Бүх зүйл нэг номоос эхэлсэн
Би жаахан хүү байхдаа огтхон ч жаргалтай байгаагүй. Аавын минь сэтгэл их хямардаг байсан учраас түүнийг амиа хорлочих вий гэж би байнга айж явдаг байсан юм. Нэгэн хүйтэн шөнө хоёр америк залуу манай хаалгыг тогшсоноор бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Яагаад ч юм аав тэднийг гэртээ оруулсан. 14 настай хүү би, япон хэлээр өөрсдийгөө номлогчид хэмээн танилцуулсан тэр хоёр эрийн чухал яриа өрнүүлж байхыг хаалганы завсраар сониучирхан харж байснаа санадаг. Номлогчдыг явсны дараа аав надад нэг ном өгөөд, “Энэ бол тэдний библи. Чамд унших ном байхгүй бол үүнийг уншиж болно” гэж хэлсэн. Тэр нь Мормоны Ном байсан бөгөөд уг номыг бүрэн ойлгоогүй ч нэгэн онцгой зүйл мэдэрсэн тул би хадгалахаар шийдэж билээ.
Мормоны Номыг уншсанаас хойш гурван жилийн дараа би нэрийн тэмдэг зүүсэн хоёр номлогчтой таарсан. Гэнэт гурван жилийн өмнө уншсан номоо санаж, тэднийг надтай яриа өдөхөөр ирэх үед би сонсох хэрэгтэй гэж мэдэрсэн юм. Тэд өөрсдийгөө ахлагч Саммерс, ахлагч Вүүд гэж танилцуулаад, сүмийн байр руу хамт явахыг урив. Тэд эхний хичээлийг зааж, долоо хоногийн дараа үргэлжлүүлэхийг урихад нь би яагаад ч юм зөвшөөрсөн. Дараа долоо хоногт нь би Мормоны Номоо авч очив. Тэд “Өнөөдөр бид маш чухал номын тухай ярих болно. Энэ ном нь Есүс Христ Америк тивд ирсэн түүхийг багтаасан” гэж хэлэхэд, би цүнхнээсээ номоо гаргаж, “Та нар энэ номын тухай ярьж байна уу? Би аль хэдийн үүнийг уншчихсан” гэж хэлэн тэднийг гайхшируулж билээ. Ахлагчдыг намайг баптисм хүртэхэд урих үед би жаахан бодож үзмээр байгаагаа хэлэв. Тэд надад Мормоны Номоос Моронайн амлалтын хэсгийг уншиж өгсөн. Тэр шөнө би гэртээ хариад; Бурхан, Сүм, Мормоны Ном, Библи болон хамгийн чухал нь яаж аз жаргалтай болох талаар нэлээн бодлогоширов. Эцэст нь ахлагч Саммерс, Вүд хоёрын инээмсэглэсэн царай харагдаж, дулаахан мэдрэмж төрсөн тул би баптисм хүртэхээр шийдэж, 1979 оны 4-р сарын 24-нд Кичижожи гадасны байранд баптисм хүртсэн билээ.
Сүмд нэгдсэний дараа би Мормоны Номд гүн автсан. Унших тусам Мормоны Номыг хүн бичээгүй гэдэгт итгэдэг болсон. Нэг өдөр би Алма 46:40-ийг уншиж байгаад аавынхаа маш удаан хугацааны турш уусан эмийн талаарх мэдээллийг шалгаж үзэх онцгой мэдрэмж төрж, энэ тухай уншиж судалснаар сэтгэл хямралд хүргэх хүчтэй гаж нөлөөтэй эм байсныг олж мэдсэн юм. Аав маань ч уудаг эмээ сольж, сэтгэл нь хямрахаа больсон.
Мормоны Ном миний амьдралыг ихээр өөрчилсөн. Би өдөр бүр Мормоны Номыг унших тусам улам их жаргалтай болсоор байлаа. Нэг өдөр би залуу Алмагийн хөрвөлтийн түүхийг уншиж байхдаа, хэрэв Сүм үнэн юм бол би бусдад үнэнийг хуваалцахын тулд номлолд явах ёстой гэж маш хүчтэй мэдэрсэн юм. Гэхдээ надад хоёр том саад бэрхшээл тулгарав. Нэгдүгээрт, эцэг эх минь номлолд явахыг эрс эсэргүүцсэн. Би эцэг эхээ маш их хүндэлдэг байсан ч номлолд явах шийдвэртээ тууштай байсан тул эцэст нь гэрээсээ явав. Гэвч тухайн үед хүмүүсийн дунд гадагшаа явах нь нэр хүндтэй зүйл байсан тул намайг Нэшвилл Теннессид үйлчлэхээр дуудагдахад эцэг эх маань зөвшөөрч, надад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Номлолд явахад саад болж байсан хоёр дахь шалтгаан нь миний их сургуультай холбоотой байсан. Манай их сургууль номлолд явахын тулд чөлөө авахыг зөвшөөрөөгүй ба сургуулиас гарахыг шаардаж байв. Тухайн үед Японд их сургуулиас гарвал эсвэл төгсөөд шууд компанид ажилд орохгүй бол ажил олох боломжгүй байсан. Гэвч би сургуулиасаа гарахаар шийдэж, профессорынхоо өрөөнд орж, Мормоны Номын хувийг өгөн, номлолд үйлчлэх нь надад хэчнээн чухал болохыг түүнд тайлбарлав. Гайхалтай нь би сургуулиасаа чөлөө авах онцгой боломжийг олж авсан.
Номлолын үеэр надад олон сүнслэг болон сонирхолтой туршлагууд тохиолдсон. Тэд надаас япон хүү Мормоны Номд итгэдэг болсон шалтгааныг асуудаг байлаа. Харин би ихэвчлэн Библи, Мормоны Ном хоёрыг хоёуланг уншаад үнэн эсэхийг нь асууж залбирснаар маш тодорхой хариулт хүлээж авснаа гэрчилдэг байв.
Номлолынхоо дараа би их сургуулиа төгсөж, Японы томоохон харилцаа холбооны компанид ажилд орсон. Би Ирланд, Их Британи, Мьянмар, Токио гээд олон газарт амьдарч; Сүмдээ бишопоор мөн салбарын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гэх мэт олон дуудлагад үйлчилж байсан. Би хаана ч явсан, Мормоны Номын талаарх гэрчлэлээ аль болох олон хүнтэй хуваалцахыг хичээдэг байлаа. Мьянмарын Янгон хотод би таксины жолоочоос авхуулаад засгийн газрын сайд гэх мэт олон хүнд Мормоны Номыг танилцуулж байв. Тэдний ихэнх нь англи хэл мэдэхгүй байсан ч зарим нь Мормоны Номын талаар гэрчлэлтэй болж, Сүмд нэгдсэн. Тэдэнд зөвхөн англи Мормоны Ном л байсан тул толь бичиг ашиглаад өдөрт ядаж нэг өгүүлбэр уншихыг би тэдэнд зөвлөдөг байв. Хэрэв толь бичиг ашиглаад ч уншиж чадахгүй бол, номоо нээгээд өдөр бүр залбирахыг уриалдаг байсан. Лондонд бишопоор үйлчилж байхад манай тойрогт хоёр жил баптисм болоогүй байсан тул бид олон хоног мацаг барьж залбиран, тэнд амьдардаг цагаачдыг олж номлох хэрэгтэй гэсэн илчлэлт хүлээж авч, тойрогтоо өөр өөр хэл дээрх Мормоны Номуудыг захиалж аван, эцэст нь бид нэг жилийн хугацаанд өөр өөр үндэстний 20 гаруй хүнийг баптисм хүртэхэд гэрч нь болсон юм.
Би Мормоны Номын хүч чадалд талархдаг. Мөн манай хаалгыг тогшихоор шийдсэн хоёр ахлагчид маш их талархдаг. Тэд миний амьдралд өдөр бүр адислал авчирдаг Мормоны Номыг надад танилцуулсан. Сорилт бэрхшээл тулгарах бүрд би номоо уншсанаар тэдгээрийг даван туулах сүнслэг хүчийг олж авдаг. Өөрийн амьдралд тохиосон олон адислал, гайхамшгийн улмаас би Мормоны Ном үнэн гэдгийг баттай гэрчилж чадна.