Христийг болон гэрээнүүдийг эрэлхийлэх нь: Хуучин Гэрээг уншихдаа ашиглаж болох Нифайн түлхүүрүүд
Судар судлахад тусалж болох зарим ойлголтыг Нифай хуваалцсан байдаг.
Христийн дүр төрх, Хайнрих Хофманн, C. Harrison Conroy Co., Inc компанийн зөвшөөрлөөр нийтлэв
Би Хуучин Гэрээг унших дуртай. Олон жилийн явцад баяр баясгаланг авчирч, ойлголтыг өсгөн нэмэгдүүлэх Христ ба гэрээнүүд гэсэн хоёр түлхүүрийг Хуучин Гэрээнээс хайж олох ёстойг олж мэдсэн.
Энэ жил Хуучин Гэрээг судлах явцдаа Христийг болон гэрээнүүдийг олж унших зарим аргыг доор өгүүлэв.
Христийг эрэлхийлэх
Гуулин ялтаснуудаас судруудыг уншсан Нифай ийн хэлжээ. “Болгоогтун, Христийн ирэлтийн үнэнийг өөрийн ард түмэнд нотлохдоо бодгаль минь баяснам; учир нь энэ зорилгын тулд Мосегийн хууль өгөгдсөн болой; мөн энэ дэлхийн эхлэлээс Бурханаас хүмүүнд өгөгдсөн тэдгээр бүх зүйл түүнийг бэлгэдэх ажгуу” (2 Нифай 11:4).
Бид Хуучин Гэрээнээс Есүс Христийг олон арга замаар олж болно.
Мосе ба хүрэл могой, Жүдит А.Мээр; Загалмай дээрх Христ, Карл Хайнрих Блок
Хуучин Гэрээний Бурхан
Бид орчин үеийн илчлэлээр дамжуулан Есүс Христ бол Хуучин Гэрээний Бурхан гэдгийг мэддэг учраас (Сургаал ба Гэрээнүүд 110:3–4-ийг үзнэ үү) Түүний хүчийг Бүтээлтээс мөн хэрхэн Бурхантай адил болохыг Синай уулан дээрх хууль тогтоогчийн хувьд израилчуудад зааж буй явдлаас харах боломжтой байдаг. Бид Египетийн боолчлолоос гэтэлгэгдсэн түүхээс Түүний ач ивээлийн талаар, аглаг буйдад Өөрийн хүмүүсийг халамжлан, амлагдсан нутаг тийш хүргэсэн түүхээс Түүний хайрын талаар, Израилыг нүглээ наманчлах үед нь бошиглогчдыг илгээж, өршөөл үзүүлсэн түүхээс Тэрээр тэдэнд үргэлжлүүлэн санаа тавьж байсан талаар суралцдаг.
Есүс Христийн дүрслэлүүд
Хуучин Гэрээний түүхүүдэд Есүс Христийг олон янзаар дүрсэлсэн (эсвэл төлөөлсөн) байдаг ба тэдгээрийн ихэнх нь Шинэ Гэрээ болон Мормоны Номд цэдэглэгдсэнчлэн ирээдүйд ирэхийг нь зөгнөсөн байдаг. Абрахам, Исаак хоёрын түүх Бурхан Эцэг Өөрийн Хүү Есүс Христийг золиослохыг зөгнөдөг. Иосеф ах нараа бие махбодын өлсгөлөнгөөс аварсан бол Есүс Христ биднийг сүнслэг өлсгөлөнгөөс авардаг. Мосе өөрийн ард түмнийг боолчлолоос чөлөөлсөн бол Есүс биднийг нүглээс чөлөөлдөг. Их Эзэн цөл дэх хүрэл могойн түүхээр дамжуулан Израилын хүүхдүүдэд Өөрт нь итгэх итгэлийн болон Цагаатгалын хүчний талаар заасан. Елиа, Елиша хоёр өвчтэйг эдгээж, нас барагсдыг үхлээс босгохдоо Аврагчийн жишээг үлгэрлэн үзүүлсэн юм.
Абрахам, Исаак хоёр, Харолд Коппинг, © Look and Learn/Bridgeman-ийн зураг
Шинэ Гэрээний Аврагчийн талаарх ойлголт
Хуучин Гэрээний түүхүүдэд болон Мосегийн хуульд Есүс Христ бэлгэдэл байдлаар гардаг. Дээгүүр өнгөрөх баярын болон Мосегийн хууль дахь золиосны түүх Христ рүү чиглэсэн байдаг. Хуучин Гэрээний бошиглогчид Есүсийн үйл хэргийг зөгнөн өвчтэйг эдгээж, нас барагсдыг амилуулж байв. Их Эзэн бошиглогч Иеремиагаар дамжуулан бидэнд нэгэн “шинэ гэрээ”-г (Иеремиа 31:31; мөн 32-р шүлгийг үзнэ үү) амласан.
Шинэ Гэрээнд Есүс хуулийг болон Хуучин Гэрээн дэх бошиглогчдын зөгнөлийг гүйцэлдүүлэхээр ирсэн. Тэрээр Уулан дээрх номлолоороо шинэ гэрээг өгч, Дээгүүр өнгөрөх баярын Сүүлчийн зоог дээр гэрээний бэлгэ тэмдгүүдийг танилцуулсан юм. Есүс өвчтэйг эдгээж, нас барагсдыг амилуулахдаа бидэнд бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ үйлчлэхийг заасан. Тэр Цагаатгалаараа дамжуулан биднийг нүгэл, үхлээс гэтэлгэж, дэлхий дээр Өөрийн Сүмийг байгуулсан. Бид Есүсийг Хуучин Гэрээний Бурхан хэмээн таньж мэдсэнээр Шинэ Гэрээн дэх Түүнийг илүү сайн ойлгож чадна.
Гэрээнүүдийг эрэлхийлэх
Нифай түүнчлэн судруудаас гэрээнүүдийг хайхыг бидэнд заасан. “Мөн түүнчлэн бидний өвөг дээдэстэй Их Эзэний хийсэн түүний гэрээнүүдэд бодгаль минь баяснам” (2 Нифай 11:5).
Мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэрээнүүдийн ач холбогдлыг онцолсон юм. Тэрээр “Гэрээгээ сахигч хэмээгдэх нь бидний энэхүү амьдралдаа хүлээн авах хамгийн агуу сайшаал юм. Гэрээгээ сахигч нь шагналаа энэ болон ирэх амьдралд хүлээн авдаг” гэж хэлжээ.
Ямар гайхалтай амлалт вэ! Бид баптисм хүртэж, ариун сүмийн гэрээнүүдийг байгуулсныхаа дараа ч эдгээр амлалт бидний өдөр тутмын амьдралыг хэрхэн сайжруулж, чухал нөлөө үзүүлж болохыг ухааран ойлгохгүй байж болно. Харин Хуучин Гэрээ бидэнд “гэрээт хүмүүс” гэдэг нь үнэхээр юу гэсэн утгатайг мөн үүнтэй хамт ирдэг адислал, үүрэг хариуцлагуудыг хэрхэн илүү сайн ойлгох талаар сануулдаг.
Хуучин Гэрээнд дурдагддаг гол гэрээ бол Абрахамын гэрээ юм. Бид энэ гэрээнээс Есүс Христийн сайн мэдээний талаарх үнэнүүдийг олж болох бөгөөд энэ гэрээ авралыг өгөгч Есүс Христ рүү биднийг хөтөлдөг.
Хуучин Гэрээ бидэнд гэрээнүүдээ илүү сайн ойлгож, сахихад хэрхэн тусалдаг талаар доор өгүүлэв.
Абрахамын гэрээн дэх үүргээ ойлгох нь
Абрахамын гэрээ бол Абрахамд ар араас нь өгсөн амлалт, адислал бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ нь бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн “шинэ бөгөөд үүрдийн гэрээ” (Сургаал ба Гэрээнүүд 132:30–31-ийг үзнэ үү) дотор үргэлжлэх болно. Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.
“Их Эзэн Абрахамын гэрээг шинэчлэхийн тулд энэ хожмын үед үзэгдсэн. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд ийн тунхагласан.
‘Абрахам өөрийн үр удмын талаар мөн өөрийн хэвлийн үрсийн талаар амлалтуудыг хүлээн авчээ—чи, … миний үйлчлэгч Иосеф түүний хэвлийгээс гарсан …
Энэ амлалт тэрчлэн та нарынх билээ, учир нь та нар Абрахамынх’ [Сургаал ба Гэрээнүүд 132:30–31].”
Энэ гэрээгээр дамжуулан Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг зааж, хүүхдүүдийг нь Есүс Христэд авчрах зөв шударга нэгэн гэр бүлийг бүтээжээ. Хэрэв бид Христэд ирвэл Абрахамын гэр бүлийн нэг хэсэг болох талаар төлөөлөгч Паул бидэнд “Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн” (Галат 3:29-ийг; мөн 27-р шүлгийг үзнэ үү) гэж заасан. Абрахамын гэрээгээр дамжуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Израилын угсаанд орж, уг гэрээний адислалуудын өвлөгчид болдог.
Бид Хуучин Гэрээнд гардаг хүмүүсийн амьдралыг шинжлэн судалж, Их Эзэний зарлигуудаараа дамжуулан хүүхдүүддээ өгсөн амлалтуудыг судлан, Израилын хүүхдүүдийг наманчилж, гэрээнүүдээ дагахыг ятган гуйсан эртний бошиглогчдын үгийг сонссоноор энэхүү гэрээнд гүйцэтгэдэг өөрсдийн үүргийн талаар мэдэж авч чадна.
Гэрээнүүдээрээ дамжуулан амлагдсан адислалуудыг олж авах
Хуучин Гэрээг уншихдаа бид Абрахамын гэрээнд өгсөн амлалтуудаа Их Эзэн хэрхэн биелүүлж байгааг илтгэх тэмдгүүдийг олж харж болно. Хамгийн чухал гурван адислал бол Тэнгэрлэг Эцэгийн хаант улс дахь өвийг бэлгэддэг газар нутаг; мөнхийн өсөлт хөгжлийн амлалт болох үр удам; “авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд” (Aбрахам 2:11) болох сайн мэдээний болон санваарын адислалууд юм.
Үр удмаар нь дамжин “газар дэлхийн бүх овог ерөөгдөх болно” (Эхлэл 12:3) хэмээн Абрахамд амласан билээ. Энэ нь Есүс Христ Абрахамын удмаар дамжин дэлхийд ирж, Цагаатгал болон Амилалтаараа дамжуулан дэлхийн бүх үндэстнийг адислах болно гэсэн утгатай байв (Галат 3:16-г үзнэ үү).
Ж.Көрк Ричардсын Гетсемани зургийн хэсгээс авав. Хуулбарлахыг хориглоно.
Та Абрахамын гэрээний ачаар өнөөдөр ямар адислалыг амьдралдаа авсан бэ?
Израилыг цуглуулах эрхэм үүрэг
Адислалуудаас гадна Абрахамын гэрээний нэгэн хэсэг байхтай хамт тодорхой үүрэг хариуцлагууд ирдэг. Хуучин Гэрээг судалснаар бид гэрээнүүдийнхээ дагуу хэрхэн амьдрахыг сурдаг. Абрахамын гэр бүлийн нэгэн хэсэг болсноор Сүмийн гишүүд Израилыг цуглуулах дуудлагыг хүлээн авдаг. Бид номлогчийн ажил, тохинуулал, үйлчлэл зэргээр дамжуулан мөн ариун сүмийн ажилд оролцож, Сүмийн дуудлагаа хийж гүйцэтгэн, гэр бүлдээ зааж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, Христэд ойртон ирэхэд нь бусдад тусалснаар Израилыг цуглуулдаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар нэг алхам хийхдээ та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм” гэж заасан.
Хуучин Гэрээг хайрлаж сурах
Энэ жил та нар Ирээд, Намайг дага гарын авлагыг судлан Хуучин Гэрээг уншихдаа Нифайн жишээг даган “Христ ба гэрээнүүд” гэсэн хоёр сэдвийг эрж хайх замаар үүний сургаалуудыг хайрлаж сурна. Ингэснээр та нар Есүс Христ, Түүний Цагаатгал, сайн мэдээг илүү сайн ойлгож чадна. Түүнчлэн та нар “шинэ бөгөөд үүрдийн гэрээ”-ний талаар, Христийн шавь хийгээд Израилын угсааны гишүүний хувьд энэ гэрээнд гүйцэтгэх өөрийн үүргийн талаар илүү ихийг сурч мэдэх болно.
Хуучин Гэрээний түүх, сургаалууд бидэнд Аврагчтай харилцах харилцаагаа илүү гүнзгийрүүлж, өөрсдийн гэрээнүүдийг илүү сайн ойлгож, түүндээ илүү үнэнч байхад тусалж чадна.