“Номлолын дуудлага маань алдаатай байсан уу?” Лиахона, 2025 оны 1-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Номлолын дуудлага маань алдаатай байсан уу?
Гэрээсээ хол байсан надад Их Эзэн хайраа бусадтай хэрхэн хуваалцахыг зааж тусалсан.
Эрсдэлийн болон санхүүгийн математикаар суралцаад хоёр жил болж байтал надад номлолд явах хүчтэй мэдрэмж төрсөн юм. Коллеждоо дараалан цуглуулах ёстой тодорхой кредитээ алдаж магадгүй ч би үйлчлэхийг сонгов.
Нэг их удалгүй Ютагийн Солт Лэйк Ситигийн төв номлолд дуудагдсан гэсэн номлолын дуудлагаа уншаад зогсож байх мөч үнэхээр гайхалтай санагдаж билээ. Надад Солт Лэйк Ситид үйлчилсэн танил байдаггүй байв. Би номлолын буруу дуудлагыг нээсэн байх гэж бодсон. Намайг Солт Лэйк Ситид ирэхэд миний мэддэг бүх зүйл арчигдсан мэт байв. Би хэрхэн номлогч болохоо ч мэдэхгүй цасан дунд дугуйтай явж байлаа. Өөр соёл, өөр уур амьсгалтай Солт Лэйк Сити Өмнөд Африкаас дэндүү хол мэт санагдав.
Эхний бүсэд хамтрагч бид хоёр Крис Рүппэл гэдэг гишүүнийд оройн хоол идэхээр очсон юм. Тэр биднээс хөгжим мэддэг эсэхийг маань асуув. Манай хамтрагч намайг төгөлдөр хуур тоглож, дуулдаг гэж хэлсэн болохоор би тэдний гэр бүлд зориулж дуу дуулав. Тэгтэл гайхмаар онцгой зүйл болох нь тэр. Рүппэл ах над руу хараад, “Ахлагч Виззини, хэрэв чи ингэж дуулбал амжилттай номлогч болно” гэв. Би түүнийг сайхан эелдэг хүн юм даа гээд л энэ талаар нэг их зүйл бодсонгүй.
Хэдэн сарын дараа би Рүппэл ахтай хамт номлогчдын хөгжимт галын дэргэдхийг зохион байгуулахад тусалсан юм. Түүнээс хойш би үйлчилсэн газар бүрдээ уг галын дэргэдхийн загварыг ашигладаг боллоо. Гадасны гишүүдээс авхуулаад орон нутгийн алдартай хөгжимчид, өөр шашны гишүүд гээд олон хүн бидэнтэй хамт оролцсон. Бид хичээлд суухааргүй хүмүүст Аврагчийн тухай дуу хөгжмөөр дамжуулан заав. Хөгжим нь ядуу, баян, боловсролтой, боловсролгүй хүмүүсийн аль алинд нөлөөлж болохыг би сурч авсан.
Номлол маань надад хүнд хэцүү зүйлсийг хийж чадна гэдгийг заасан. Би гэрээсээ маш хол бас огт өөр газарт үйлчлэхдээ хүн бүр Бурханы хүүхэд гэдгийг мэдэж авсан. Би дэлхийн нөгөө хэсэг болох Ютад төдийгүй Өмнөд Африкт ч бас хүмүүсийн амьдралд гайхамшгууд тохиохыг харсан. Хэрэв бид зүгээр л итгэлтэй байвал хүн бүрийн амьдралд гайхамшиг тохиох боломжтой гэдгийг би мэднэ (Moрмон 9:15–21-ийг үзнэ үү).