“Энэ бол чиний бэлэг,” Лиахона, 2025 оны 1-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Энэ бол чиний бэлэг
“Тэнгэрлэг Эцэг минь, Таны хүүхдүүдийг адислах ямар бэлгийг би хөгжүүлэх вэ?” гэж би залбирсан.
Янина залуу эмэгтэй байхдаа дуулах нь бусдыг адислахад ашиглаж болох бэлэг гэдгийг сүнслэг нөлөөллөөр мэдэж авчээ. Хожим нь тэр Ерөнхий чуулган дээр Табэрнаклын найрал дуучидтай хамт дуулах олон улсын гишүүнээр сонгогдсон юм (Солт Лэйк Табэрнаклд авсан гэрэл зураг).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) 1999 онд Эквадорт айлчлахдаа “Чи юу хийхээр шийднэ, түүнийхээ төлөө чадах бүхнээ хий” гэж хэлэхийг би сонссон.
Би бага байхдаа Бурхан бидэнд бусдыг адислах бэлгүүдийг өгдөг гэдгийг мэдсэн юм (Moронай 10:8–18-ыг үзнэ үү). Тэгээд “Тэнгэрлэг Эцэг минь, Таны хүүхдүүдийг адислах ямар бэлгийг би хөгжүүлэх вэ?” гэж залбирсан.
Би орон нутгийнхаа хөгжим, бүжгийн сургуулийн захирлын зөвлөснөөр 16 настайдаа дуучны мэргэжлээр сурч эхлэв. “Чи сайхан хоолойтой юм аа” гэж захирал маань надад хэлсэн юм.
Анхны тоглолтын дараа үзэгчдийг алга ташихад “Энэ бол чиний бэлэг” гэсэн үг миний оюунд тодхон орж ирсэн. Миний залбирал хариулагдсан учраас би уйлж билээ. Гэхдээ манай улсад урлагийн хүний хувьд амьдралаа залгуулахад хэцүү. Харин Их Эзэн замыг бэлтгэдгийг би мэдэж байлаа. Тиймээс би дуучны мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж, хүрч болох хамгийн сайнд нь хүрэхийг эрмэлзсэн.
Би 19 настайдаа гадаадад сурах тэтгэлэг хүртэв. Гэвч энэ болон үүнтэй төстэй боломжуудын аль нь ч бүтсэнгүй. Эргээд бодоход, Их Эзэн намайг Эквадорт үлдээхийг хүссэн гэдгийг би ойлгож байна.
Хүмүүс намайг гадаадын нэр хүндтэй сургуульд сураагүй; эд баялаг, нэр хүндгүй учраас ирээдүйгүй гэж хэлдэг байв. Гэвч надад зориулсан төлөвлөгөө Бурханд байгааг мэдэж байсан учраас би авьяасаа дайчилж Сүмд үйлчлэн, найрал дуу зохион байгуулж, хөгжим удирдан, бусдад авьяас билгээ хөгжүүлэхэд нь сүнслэгээр нөлөөлөхийг хичээх болсон юм.
Тэгж байтал нэгэн телевизэд ажиллах санал ирэхэд энтертайнментын салбарт байдаг уруу таталтуудад санаа минь зовнилоо. Гэхдээ би залбираад, “Энэ ажлын саналыг хүлээж авч, жишгээ зөрчихгүйгээр уран бүтээлч байж чадна гэдгээ харуул” гэсэн хариулт авав.
Би телевизийн уран бүтээлийн туслах, Гуаякилийн симфони найрал дууны туслах удирдаач, Эквадорын Гуаяс мужийн соёлын газрын удирдах зөвлөлд ажилласан.
Бид зарчмуудаа золиослохгүйгээр мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдгийг би гэрчилж байна. Сайн мэдээний дагуу амьдарч, Тэнгэрлэг Эцэгийн надад өгсөн бэлгүүдийг хөгжүүлэх амлалтынхаа ачаар эдүгээ би эх орондоо, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болсон.
Биднийг Эцэгийнхээ хүслийг дуулгавартай дагахад боломжгүй зүйл ч боломжтой болдог (Maтай 19:26-г үзнэ үү). Тэр бидэнд хайртай бөгөөд бусдыг адислах бэлгээ хөгжүүлэхэд бидэнд туслахыг хүсдэг гэдгийг би мэднэ.