2025
Сэргээлтийн адислал
2025 оны 1-р сар


“Сэргээлтийн адислал,” Лиахона, 2025 оны 1-р сар

Ирээд, Намайг дага

Сургаал ба Гэрээ 1; Иосеф Смит—Түүх 1:1–26

Сэргээлтийн адислал

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ намайг болон гэр бүлийг минь адисалсан бөгөөд бүх дэлхийг адислахаар урагшилсаар байх болно.

Лацдан холбох өрөө

Фижигийн Сува ариун сүмийн селестиел өрөөний гэрэл зураг

1820 оны хавар хариулт хайсан 14 настай хүү ойн цоорхойд очжээ. Тэр эргэн тойрондох олон сүмээс алинд нь нэгдэхээ мэдэхийг хүсэж байв. Энэ хүү судраас “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг” гэж уншсаныхаа дараа төгөлд очиж, зүрх сэтгэлээ Бурханд дэлгэв. Түүнийг залбирахад тэнгэр нээгдсэн.

Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэж, түүний залбиралд хариулсан (Иосеф Смит—Түүх 1:16–20-ийг үзнэ үү). Энэхүү ариун үйл явдал нь Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийг эхлүүлсэн билээ. Энэ мэдлэг амьдралыг минь агуу ихээр адисалсан ч гэрчлэлтэй болоход надад нэлээд хугацаа шаардагдсан юм.

Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээв

Олон жилийн өмнө надад залуу Иосефтой адил бодол төрдөг байлаа. Фижи дэх олон өөр сүмээс гарсан “үгийн болон үзэл бодлын үймээн самуун” (Иосеф Смитийн Түүх 1:10) намайг төөрөлдүүлсэн. Анх номлогчидтой уулзах үед надад маш олон асуулт байсан. Сүмд найман жил сонирхогч байсан учраас зарим хүн намайг наазгай суралцагч гэж хошигнон хэлдэг байв. Харин Сүмийн нэрийг ойлгосноор би хөрвөгдөж эхэлсэн юм.

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Өөрийн Сүмийг байгуулсан. Цаг хугацаа өнгөрөхөд Түүний Сүмийн сургаал, санваарын эрх мэдэл алдагдав. Есүс Христ дэлхий дээр амьдарч байхдаа Өөрийн байгуулсан тэрхүү Сүмийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өнөө үед сэргээсэн юм (Итгэлийн тунхаг 1:6-г үзнэ үү). Тэр мөн илчлэлээр дамжуулан “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх болно” (Сургаал ба Гэрээнүүд 115:4) хэмээн зарлигласан билээ.

Энэ бол Есүс Христийн Сүм. Тиймээс Түүний нэрээр нэрлэгддэг. Найман жилийн дараа энэ үнэн зүрх сэтгэлд минь нэвчин орсон юм. Би 27 настайдаа баптисм хүртсэн бөгөөд удалгүй тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр мөн өглөөний семинарын багшаар дуудагдав. Бага багаар гэрчлэл минь өссөөр байлаа.

Сэргээлт үргэлжилж байна

Семинар зааж, ариун ёслолын цуглаанд оролцож, Ерөнхий чуулганы үгийг сонссоноор амьдрал минь өөрчлөгдөв. Түүнчлэн би Сэргээлт болон Иосеф Смитийн бошиглолын дуудлагын бодит нотолгоо, илрэл болох Мормоны Номыг уншиж байхдаа Сүнсний тайвшруулах, тайтгаруулах, урам зориг өгөх нөлөөг мэдэрсэн.

Их Эзэн Иосефыг дуудаж, “тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн” (Сургаал ба Гэрээнүүд 1:17) ба Тэр “хүмүүст бурханлагаар нөлөөлж, эрт дээр үеийн адил энэ эрин үед тэднийг өөрийн ариун ажилд дууддаг,” “үүгээр тэрбээр өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэг л адил Бурхан”(Сургаал ба Гэрээнүүд 20:11–12) гэдгийг харуулсан.

Иосефоор эхэлсэн Сэргээлт өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хожмын үеийн гэгээнтнүүд бид Аврагчийн нэрээр ярихаар дуудагдсан ба ингэснээр “дэлхий дээр итгэл … нэмэгдэж,” Түүний “үүрдийн гэрээ тогтоогдож,” “[Түүний] сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад … тунхаглагдаж болохын тулд бөлгөө” (Сургаал ба Гэрээнүүд 1:21–23). Бид Есүс Христийг эргэж ирэх тэр өдөрт зориулан Сүмийг босголцож, дэлхийг бэлтгэхэд туслах боломжтой адислагдсан хүмүүс билээ.

Таниэла Ваколо ариун сүмийн гадаа бусадтай хамт байгаа нь

Ахлагч Ваколо (баруун захад), Ваколо эгч хоёр ахлагч Ваколог Сүмд нэгдээд нэг жил болсны дараа, 1995 оны 8-р сард Тонгагийн Нуку’алофа ариун сүмд хишиг хүртэж, лацдан холбуулсан. Энэ зураг дээр тэд ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт байна.

Бошиглогч Иосефт талархах

Баптисм хүртсэнээс хойш жилийн дараа эхнэр Анита бид хоёр энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулахын тулд Тонгагийн Нуку’алофа ариун сүм рүү явсан юм. Сэргээлтийн тухай миний гэрчлэл ариун сүмийн аяллыг минь үнэхээр утга учиртай болгосон. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ үнэхээр бүх зүйлийг утгатай болгодог! Надад болон гэр бүлд минь авчирсан адислалуудын төлөө зүрх сэтгэл минь талархлаар дүүрсэн.

Энэхүү эрхэм адислал дэлхийд “Их Эзэний бошиглогч ба үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүсийн авралын төлөө, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, үүн дээр амьдарч байсан ямар ч хүнээс илүү ихийг хийсэн” (Сургаал ба Гэрээнүүд 135:3) түүгээр дамжин ирсэн. Бид энэхүү эцсийн эрин үеийн бошиглогчоор дамжуулан хүлээн авсан зүйлийнхээ төлөө үргэлж талархаж, нандигнаж явах ёстой.

Иосефоор дамжуулан бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээний харилцаагаа ойлгодог. Бидэнд сэргээгдсэн санваар, ёслол, гэрээнүүд бий. Ариун ойн цоорхой дахь Иосефын туршлагаас бид Эцэг Өөрийн Хүү Есүс Христийг танилцуулахаасаа өмнө Иосефыг нэрээр нь дууддаг талаар мэдэж авдаг (Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү). Тэр бас биднийг нэрээр маань мэддэг. Тэрээр тэнгэрийг нээж, 14 настай хүүгийн энгийн бөгөөд чин сэтгэлийн залбиралд хариулсантай адил хэдтэй гэдгээс маань үл хамааран Өөрийн хүсэл, арга зам, цаг хугацаанд бидний залбиралд хариулах болно. Эдгээр үнэн миний бодгальд гүн гүнзгий нэвчин орсон. Би эдгээрийг үнэн гэдгийг гэрчилж байна.

Би өөрийгөө энэ дэлхийд сайн үйл хийж байгаа нэгэн хэмээн найддаг. Хэрэв би тэгсэн бол, Иосеф Смит дэлхийд хувь нэмрээ оруулахын тулд асар их зүйлийг хийсэн. Бошиглогч Иосефын дэлхий дээр авчрахын тулд амиа золиосолсон сэргээгдсэн сайн мэдээгүйгээр амьдрал минь өнөөдрийнх шиг биш байж; би одоогийнх шигээ ийм нөхөр, аав болоогүй; ийм аз жаргалтай байхгүй байх байсан. Сайн мэдээ надад гэрэл гэгээ, итгэл найдвар өгдөг. Үүний төлөө би бошиглогч Иосеф Смитэд үүрд талархах болно.

Хэзээ ч, хаана ч

Би хаа явсан газраа хэн нэгэнд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг танилцуулна гэж найдан Мормоны Номын нэг хувийг авч явдаг. Өдийг хүртэл би хэдэн зуун хувийг дэлхий даяар тараасан. Би Сэргээлтийн захиасыг хэзээ ч хаана ч хуваалцах дуртай.

Ялангуяа эхнэр бид хоёр гэртээ хүүхдүүддээ зааж, гэрчлэх бүр их дуртай байсан. Охин маань одоо АНУ-ын Нью-Йорк Ситид номлогчоор үйлчилж байна. Бид түүнд “Явж, дэлхий дээр хаа байгаа газраа Аврагчийг гэрчил. Аав, ээж чинь ч мөн адил хаа явсан газраа ийн гэрчлэх болно” гэж хэлсэн. Бид үйлчлэлийнхээ тухай бие биедээ хуваалцах дуртай. Харин одоо бид дөрвөн настай ач охинтой болсон. Өвөө нь ач охиноо Аврагчийг, Түүний сайн мэдээг гэрчлэхийг дандаа сонсож, байнга санаж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг.

Бид бүгдээрээ Есүс Христийн шавийн амьдралаар үлгэр жишээч амьдарснаар сэргээгдсэн сайн мэдээний адислалуудын талаар хэзээ ч хаана ч гэрчилж чадна. Бид Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг хуваалцаж болно. Мөн бид Есүс Христ Өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээж, өнөөдөр Сүмээ удирдаж байгааг гэрчилж чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Үргэлжлэн явагдаж буй энэхүү Сэргээлтийн үед Их Эзэнээс илчлэлт ундран гарсаар байна” гэж заасан. Энэ нь биднийг Аврагч Есүс Христтэй холбоход сүнслэг нөлөө үзүүлж, удирдан чиглүүлж, тусалдаг бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн атгадаг санваарын түлхүүрүүдийн тасралтгүй шугамаар дамжин үргэлжилсээр байгааг би гэрчилж байна.

Энэ бол миний гэрчлэл хийгээд гэрч юм. Би үүнийг үргэлж дуртайяа хуваалцаж, үүнд хэзээ ч эргэлзэхгүй.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108.