Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Хамгийн гоё өдөр
Их Эзэн аавын маань угсаа гарлыг ашиглан гэр бүлтэйгээ эвлэрэхэд тусалсан юм.
Миний аав Клод Рой баптисм хүртээд удалгүй 2015 онд өөд болсон. Түүнээс өмнө би ээж, дүү нарын хамт бүгд Сүмийн гишүүн болоод нэлээд удсан байсан ч аав маань хэдэн арван жил Сүмд нэгдэх хүсэлгүй хэвээр явсан юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр: “Зүрх сэтгэл минь хатуурч, хүүхдүүд, ач зээ нарыгаа зочлон ирэхэд уур минь хүрч, гэр бүлээсээ холдохыг хүсэх боллоо. Гэрт маань сөргөлдөөн нэмэгдэж, эхнэртэйгээ харьцах харилцаа минь ч хурцадсан” гэж ярьжээ.
Энэ үед тэр өөрийн канад уугуул өвөг дээдэс нь Микмак, Хюрон-Вэндат омгийн үр сад болохыг олж мэдсэн юм. Өсөж торнисон газрынхаа ойролцоох микмак омгийнхонтой харилцаа тогтоосны дараа тэрээр Америкийн уугуул иргэдийн ёслол болох нэгэн баярт уригдсан байна.
Уг баярын орой омгийн удирдагч гараа дэлгэн, хүүхдүүдийг өөр дээр нь ирж адислал авахыг хүсэв. Үүний дараа гэр бүл, үр удмын ач холбогдлын талаар хэлсэн үг аавын минь орой руу аянга ниргэх мэт хүчтэй орсон гэдэг.
Яг тэр мөчид “буруу харсан над руу манай гэрийнхэн гараа сунгаж байхыг би нүдэндээ төсөөлөн харсан. Зүрх минь хэдэн хэсэг хуваагдаж байгаа юм шиг үгээр илэрхийлэхийн аргагүй уйтгар гунигт би автсан байлаа. Их Эзэн миний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийн тулд өвөг дээдсийн маань омгийнхны үгсийг ашигласныг би тэр агшинд мэдсэн юм. Би Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ хандуулж, гэр бүлдээ учруулсан гэмээ засах хэрэгтэй гэдгийг ухаарсан” гэж тэр хуваалцав.
Аав маань бидэнтэй эвлэрч, гэр бүлийн гишүүн бүрээс уучлал гуйсан. Эхнэр, хүүхдүүдийнхээ үлгэр жишээгээр тэр залбирах болж, Мормоны Номыг уншиж эхлэв. Америк тивийн тухай олон түүх уншсан тэрээр Мормоны Номд татагдаж байгаагаа мэдэрчээ. Уг ном үнэн гэдгийг тэр даруй мэдэж авав.
“Гэр бүлийнхнийхээ хүрээлэлд би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж баптисм хүртсэн. Энэ бол миний амьдралын хамгийн гоё өдөр байсан! Намайг хайрлаж, үлгэр жишээ үзүүлсэн нь надад хүч өгсөн гэдгийг би гэрчилж байна. Эхнэр минь 36 жилийн турш итгэлээ алдалгүй, намайг зүрх сэтгэлээ хатууруулсан ч Христтэй адил үлгэр жишээг үзүүлсээр байсан юм. Тэгээд тэр нэг амралтын өдөр бүх зүйл өөрчлөгдсөн” гэж дурсан ярив.
Аавын маань түүх Аврагчийн “нигүүлслийн мутар [бидний] зүг сунга[астай]” байдаг, хэрэв бид наманчлах юм бол Тэр үнэхээр биднийг хүлээн авах болно гэдгийг гайхалтайгаар сануулдаг (Алма 5:33-ыг үзнэ үү).