2025
ЕХХҮГС-ийн хагас жил тутмын
2025 оны 1-р сар


ЕХХҮГС-ийн хагас жил тутмын

ЕХХҮГС-ийн хагас жил тутмын 194 дэх Ерөнхий чуулган 2024 оны 10-р сарын 5, 6-нд болж, Монгол дахь Сүмийн гишүүд бошиглогч, төлөөлөгчдийн захиаснаас сурсан зүйлсээ ийнхүү хуваалцаж байна.

“ЭНЭ БОЛ БҮГДЭД ХАНДАХ МИНИЙ ДУУ ХООЛОЙ” (С ба Г 25:16)

ЕХХҮГС-ийн хагас жил тутмын 194 дэх Ерөнхий чуулган 2024 оны 10-р сарын 5, 6-нд болж, Монгол дахь Сүмийн гишүүд бошиглогч, төлөөлөгчдийн захиаснаас сурсан зүйлсээ ийнхүү хуваалцаж байна.

Сэлбэ тойргийн бишоп П.Билэгсайхан: “Надад Далын чуулгын ахлагч Брук П.Хэйлсийн “Мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй” гэсэн үг их таалагдсан. Үүнээс Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь бидэнд ямар бэрхшээл зовлон тохиолдсоноос үл хамааран мөнх бус амьдралын бүтэлгүйтлээс өндийн босох арга замаар хангадаг гэсэн нь сэтгэлийг минь их хөдөлгөсөн.”

Өнөр тойргийн гишүүн Г.Тэлмэн: “Нийл Л.Андэрсэн ах бид Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлснээр асуудлынхаа цаадхыг буюу мөнхийн адислал, амлалтуудыг олж хардаг мөн сорилт бэрхшээлийг Аврагчид итгэх итгэлээр даван туулахад ялалт ирдэг гэж хэлсэн нь надад их урам зориг өгсөн. Зовлон зүдгүүр түр зуурынх бөгөөд энэ нь итгэл найдвараа нэмэгдүүлэхэд нөлөөлж, бэрхшээл сорилтын цаадах адислалууд заавал ирдэг гэдгийг би сурсан.”

Өнөр тойргийн гишүүн Б.Үүрцайх: “Грэгориа Э.Касиллас ахын хэлсэн үгээс би бид өөрсдийгөө хэн нэгэнтэй харьцуулахаа болих хэрэгтэй мөн Аврагч Есүс Христийн шавийн хувьд бид дэлхийг сайнаар өөрчилж, бусдад гэрээний замд үлдэхэд нь тусалж чадна; хэдий чинээ бусдын амьдралыг адислахыг хичээн бусдад даруухнаар чин сэтгэлээсээ үйлчилнэ, төдий чинээ Их Эзэн бидэнд нигүүлсэнгүй ханддаг гэдгийг мэдэж авлаа.”

Сэлбэ тойргийн гишүүн Д.Сумьяабазар: “Энэ чуулганаас би энэ цаг үед судар сургаалаа сайн уншиж судлан, зарлиг тушаалуудыг чанд дагаж мөрдөж амьдрахаас өөрөөр амар амгалан аз жаргалтай амьдрах арга зам байхгүй гэдгийг улам их ойлголоо. Дэлхий дээр юу ч яаж ч өөрчлөгдөж байсан цорын ганц үнэн сургаал л бидэнд гайхалтай мэдлэг боловсрол, төлөвшлийг өгдөг гэдгийг би улам их мэдэрлээ.”

Бүрэн цагийн номлогч О.Өнөболд: “Энэ чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: ‘Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан бидэнд хандан ярилаа, тиймээс тэдний захиаснаас суралцаж, дараагийн 6 сарын турш тэдгээрийг ашиглан юу үнэн, юу худал болохыг ялган таниарай’ гэж урьсан. Мөн би Даллин Х.Өүкс ахын захиаснаас бид Аврагчийн үлгэр жишээг дагах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон.”

Бүрэн цагийн номлогч систер А.Уянга: “Ерөнхий чуулганы “Чамайг илүү хурдан явах тусам Сатан илүү хурдан хөөх болно” гэсэн үг сэтгэлд маань илүү үлдсэн. Хэрэв бид хэр хурдан гүйхэд л төвлөрөх юм бол амархан ядарна, харин биеэ цэх болгож, гүнзгий зөв амьсгалахад төвлөрч чадвал илүү хол гүйж чадна. Яг үүн шиг, бид бусадтай өөрийгөө харьцуулахаас илүү Аврагчид төвлөрөх нь чухал, мөн бидний хэдэн удаа эсвэл хэр хурдан Мормоны Номоо уншиж байгаагаас илүү Бурхантай хэр тогтмол харилцаатай байгаа нь хамгийн чухал гэдгийг би мэдэж авлаа.”

Хан-Уул тойргийн гишүүн С.Янжмаа: “Ерөнхий чуулган дээр бошиглогч Рассэлл М.Нэлсон Христийг үнэн хүсэл, чин сэтгэлтэйгээр эрэлхийлэх юм бол ариун сүмд түүнийг харах болно гэж хэлсэн нь; өөр нэг удирдагчийн, модны үндэс нь Аврагч, мөчир нь сургаал, үр жимс нь бид юм гэсэн нь гайхамшигтай санагдсан. Сургаалт үгс 16:9 дэх ‘Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч түүний алхааг Эзэн чиглүүлдэг’ гэсэн судрыг мэдэж авсан маань бас надад их зүйлийг мэдрүүллээ.”

Баянзүрх тойргийн гишүүн Г.Мөнхзул: “Ерөнхийлөгч Нэлсоны одоо бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг юм гэсэн нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Амьдралынхаа үлдсэн цаг хугацаанд Түүний Цагаатгалаас суралцаж, Хоёр дахь Ирэлтэд бэлтгэн, Христийг амьдралынхаа төвд тавих хэрэгтэй юм байна гэдгийг, түүнчлэн харах нүд, сонсох чих, ойлгох зүрх сэтгэлтэй, бардамналаас ангид байж, Их Эзэнтэй уулзахад бэлтгэх нь хамгийн чухал гэдгийг би ойлгосон.”

Баянзүрх тойргийн гишүүн М.Бямбаа: “Энэ чуулган дээр Андэрсэн ахын хэлсэн, ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон бай Их Эзэнд найдах юм бол баяр баясгаланг мэдрэх болно гэсэн үгс миний залбирлын хариулт буюу илчлэлт байсан.”

Баянзүрх тойргийн гишүүн 11 настай Б.Батсүлд: “Нийл Л.Андэрсэн ахын үгээс би бидэнд номлолд үйлчлэх боломж дүүрэн байгааг ойлгож авсандаа баяртай байна. Би 8 жилийн дараа бүрэн цагийн номлолд үйлчлэх зорилго тавьсан.”

Баянзүрх тойргийн 4 настай Н.Мишээл: “Бошиглогч Нэлсон 100 настай, би ч бас 100 насалж түүн шиг Бурхантай илүү ойрхон байх болно. Номлолд үйлчилж, бусдыг хайрлавал Бурханд ойртдог гэдгийг би мэдсэн.”

Өнөр тойргийн гишүүн М.Бат-Эрдэнэ: “Би Ерөнхий чуулганаас баяр баясгалангийн сүмд Их Эзэний төлөөлөгч нар нь бид юм. Их Эзэнд итгэлтэй байвал Тэрээр Өөрийн цаг хугацаанд бидэн рүү тусламжийн мутраа сунгадаг гэдгийг мэдэж авсан.”

Туул тойргийн гишүүн Б.Содбаяр: “Хуан Пабло Виллар ахын хүүхэд байхдаа ах нарыгаа дагаж далай руу яваад 3 удаа живэхээ шахахад ах нь түүнийг аварч, зааж сургасан түүхээс би бид өөрсдийн чадлаас хэтэрсэн зовлон бэрхшээл тохиолдоход бууж өгмөөр санагддаг ч Есүс Христ бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг гэдгийг сурсан. Мөн бид Түүнээс гуйж, итгэлтэйгээр үйлдэх хэрэгтэй гэдгийг би гэрчилж байна.”

Американ дэнж тойргийн гишүүн Б.Болорсаран: “Би ахлагч Д.Мартин Гури ахын хэлсэн үгээс удирдагчдынхаа удирдамж, зөвлөгөөг дагахыг сонгох үед Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох бидний чадвар өсөн нэмэгдэж, Ариун Сүнс бидний гаргах шийдвэрийг тодорхой болгож өгдөг гэдгийг мөн өдөр бүр наманчлахыг сонговол Ариун Сүнсний өдөөлтийг ялган таних чадвараа хөгжүүлдэг гэдгийг сурсан.

Баянгол тойргийн гишүүн Г.Одончимэг: “Би шинэ дуудлагадаа тохирох эсэхдээ эргэлзэж, Бурханаас асуусаар байсан. Тэгээд ахлагч Хуан Пабло Виллар ахын ‘Тэр мутраа сунган бидэнд туслахад бэлэн байдаг’ хэлсэн үгээс Сүмийн дуудлага нь Бурханаас хувь хүн бүрийн онцлогт тохируулан итгэл, сүнслэг байдлыг хөгжүүлэхэд тусалдаг даалгавар, тиймээс уг даалгаврыг зүгээр л Ариун Сүнсээр удирдуулан хий, Бурхан үргэлж дэргэд чинь байгаа шүү дээ гэх тод мэдрэмжийг хүлээн авлаа. Энэ нь намайг шинэ дуудлагат ажлаа илүү урам зоригтой хийх тайван мэдрэмжийг өгсөн.”.