Лиахона
Их Эзэн намайг хөтөлнө
2026 оны 1-р сарын Лиахона


“Их Эзэн намайг хөтөлнө”, Лиахона, 2026 оны 1-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Их Эзэн намайг хөтөлнө

Итгэл, дуулгавартай байдал, тэвчээр, залбирлаар дамжуулан би ирээдүйнхээ төлөө айх хэрэггүйг мэдэж авсан.

Зохиогчийг зурсан зураг

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би дуу дуулж, дуу хөгжим дунд өссөн. Хүүхэд байхдаа би мэргэжлийн дуучин болохыг мөрөөддөг байлаа. Би хэд хэдэн дууны тэмцээнд түрүүлж байсан ч амьдралд маань бусдын сайшаал, үнэлэмжээс цаадах Бурханы надад зориулсан зорилгын талаар бодоход хов хоосон мэдрэмж төрж байсан цаг үе надад байсан.

Есүс Христийн сайн мэдээ амьдралд минь илүү их байр суурь эзэлдэг байсан нь тодорхой бус цаг үед итгэлтэй байхад минь надад тусалсан. Мөн энэ нь Тэнгэрлэг Эцэг намайг Өөрт нь ойртож, Өөрийг нь алдаршуулахад өгсөн авьяасыг нь ашиглаасай хэмээн хүсдэгийг ойлгоход надад тусалсан.

Хэдийгээр би мөрөөдлөө орхисон ч дуулж, хөгжмийн чиглэлээр үргэлжлүүлэн сурах ёстой гэсэн мэдрэмж надад төрсөн юм.

Би 25-тайдаа архитектораар төгсөн, дараа нь БЯИС-ийн Pathway Worldwide, Айдахо дахь Бригам Янгийн Их сургуульд суралцсан маань англиар ярих чадвараа дээшлүүлэхэд минь тусалсан.

Тэгтэл гайхмаар онцгой зүйл надад тохиолдсон юм.

Би Табернеклын найрал дууны дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчдын хөтөлбөрт хөгжмийн номлогчоор үйлчлэх урилгыг хүлээн авав. Хэдий мэдээгүй байсан ч хэдэн жилийн турш хийсэн бүх зүйл минь намайг энэ мөчид бэлтгэхэд тусалсан байлаа. Энэ урилга миний залбирал, хүслийн хариу байсан юм. Тэнгэрлэг Эцэг төгсгөлийг эхнээс нь эхлэн мэддэг бөгөөд надад 2024 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр Ариун сүмийн талбай дахь Табернеклын найрал дуучидтай хамт дуулах боломжийг олгосон.

Энэ туршлагын ачаар би Ариун Сүнсээр хөтлүүлэн, тэвчээртэй байж, хэдийгээр ойлгохгүй байж болох ч Бурханд бидэнд зориулсан зорилго байдагт итгэхийн хүчний талаар гэрчилж чаддаг болсон билээ. Бидэнд амласанчлан “Ирээдүйн хийх ёстой зүйлс тодорхой биш байж болох ч Бурхан биднийг очих ёстой газарт маань аюулгүй удирдаж хүргэх учир бид аялал маань сайхан хийгээд ялгууснаар төгсөх болно хэмээн Аврагчийг итгэлтэйгээр дагаж чадна”.

Урдах замаа эрж хайж буй хүмүүст хандаж хэлэхэд, Их Эзэн төсөөлж чадахаас тань илүү агуу зүйлийг та нарт зориулан бэлдсэн гэдгийг мэдээрэй. Хэрэв бид Түүнийг дагавал Түүний бидэнд зориулан бэлдсэн зүйлсийг хүлээн авах болно. Явах зам тань тодорхой бус, амьдрал хүнд хэцүү байж болох ч Их Эзэн хүүхдүүддээ зориулан гайхамшгуудыг үйлдсээр байна.

Их Эзэн намайг итгэл, дуулгавартай байдал, тэвчээр, залбирлаар дамжуулан хөтлөн удирдана гэдгийг би мэдэж авсан.