“Сайн мэдээний дагуу амьдардаг шалтгаанаа санах,” Лиахона, 2025 оны 1-р сар.
Залуучуудад зориулав
Сайн мэдээний дагуу амьдардаг шалтгаанаа санах
“Яагаад” гэдгээ өөртөө сануулах нь намайг Аврагчид илүү ойртож, сүнслэг зорилгуудаа биелүүлэхэд урамшуулдаг.
Миний амьдрал заримдаа эмх замбараагүй юм шиг санагддаг ч би ариун ёслолын танхимд ороход мэдэрдэг тайван мэдрэмжид дуртай. Энэ бол сүмд явах дуртай миний нэг шалтгаан!
Тухайлбал: Ариун Сүнсийг мэдрэх гэх мэт сайн мэдээнээс дуртай зүйлээ санах үед би ариун сүмд орох, судруудаа унших, Тэнгэрлэг Эцэгтээ залбирах зэрэг сүнслэг дадлаа дагахад өдөөгддөг.
Амьдрал заримдаа маш завгүй өрнөдөг учраас хийх дуртай эдгээр энгийн зүйлийг мартах амархан. Гэвч Есүс Христийн сайн мэдээг хайрлаж, үүний дагуу амьдардаг шалтгаанаа байнга санах нь Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртох сүнслэг зорилгуудаа шинэчлэхэд надад тусалдаг.
Сүнслэг шинэ зорилго тавих
Жил бүрийн эхэнд би тухайн жилдээ ямар зорилго тавихаа бичиж, өмнө тавьсан сүнслэг зорилгуудаа үнэлж дүгнэдэг. Хэрэв та өөрийгөө үнэлж дүгнэн, шинэ ондоо Христтэй харилцах харилцаагаа хэрхэн сайжруулах талаараа бодож байгаа бол өөрөөсөө ингэж асуу.
“Яагаад би Есүс Христийн сургаалд хайртай вэ?”
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан Анн М.Дибб эгч: “Бид Тэнгэр дэх Эцэгийнхээ хайрыг болон Аврагчийн амласан амар амгаланг мэдрэх тусам Түүнд дуулгавартай байж, Түүнийг дагахад бэлэн гэдгээ харуулдаг ба бидний сайн мэдээг хайрлах хайр өсөн нэмэгддэг” хэмээн тайлбарлажээ.
Яагаад сайн мэдээнд дуртайгаа мэдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын та нарыг хайрлах хайрыг мэдэрч, танихад тусална. Ийм маягийн хандлага нь сүнслэг зорилгууд тавьж, түүндээ хүрэх гэж хичээхдээ илүү хүчтэй байхад танд туслах болно.
Есүс Христийн сайн мэдээг хайрлах, үүний дагуу амьдрах миний “яагаад” гэдэг шалтгаанууд дотор гэр бүлүүд үүрд хамт байж чадна гэсэн мэдлэг, зовнисон үедээ Тэнгэрлэг Эцэгт хандсан залбирлын дараа мэдрэх амар амгалан багтдаг.
Та нарын “яагаад” гэдэг шалтгаан юу ч байсан үүнээс зууран барь. Энэ нь танд Есүс Христийн илүү сайн шавь болоход хэрэгтэй сүнслэг инерцийг өгнө.
“Яагаад” гэсэн шалтгаанаа олж, үүний дагуу амьдрах
Би яагаад сайн мэдээний дагуу амьдарч байгаагаа ойлгосон учраас миний сүнслэг зорилгуудаа тавих арга барил өөрчлөгдсөн юм. Би хийж чадахгүй байгаа зүйлээ бодохоо больж, чадах зүйлдээ илүү их анхаардаг болсон. Би Аврагчид хайртай учраас сайн мэдээний дагуу амьдардгаа санасан.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Бурханы зарлигууд нь зүгээр л нэг сайхан санаануудын урт жагсаалт биш гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. … Тэдгээр нь мөнхийн үнэнд суурилсан бөгөөд ‘энэ дэлхийд амар амгаланг мөн ирэх дэлхийд мөнх амьдралыг’ авчрахаар өгөгдсөн бурханлаг зөвлөгөө юм [Сургаал ба Гэрээ 59:23]” хэмээн хэлсэн.
Сүнслэг зорилгуудаа хэрэгжүүлэх нь миний хэн болохыг буюу Тэнгэрлэг Эцэг, Эхийн тэнгэрлэг хүүхэд гэдгийг минь сануулдаг. Тэрхүү зарчим нь Есүс Христээр дамжуулан санаа зовнил, сул талуудтайгаа нүүр тулах зоригийг өгдөг (Ифер 12:27-г үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэн мөнхийн өсөлт хөгжлийн энэ шатанд биднээс төгс төгөлдөр болохыг шаарддаггүй. Гэхдээ Тэр биднээс урьд урьдынхаасаа илүү цэвэр ариун байхыг шаарддаг” хэмээн заажээ. Тиймээс би Есүс Христтэй ойр байж, яагаад Түүнийг дагахаар сонгосноо санахын тулд өдөр бүр бүх чадлаараа хичээдэг.