“Асуулт тавьж, хариултаа олох нь: Иосеф Смитийн үзүүлсэн загвар,” Лиахона, 2025 оны 1-р сар.
Ирээд, Намайг дага
Асуулт тавьж, хариултаа олох нь: Иосеф Смитийн үзүүлсэн загвар
Гэрлэн багана, Дан Бөрр, хуулбарлаж болохгүй
1820 онд Нью-Йорк мужийн хойд хэсэгт амьдардаг, урьдаас томилогдсон 14 настай фермер хүү Иосеф Смит дэлхий даяар шинэ эхлэлийг тавих гайхамшигт Анхны үзэгдлийг хүлээн авчээ. Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тань туслах гурван асуулт, хариултыг дурдъя.
Иосеф Смитийн асуулт тавих загвараас бид юу сурч болох вэ?
Иосеф гэм нүгэлдээ өршөөл, асуултууддаа хариулт эрэлхийлж байв. Тэрээр аль сүмд нэгдэхээ мэдэхийг хүсэж байсан. Тэр олон янзын сүмд очсон ба хариулт эрэлхийлэн Библийг уншжээ. Иаков 1:5 түүнд бүх үнэний эх сурвалж болох Бурханаас асуухад сүнслэгээр нөлөөлсөн. (Иосеф Смит—Түүх 1:10–13-ыг үзнэ үү.)
Иосеф залбирахаар бэлтгэж байхдаа нам гүм, тайван газрыг олов. Тэр залбирч эхлэх үедээ эсэргүүцэлтэй тулгарсан ч “[өөрийгөө] чөлөөлүүлэхийн тулд Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчил[сан]” (Иосеф Смит—Түүх 1:16) ба асуултынхаа хариултыг хүлээн авчээ (18–19-р шүлгийг үзнэ үү).
Иосефын туршлагаас бид итгэл, залбирал, хариулт хүлээн авах талаар их зүйлийг сурч болно. Иосеф Эцэг, Хүү хоёрыг анх харахдаа эхний асуултынхаа хариуг хүлээн авсан ч амьдралынхаа туршид Бурханаас залбирлаараа дамжуулан хариулт эрэлхийлж байсныг анхаарах нь чухал. Эдгээр хариулт олон жилийн турш Бурханыг өөрт нь хариулна хэмээн эрэлхийлж, дуулгавартай, итгэлтэй байсны үр дүнд цувран ирсэн.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Иосеф Смит бидэнд асуултууддаа шийдэл олохын тулд дагах загварыг үзүүлсэн” гэж заасан.
Анхны үзэгдэл миний гэрчлэлд чухал уу?
Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт Анхны үзэгдлээр эхэлсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна. 1820 оны хаврын тэр нэгэн өдөр Бурхан Иосефтой ярилцаж, залбиралд нь хариулан, дэлхий дээр Есүс Христийн Сүмийг дахин байгуулахад чиглүүлэх удирдамжийг өгчээ.
Хэрэв бид Их Эзэнийг Иосефтой ярьсан гэдэгт итгэх юм бол бидэнтэй ч бас ярина гэдэгт итгэх болно. Хэрэв бид Түүнийг бошиглогч Иосефоор дамжуулан Өөрийн Сүмийг дахин байгуулсан гэдэгт итгэх юм бол Түүнийг одоогийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор дамжуулан биднийг үргэлжлүүлэн удирдан чиглүүлсээр байгаа гэдэгт итгэх болно.
Амьд бошиглогчид Иосеф Смитийн нэгэн адил Сүмийг удирдах илчлэлт хүлээн авдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хэрэв Ариун ойн цоорхойд болсон Иосеф Смитийн гайхамшигтай туршлага бидэнд ямар нэгэн зүйл заадаг л бол тэр нь тэнгэр нээгдэж Бурхан хүүхдүүддээ хандан ярьдаг явдал юм” хэмээн хэлжээ.
Анхны үзэгдлийн тухай гэрчлэл нь Их Эзэнд болон Түүний Сүмд итгэх бидний итгэлийг, өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдөд үргэлжлүүлэн өгсөөр буй илчлэлтийн талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн.
Бид Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлийг хэрхэн олж авах вэ?
Хүн бүрийн хөрвөгдөх аялал өөр өөр ч эцэстээ бүгд Анхны үзэгдлийн болон сайн мэдээний бусад үнэний талаарх гэрчлэлийг Ариун Сүнсний баталгаагаар дамжуулан олж авдаг.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жэффри Р.Холланд: “Сэтгэлийг тань шаналгаж байгаа зүйлс болон асуултуудаа олж мэд, гэхдээ эхлээд итгэлийн цогоо асааж, үүнийг мөнхөд бадраа, учир нь итгэгч хүнд бүх зүйл боломжтой” гэж заасан.
Залбирал бол Анхны үзэгдлийн болон бусад бүх асуултын талаарх хувийн илчлэлтийн үүд хаалгыг нээдэг түлхүүр юм. Бурханаас асуу. Иосеф Эцэг, Хүү хоёрыг үнэхээр харсан эсэхийг Түүнээс асуу. Сүнсийг эрэлхийлж, Их Эзэнд итгэн, үргэлжлүүлэн хичээ. Та Иосефын адилаар “Би үүнийг [мэдэх] бөгөөд Бурхан ч үүнийг [мэднэ] гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадах[гүй]” (Иосеф Смит—Түүх 1:25) гэж хэлэх болно.