“1836 оны адислал ба 1837 оны бэрхшээл,” Лиахона, 2025 оны 1-р сар.
1836 оны адислал ба 1837 оны бэрхшээл
Сүнслэг өсөлтүүдээ санах нь эцсийн эцэст бид уналтаасаа чөлөөлөгдөнө гэдгийг сануулдаг.
Көртландын ариун сүмийн дотор тал
Гэрэл зургийг Жорж Эдвард Андэрсон, 1907
2024 оны 3-р сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Көртландын ариун сүмийг өмчлөх эрхийг Христийн нийгэмлэг сүмээс хүлээн авсан юм. Энэ ариун сүм 1836 онд онцгойлон адислагдсанаасаа хойш бараг өөрчлөгдөөгүй онцгой газар юм. 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баярын ням гарагт Есүс Христ үүнийг Өөрийн өргөө хэмээн хүлээн авсан (Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү). Бид тэрхүү ариун сүмд Түүний оршихуйг мэдэрч, Түүний хаана зогсож байсныг оюун санаандаа төсөөлөх боломжтой.
Көртландын ариун сүмийн түүхээс, тухайлбал 1836, 1837 оны үйл явдлуудаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох хэд хэдэн сургамжийг авч болно.
1836 оны онцлох сүнслэг үйл явдлууд
1836 оны 1-р сард буюу ариун сүм баригдаж дуусах дөхөж байхад гэгээнтнүүд ариун сүмийн сүнслэг адислалуудыг мэдэрч эхэлсэн байна. Тэдэнд Көртландын ариун сүмд хүч өгөгдөнө хэмээн амласан байв (Сургаал ба Гэрээ 38:32, 38-ыг үзнэ үү). Энэ амлалт нь Аврагчийн Шинэ Гэрээнд Иерусалим дахь төлөөлөгчдөдөө хэлсэн үгстэй адил байв. Тэрээр амилсныхаа дараа тэдэнд “дээрээс ирэх хүч” (Лук 24:49) хүртээгдэх хүртэл номлохоор явах ёсгүйг хэлсэн. Дараа нь Пентэкостын өдөр Сүнс тэдний дээр “хүчит хуй салхи мэт” буухад Түүний төлөөлөгчид энэ хүчийг хүлээн авсан юм. … “Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв” (Үйлс 2:2, 4).
1836 оны 1-р сард Иосеф Смит залбирч, нэг нэгнээ адислан Сүмийн ажил хэргийг явуулахын тулд Сүмийн бусад удирдагчтай уулзжээ. Тэднийг бошиглогч Иосефыг адисалсны дараа тэрээр селестиел хаант улсын тухай үзэгдэл үзсэн байна. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Адам, Абрахам нарыг болон өөрийн эцэг, эх хоёрыг (амьд) мөн баптисмгүйгээр нас барсан ах Алвинаа харсан. Иосеф “сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, хэрэв үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас үүнийг хүлээн авах байсан тэд, Бурханы селестиел хаант улсыг өвлөгчид байх болно” (Сургаал ба Гэрээ 137:7) гэдгийг мэдэж авав.
Хоёр сарын дараа, 1836 оны 3-р сарын 27-нд гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг онцгойлон адислахаар цуглажээ. Тэд Иосефын онцгойлон адислах залбирлыг сонссон ба тэрээр Тэнгэрлэг Эцэгээс Көртландын ариун сүмийг Аврагч “өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлж … болох” (Сургаал ба Гэрээ 109:5) газар болгон хүлээн авахыг хүссэн юм. Гэгээнтнүүд тэрхүү ариун орон зайд шахцалдан нийлж, “Бурханы Сүнс” дууг дуулжээ. Тэд нэг хоолойгоор “Хосанна! Хосанна! Хосанна, Бурхан, хурга хоёр!” хэмээн дуудацгаажээ.
Тэд онцгойлон адислалын үеэр болон түүний дараагийн долоо хоногт сүнслэг адислалуудыг мэдэрсэн байна. Тэд мацаг барьж, залбирч, ариун ёслолоос хүртэж, нэг нэгнийхээ хөлийг угааж, бас үзэгдэл үзжээ. Тэд урагш явж, сайн мэдээг номлох хүч чадалтай болсноо мэдэрсэн аж. Тэд дээрээс ирэх хүчээр хишиг хүртсэн байлаа.
Гэвч сүнслэг илэрхийллүүд ингээд дуусаагүй юм. 1836 оны 4-р сарын 3-нд Аврагч хоёр үйлчлэгчдээ үзэгджээ. “Хөшиг нь бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа” хэмээн Иосеф Смит, Оливер Каудери хоёр өгүүлсэн. “Индрийн дээр, бидний өмнө зогсож буй Их Эзэнийг бид харав; … Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэр болой, би бол алагдсан тэр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ (Сургаал ба Гэрээ 110:1–4) гэв.”
Аврагчийг айлчилсны дараа Мосе, Елиас, Елиа нар Иосеф, Оливер хоёр дээр хүрч ирэн, тэдэнд Есүс Христийн сайн мэдээг номлох, Израилыг цуглуулах, Абрахамын гэрээгээр дэлхийг адисалж, гэр бүлүүдийг лацдан холбох боломжийг олгогч түлхүүрүүдийг хүртээсэн юм (11–16-р шүлгийг үзнэ үү).
1837 оны бэрхшээл
Гэхдээ Көртландын түүх эдгээр гайхамшигтай үйл явдлаар төгссөнгүй. Ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш нэг жилийн дараа сүмийнхэн дунд үймээн самуун гарав. Олон улсын эдийн засгийн хямрал АНУ-д асар их ажилгүйдэлд хүргэжээ. Улс орон даяар банкууд дампуурсан ба түүн дотор Көртланд дахь Сүмийн удирдагчдын нийгмээ хөгжүүлэхэд зориулж байгуулсан жижиг банк багтаж байв. Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч хотынхоо эдийн засгийг аврахаар маш их хичээж байлаа. Гэвч дэлхийн эдийн засгийн хямралын түрлэг хэтэрхий хүчтэй байв. Хүмүүс ажил, гэр орноо алдаж, олон хүн Бурханд болон Сүмд дургүйцэн гомдоллож эхэлжээ. Их Эзэн яагаад Өөрийн хүмүүст эдийн засгаараа бүтэлгүйтэхийг зөвшөөрсөн юм бэ? Зарим нь далдуур ярьж байгаад, удалгүй Иосефыг хуурамч бошиглогч гэж тунхаглаж эхлэв.
1837 оны зун Көртландын ариун сүмд болсон нэгэн цуглаан дээр Сүмийн патриарх ахмад Иосеф Смит хүүгийнхээ эзгүйд үг хэлжээ. Түүнийг ярьж байхад нэгэн тэрслэгч түүнийг индэр дээрээс татаж буулгахыг оролдов. Виллиам Смитийг аавыгаа хамгаалахад нэг төлөөлөгч Виллиамыг сэлмээр ална гэж сүрдүүлжээ. Виллиамыг хутга, буу барьсан бусад эрчүүд бүслэв. Жилийн өмнө уг ариун сүм ариун нандин, сүнслэг газар байсан бол яг тэр үед хүчирхийлэл, тэрслэл, эмх замбараагүй байдлын газар болсон байв.
Иосеф Смитийг Көртландад буцаж ирэхэд Сүмийн гишүүдийн ихэнх нь түүнийг бошиглогчоор дэмжсэн ч гурван төлөөлөгч Арван хоёрын чуулгыг орхив. Мөнгөний асуудал сүнслэг асуудлууд болж хувирав. Түүнээс хэдхэн сарын дараа Их Эзэн Иосефт гэр бүлийнхээ аюулгүй байдал, өөрийн амь насны төлөө Көртландаас яв гэж хэлжээ.
Тэр үеийн хэцүү бэрхийг нүдээр үзсэн гэрч нарын тэмдэглэл үүнийг баталдаг. Төлөөлөгч Хибэр К.Кимбаллын эхнэр Вилэйт Кимбалл нөхөртөө ийн захидал бичжээ. “Миний бичих зүйл зүрхийг чинь өвтгөнө гэдгийг би мэдэж байна. Тэд Мормоны Ном, Сургаал ба Гэрээнд итгэдэг гэж хэлдэг ч үйлсээрээ үгүйсгэдэг.”
Иосефыг төгс биш гэдгийг Вилэйт мэдэж байлаа. Тэр Көртландын эдийн засгийн хямралын үед алдаа гаргасан. Вилэйт мөн тэрслэгчдийн дундаас ч олон хүнийг хайрласаар байв. Гэвч 1837 онд болсон үйл явдлаас тэр “Гэсгээн цээрлүүлэлтийг тэвчихгүй, харин намайг үгүйсгэдэг тэд бүгд, ариусгагдаж чадах нь үгүй гэж Их Эзэн айлдав” гэсэн илүү гүнзгий сургамжийг олж харсан юм.
Уг захидалд Маринда Хайд бас Англид үйлчилж байсан төлөөлөгч болох нөхөр Орсондоо хандан зурвас нэмж бичжээ. Мариндагийн ах нь Сүмийг орхисон төлөөлөгчдийн нэг байлаа. Тэрээр: “Бидэнд одоо тохиолдоод байгаа шиг ийм үеийг Көртландад чи хэзээ ч хараагүй, яагаад гэвэл бие биедээ итгэх итгэл алга болсон мэт санагдаж байна” гэжээ.
1836-1837 оны сургамж
1836 оны оргил үеэс гадна 1837 оны харамсалтай явдлыг яагаад санах ёстой вэ? Учир нь энэ хоёр үйл явдал хоорондоо салшгүй холбоотой. Бидний амьдралд ч мөн адил юм. Бурхан бид бүгдэд сүнслэг адислалуудыг өгч, бодгальд маань ярьж, гэрээний замаар хөтөлдөг үе гэж байдаг. Тэр бидэнд тогтвортой, хангалттай, элбэг дэлбэг байдлыг олгож, гэр бүлд маань эрүүл саруул, аз жаргалтай байх, найз нөхөдтэйгөө ойр дотно байж, харилцах цагийг өгдөг. Бид бүгд 1836 оных шиг цаг үед амьдрах нь бий.
Гэхдээ Бурхан бидэнд зөвхөн 1836 оныг л мэдэрнэ гэж амлаагүй. Бидний хүн нэг бүрийн хувьд 1837 он ирдэг. Мөнгө хаанаас олох вэ гэсэн бидний санаа зовнилоос эдийн засгийн тогтворгүй байдал үүсдэг. Гэр бүлийнхэн маань гэнэтийн, архаг хууч өвчин болон сэтгэл санааны хямрал, түгшүүр зэрэгт өртсөнөөс хувийн амьдралд тогтворгүй байдал үүсдэг. Найз нөхөд маань биднээс холдох юм уу урвах үед нийгмийн тогтворгүй байдал үүсдэг.
Хэрэв бид 1836 онд тохиолдсон туршлагаа буюу Их Эзэний мутрыг амьдралдаа мэдэрсэн үеэ санахгүй бол 1837 оны сүнслэг тогтворгүй байдлыг авчирч магадгүй. Энэ нь биднийг “Энэ зүйл үнэ цэнгүй,” “Бурхан намайг хайрладаггүй,” “Иосеф Смит бошиглогч байгаагүй” эсвэл “ерөнхийлөгч Нэлсон Бурханы бошиглогч биш,” “Гэрээний зам надад зориулагдаагүй” гэж хэлэхэд уруу татаж магадгүй.
Харин бид 1837 оны сорилт бэрхшээлийг туулахдаа 1836 оныг санаж, сүнслэгээр амьдарвал Есүс Христэд итгэх итгэлдээ үргэлжлүүлэн тулгуурлаж; Бурхан бидэнд хайртай, Есүс Христийн Сүмийн болон сайн мэдээний Сэргээлт бодитой, Их Эзэн Өөрийн сонгосон үйлчлэгчдээр дамжуулан Сүмээ удирддаг гэсэн гэрчлэлээ хадгалсаар байх болно.