“Цугларалтад талархъя,” Лиахона, 2025 оны 1-р сар.
Цугларалтад талархъя
Бид Аврагч дээр цугларахдаа болон гэгээнтнүүдтэй цугларахдаа мөн Түүнд үйлчлэхээр цугларахдаа Их Эзэний бидэнд хүртээсэн онцгой боломж, итгэл найдварт үргэлж талархдаг байгаасай.
Аврагч аа, Танаас гуйж байна, Жэй Брайнт Ворд, хуулбарлахыг хориглоно
Би өвөө Эндрюү Нэлсонтойгоо уулзаж байгаагүй ч, түүнээс үе дамжин ирсэн халаасны гоёмсог цагийг олон жил эдэлж хэрэглэсэн. Аавыг минь дөнгөж 16-тай байхад өвөө нас барсан юм.
Аав маань Нэлсон өвөөгийн цагийг өвлөн авч, намайг өсөж том болоход надад дамжуулан өгсөн билээ. Би тэр цагийг итгэл бишрэлтэй өвөг дээдэстэйгээ холбогдох бодит холбоос хэмээн нандигнадаг байлаа.
Нэлсон өвөөгийн аав, ээж хоёр элэнц өвөө, эмээтэй маань адил төрөлх Европтоо Сүмд нэгдсэн юм. Би эдгээр анхдагч өвөг дээдэстээ үүрд талархах болно. Гэгээнтнүүдтэй хамт цуглах тэдний итгэл, золиослолын ачаар би болон миний үр удам Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг хүртсэн билээ.
Нэлсон өвөөгийн цаг надад хожмын үеийн гэгээнтний хувьд Эцэгийн хүүхдүүдийг хөшигний хоёр талд цуглуулах бидний эрхэм үүрэг хариуцлагыг сануулсан. Түүнчлэн өвөг дээдэс маань биднийг өөрсдийг нь олж тогтоон, Эцэгийн сүрэгт мөнхөд цуглахын тулд тэдний төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийг харж, хүлээдгийг надад сануулсан.
Аврагч дээр цугларах
Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ах нартайгаа хамт бид: “Энэ Сүм булангийн суурь чулуу болох Есүс Христ, Түүний төгсөшгүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа буулгадаг. … Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнсийг мөн авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүртэхэд урьдаг” хэмээн тунхагладаг.
Үргэлжлэн өгөгдөж буй илчлэлтээр дамжин Сэргээлтийн ажил урагшилж байгаа ба “Бурхан ‘юмсыг Христ дотор нэгтгэх’ (Ефес 1:10) тул дэлхий эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно”.
“Бүх зүйл” гэдэгт Түүний хоньд ордог. Аврагч биднийг дэлхийн ёс бус байдлыг орхин, Өөр дээрээ цуглар хэмээн дуудаж байна. Тэрээр Өөрийн хоньдыг Аврагч дээр амьдралаа төвлөрүүлдэг жинхэнэ шавь нар хэрхэн амьдарч, жинхэнэ баяр баяслыг хэрхэн мэдэрдгийг эргэцүүлээсэй мөн дэлхийн бусад хэсэгт жишиг болж, гэрлээ тод гэрэлтүүлээсэй хэмээн хүсдэг.
Бид итгэлээ үйлдэл болгон наманчилж, Түүний Сүмд баптисм хүртэхийг зөвшөөрөн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар Аврагч дээр ирдэг (Maтай 11:28-ыг үзнэ үү).
Бид ариун ёслолоос хүртсэнээр ирдэг сүнслэг эдгэрлийг мэдэрч, өөрсдөдөө Түүний нэрийг авч, мөн үргэлж Түүнийг санаж, зарлигуудыг нь дагахад бэлэн гэдгээ гэрчилснээр Аврагч дээр цуглардаг (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).
Бид өдөр бүр Түүний үг, үнэн хийгээд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн сургаалаар амьдралаа дүүргэснээр Аврагч дээр цуглардаг.
Бид Ариун Сүнсний шивнээг сонсохуйц зохистой амьдарч, Түүнийг сонсох чадвараа сайжруулах замаар Аврагч дээр цуглардаг.
Бид хөрвөлтөө хүчирхэгжүүлж, итгэлээ өсгөн, илүү сайн шавь болж, Түүний үлгэр жишээг даган, өдөр бүр арай илүү сайн хүн байхыг хичээснээр Аврагчид цуглардаг.
Бид ариун гэрээнүүдийг байгуулж, ариун сүмд ариун ёслолуудыг хүлээн авснаар Аврагчид цуглардаг.
Бид “Их Эзэний [бидэнд] ноогдуулах бүх зүйлийг” (Мозая 3:19) тэвчээртэй, зоригтойгоор хүлцсэнээр Аврагч дээр цуглардаг.
Эцэст нь бид Түүний тухай зааж, гэрчилж; гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ бидэнтэй хамт “дэлхийн гэрэл, амь амьдрал, найдвар” болох Аврагчид цугларахыг урьдаг.
Гэгээнтнүүдтэй хамт цугларах
Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд хамтдаа цуглаж, нэгдсэнээр нэг нэгэнтэйгээ хамтарч, найзалж нөхөрлөдөг. Бид бие биедээ заан, нэг нэгнээ дэмжиж, сэнхрүүлдэг. Бид Аврагчийн хэлснээр “нэг бай[хыг]” (Иохан 17:21; мөн Сургаал ба Гэрээ 38:27-г үзнэ үү), “бие биенээ хайрла[хыг]” (Иохан 13:34) хичээдэг.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Сүмд явах нь бидэнд бусад бишрэгчтэй нөхөрлөх, гэрээний зам дээрээ үлдэх, Христийн илүү сайн шавь байхыг эрэлхийлэгч хүмүүстэй хамт бишрэн шүтсэнээр ирэх итгэлийн бат бөх байдал, өсөлт хөгжлийг өгдөг” гэж заасан.
Сүм дээр бид сүнсээрээ амарч, сэргэдэг. Тэдгээрийг боломжтой болгодог ёслолууд хийгээд санваарын эрх мэдлийг бид Сүмээс олдог. Бид сэргээгдсэн үнэн, цэвэр сургаал, хувийн илчлэлийг олдог. Бид сунгасан гар, тайтгаруулах зүрх сэтгэл, урам хайрласан дуу хоолойг олдог. Бид хоёр агуу зарлигийн (Maрк 12:30–31-ийг үзнэ үү) дагуу амьдрах боломжийг олж авдаг.
Их Эзэн бидэнд “дайсан нэгдээд байна” (Сургаал ба Гэрээ 38:12) хэмээн анхааруулсан. Гэр бүлээ хамгаалж, Сатаны өсөн нэмэгдэж буй нөлөөг саатуулахын тулд гэгээнтнүүд хамтдаа шүтэн бишрэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.
“Эв нэгдэл бол хүч чадал” хэмээн бошиглогч Иосеф Смит заасан байдаг.
Түүнд үйлчлэхээр цугларах
Бошиглогч Иосеф мөн “Бүх ариун бошиглогчдын бошиглосон бүх зүйлийн сэргээлт, бүр Израилын угсаан дахь цугларалт тохиох тэр өдөр хурдтайгаар ирж байна” гэж хэлсэн. Мөн ийн бошиглосон хүмүүсийн нэг нь Хуучин Гэрээний Иеремиа юм.
“Эзэн тунхаглаж байна. Тиймээс үзэгтүн, Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан Эзэн амьд гэж хэлэгдэхгүй.
Харин Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх газраасаа буцаан авчирсан Эзэн амьд! гэж хэлэгдэх өдрүүд ирэх болно” (Иеремиа 16:14–15).
Цааш нь тэрээр “Бурхан хожмын үеийн алдар сууг авчрахаар сонгосон тэрхүү сайшаалтай хүмүүс бол бид билээ … Бурханы гэгээнтнүүд аливаа үндэстэн, ястан, хүмүүс, хэлтэн бүрээс нэгдэн цуглах болно.
Энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд “Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана” (Иеремиа 16:16) хэмээн тунхагласан.
Ах, эгч нар аа, хожмын үеийн Израил буюу Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд бид Их Эзэний загасчид бас анчид юм. Бид Их Эзэний сонгомол хүмүүсийг уул, толгод, гүвээ бүрээс цуглуулахаар дуудагдсан. Бид Бурханы итгэлтэй хүүхдүүддээ амласан бүхний бүрэн өв залгамжлагч болох боломжийг олгохоор дуудагдсан. Энэ бол бидний хийж чадах хамгийн агуу үйлчлэл юм.
Бид Сэргээлтийн сайн мэдээг бусадтай хуваалцаж, нас барсан өвөг дээдсээ эрж хайн, тэдний өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэх замаар Израилыг хөшигний хоёр талд цуглуулж, тэрхүү тэнгэрлэг зааврыг биелүүлдэг. Түүнчлэн өөрсдийн үйлчлэл, үлгэр жишээ, гэрчлэлээр дамжуулан мөн бусад хүнийг бидэнтэй нэгдэхэд урьснаар Аврагчийн хайрыг хуваалцаж, тэрхүү зааврыг биелүүлдэг.
“Их Эзэн Өөрийн сайн мэдээний Сэргээлтийг болон Сүмийг удирдаж байна” гэж Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэлсэн. “Тэр бидний өмнө явдаг. Тэр ирээдүйг төгс мэддэг. Тэр таныг энэ ажилд урьж байна. Тэр тантай хамт үүнд нэгддэг.”
Давуу эрх ба итгэл найдвар
Нэлсон өвөөгийн халаасны цаг яасан бэ гэж үү? Хэдэн жилийн өмнө би тэр цагийг хүү рүүгээ дамжуулж өгсөн. Түүний хувьд ч гэсэн тэр цаг одоо түүнийг өвөг дээдэстэй нь холбож, түүнд үр удмынхаа өмнө хүлээсэн үүргийг нь сануулж байгаа.
Энэ нь цаашид ч үргэлжлэх болно. Гэрээний үеийнхэн бүр дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тус тусын үүргийг гүйцэтгэн, Их Эзэний ажлыг үргэлжлүүлсээр байдаг.
Бид Аврагч дээр цугларахдаа болон гэгээнтнүүдтэй цугларахдаа мөн Түүнд үйлчлэхээр цугларахдаа Их Эзэний бидэнд хүртээсэн онцгой боломж, итгэл найдварын төлөө үргэлж талархдаг байх болтугай.