын адил тэр Бурхантай ариун нандин гэрээнүүд байгуулж, итгэлтэй байдлаараа дамжуулан адислагдана гэсэн амлалтыг хүлээн авсан юм.
Мөн түүний түүхээс Их Эзэнд үйлчлэхдээ тэдгээр гэрээгээ сахихын тулд чадах бүхнээ хийснийг харж болно.
Уполугаас Юта руу явж, буцаж ирсэн нь
Эмма 1883 оны 6-р сарын 26-нд Вилиаму, Матафуа Пурсэлл хоёрын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний гэр бүл Малаэла болон үүний ойролцоо амьдардаг цөөхөн евронез (хагас европ, хагас полинез) гэр бүлийн нэг байв. Ээж нь Уполугийн баруун хойд зүгт орших Саваи арлаас гаралтай аж. Түүний аав 1834 оны үед Самоад ирж, самоа эмэгтэйтэй гэрлэж, Малаэлад суурьшсан англи хүний хүү байжээ.
Өөрсдийн охин мэт үзэж ханддаг байсан хожмын үеийн гэгээнтэн хос Жон, Нанави Розэнквист хоёртой хамт амьдарч байхдаа Эмма сэргээгдсэн сайн мэдээний тухай анх олж мэдсэн байж мэдэх юм. 1895 оны 11-р сарын 3-нд тэрээр 12 настайдаа баптисм хүртжээ. Уг ёслолд оролцсон нэгэн номлогч баптисмын үед сүнсийг хүчтэй мэдэрснээ гэрчилсэн байдаг.
Хэдэн сарын дараа Самоагийн номлолын ерөнхийлөгч Жон В.Бэк Эмма болон бусад самоа хүүхдүүдийг сургуульд сургахаар Юта руу явуулах зөвшөөрлийг Тэргүүн зөвлөлөөс хүлээн авчээ. Эмма ерөнхийлөгч Бэк болон бусад номлогчийн хамт Уполугийн төв боомт Апиагаас 1896 оны 4-р сарын 23-нд хөдлөв. Төрсөн эцэг, эх нь түүнийг явахыг зөвшөөрсөн ч нулимс дуслуулан үдэн гаргажээ.
Эмма уурын усан онгоцоор болон төмөр замаар зорчиж, Солт Лэйк Ситид хүрэх гэж бараг гурван долоо хоног зарцуулав. Энэ хот Уполу дахь тосгоноос нь хавьгүй том, гудамжнууд нь хөл хөдөлгөөн ихтэй, дасал болоогүй дуу чимээ ихтэй байсан болохоор тэрээр цочирдсон нь гарцаагүй. Тэр үед Ютад полинез оршин суугчид харьцангуй цөөхөн байдаг байжээ. Ихэнхдээ тэр өөртэй нь адил төрхтэй хэн нэгнийг бараг олж хардаггүй байв.
Эмма Ютад Солт Лэйк Ситигийн 13-р тойрогт амьдарч, Сүмийн эзэмшдэг сургуульд сайн боловсрол эзэмшиж, Самоа номлолоос буцаж ирсэн номлогчидтой холбоотой байдаг байлаа. Бишоп нь түүний чадавхыг бүр эртнээс олж хараад эх орондоо номлолд үйлчлэхээр бэлтгэхийг зөвлөжээ.
Эмма түүний үгийг чин сэтгэлээсээ хүлээн авч, 1901 оны эхээр дуудлага нь ирэхэд тэр бэлэн болсон байв.
Малаэлад үйлчилсэн нь
1901 оны 7-р сарын 25-нд Уполуд буцаж ирэхдээ Эмма боомтын зогсоол дээр хүлээж байгаа аавыгаа хараад баярлажээ. Гэрээсээ яваад Эмма самоа хэлээр чөлөөтэй ярьж чадахаа больсон байв. Харин нэгэн цуглаан дээр түүнээс хаалтын залбирал хэлэхийг хүсэхэд Сүнс түүнд сүнслэгээр нөлөөлж, тэр төрөлх хэлээрээ залбирчээ.
Эмма өөрийн төрсөн нутаг Малаэлад үйлчлэхээр томилогдсон ба Сүм тэнд 1896 оноос хойш сургууль ажиллуулж байв. Эмма эмэгтэй суралцагчдад заах ажлыг хариуцах болжээ. Тэр бас Малаэла салбарын Залуу эмэгтэйчүүдийн хамтын хөгжлийн холбоо буюу одоогийн Залуу эмэгтэйчүүдийн ангийг удирдаж байв. Тэр ням гарагт бас долоо хоногийн турш бусад номлогчтой мөр зэрэгцэн номлож, заадаг байлаа.
Эхэндээ арал дээрх Эммагийн гэр бүлийн зарим гишүүн түүний ажлыг эсэргүүцэж, Сүмийг орхихыг ятгадаг байж. Номлолын ерөнхийлөгч Виллиам Г.Сийрсийн хэлснээр, Эмма эсэргүүцлийг үл хайхран “сонголтоо хамгаалж,” гэрээгээ сахихаар эргэлт буцалтгүй шийдсэн байв.
Бас тэр бусад номлогчтой хэрхэн харьцахаа мэддэг байв. Нэг удаа өглөөний цайны үеэр хоёр ахлагч наргиан болгож түүний уух гэж байсан наргил модны самрын шүүсийг усаар сольжээ. Энэ тоглоом шоглоом Эммагийн “урмыг хугалсан” ч тэрээр элсэн чихрийн оронд давсаар бүрсэн наргил модны самраар ахлагчдыг дайлж хариу барьсан гэдэг.
Иймэрхүү тоглоом шоглоомыг эс тооцвол, номлогчид “Пурсэлл эгчийг” ихэд хүндэлдэг байв. Нэгэн номлогч түүнийг “үүргийнхээ ба дуудлагынхаа сүнсээр дүүрэн” байгааг анзаарчээ. Өөр нэг ахлагч түүний сайхан сэтгэлд талархаж захидал бичсэн байдаг. Эмма нэг удаа замын хажууд хэдэн гадил үлдээж явсны ачаар уг ахлагч хамтрагчтайгаа хамт тэдгээрийг идэн замдаа өлсөөгүй аж.
Тэрээр санваарын эрх мэдэл, Мормоны Ном, сайн мэдээний бусад сэдвээр номлож байсныг баримтууд харуулдаг. Иосеф Смитийн амьдрал, номлолын талаар Эммагийн заахыг сонссон нэгэн номлогч “Түүний хэлсэн үгс надад үнэхээр таалагдсан бөгөөд ярьж дуусахад нь би харамссан” гэж бичжээ.
Харамсалтай нь Эмма номлолынхоо төгсгөлд зааны хөл өвчнөөр өвчилж, хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн байна. Сургуулийн эмэгтэйчүүд, охид түүнийг Юта руу буцаж байгааг дуулаад уйлцгаасан гэдэг. Малаэла салбар сургаалыг сүүлийн удаа номлох боломжийг түүнд олгож үдэлтийн цуглаан зохион байгуулжээ. Тэрээр “итгэл төгс ярьж, сайн мэдээнд үнэнч байхыг бүгдэд ухуулсан” нь цуглааны тэмдэглэлд үлдсэн байдаг.
Үнэнч үйлчлэлийн өв
Эмма амьдралынхаа үлдсэн хугацаанд сайн мэдээнд болон гэрээнүүддээ үнэнч хэвээр үлдсэн юм. Ютад буцаж очоод тэрээр үргэлжлүүлэн боловсрол эзэмшиж, муж дахь Полинезийн нийгэмлэгийн ажилд оролцож, самоа хэл дээрх анхны хожмын үеийн гэгээнтнүүдийн дууллыг гаргахад зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэр бас Хэнри Кахалэману гэдэг хавай гаралтай гэгээнтэнтэй танилцан, түүнтэй 1907 оны 1-р сарын 31-нд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн байна.
Гурван жилийн дараа Эмма 26 насандаа өөд болсон ба түүнийг Солт Лэйк Ситигээс баруун тийш 97 км зайд орших полинез гэгээнтнүүдийн суурин Иосэпад оршуулжээ. Түүний амьдрал богинохон байсан ч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд үнэнч байсан нь дэлхий даяарх гэгээнтнүүдэд, ялангуяа өнөөдөр ч үйлчлэх дуудлагад хариулж байгаа залуу эмэгтэйчүүдэд хүчирхэг үлгэр жишээ болон үлдсэн юм.