“Үлэмж баярлуулах сайн мэдээ,” Лиахона, 2025 оны 1-р сар
Үлэмж баярлуулах сайн мэдээ
Сэргээлтийн адислалууд бидний зүрх сэтгэлийг баясган, Бурханы агуу хайранд талархах талархлаар дүүргэх ёстой.
Есүс Христ амьд бөгөөд хожмын энэ өдрүүдэд Тэр Өөрийн сайн мэдээ, Сүмийг сэргээсэн гэдэг нь бүх хүнд хандсан бидний итгэл найдвар ба амар амгалангийн захиас юм.
“Эдгээр зүйл хүн төрөлхтөнд юутай зүйрлэшгүй алдар суутай вэ! Тэрхүү үнэнийг бүх хүнд агуу баяр хөөрийн мэдээ хэмээн тооцож болох юм; мөн энэхүү сайн мэдээ нь дэлхийг дүүргэж, сонссон хүн бүрийн зүрх сэтгэлийг баясгах ёстой” гэж Бошиглогч Иосеф Смит тунхагласан.
Дэлхий дээрх Аврагчийн тохинууллын дараах олон зууны турш Бурханы хүүхдүүд Түүнийг эрэлхийлж, илүү их гэрэл, үнэнийг эрсэн. Одоо Есүс Христийн сайн мэдээний баярт мэдээ, мөн үргэлжилж буй Сэргээлт нь бүх хүнийг адисалж, Есүс Христ “Хаадын Хаан, Эздийн Эзэн болон хаанчлахаар эргэн ирэх өдөрт дэлхийг бэлтгэхээр урагшилсаар байна. Энэ бол Тэнгэр дэх Эцэг болон бидний Аврагчийн дуусашгүй хайрын агуу илэрхийлэл юм. Би эдгээр үнэнийг бүх дэлхий даяар тунхаглахад амьдралаа зориулж байгаадаа баяртай байдаг.
Тохиромжгүй бөгөөд гайхалтай
Ойн цоорхойд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитийн аль сүмд нэгдэх талаар залбирсных нь хариуд түүнд үзэгдэж ярьснаар хүн төрөлхтөнд шинэ өдөр ирсэн билээ( Иосеф Смит—Түүх 1:14–20-ийг үзнэ үү). Есүс Христ Иосефт аль ч сүмд бүү нэгд гэж хэлсэн. Түүний сайн мэдээний бүрэн байдал ирээдүйд Иосефт илчлэгдэх болно хэмээн Тэр амласан.
Олон хүн Иосеф ийм чухал ажилд дуудагдахад хамгийн тохиромжгүй хүн гэж боддог байсан нь үндэслэлтэй байлаа. Тэрээр хүний хөлөөс зайдуу хотын нэгэн жижиг фермийн боловсролгүй, бусдад тийм ч ач холбогдолгүй хөвгүүн байв. Аврагчийн талаар ч бас Түүний үед амьдарч байсан зарим хүн “Назараас сайн юм гарч чадна гэж үү?” хэмээн ярьдаг байсан. (Иохан 1:46), олон хүн Нью-Йоркийн Палмира хотын 14 настай, боловсролгүй нэгэн хүүгээс ямар л гойд юм гарав хэмээн боддог байсан. Уг ажлыг хийхэд хамгийн тохиромжгүй мэт харагдах Иосефоор дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христ хоёр үнэхээр гайхамшигтай зүйлсийг тохиолгон авчирсан. Энэ нь бид ч бас өөрсдийн өчүүхэн бөгөөд даруу байдалд Их Эзэний ажилд утга учиртай хувь нэмэр оруулж чадна гэсэн найдварыг бидэнд төрүүлэх ёстой.
Цаг нь болоход Их Эзэн Иосефыг дуудан, “тэнгэрээс түүнд ярьж, түүнд зарлигуудыг өгсөн” (Сургаал ба Гэрээ 1:17). Иосеф Смитийн хүлээн авсан нандин илчлэлтүүд ба юугаар ч орлуулшгүй сургаал нь Тэнгэрлэг Эцэгийн хайрын төлөвлөгөө болон Есүс Христийн гэтэлгэгч хайр, Түүний цагаатгагч золиосны хүчний талаарх бидний ойлголтод шинэ тусгалыг авчирсан билээ. Гайхалтай нь, эдгээр сайн мэдээ тээвэр, харилцаа холбоо болон бусад салбарт томоохон ахиц дэвшил гарсан яг тэр мөчид ирсэн нь Бурханы гэрэл гэгээг гэрэлтүүлж, Түүний улам олон хүүхдийг адислах боломжийг олгосон юм.
Тэнгэр элч Моронай ялтаснуудыг Иосеф Смитэд өгч байгаа нь, К.К.А.Кристэнсэн
Бурхны хайрын хүчтэй гэрчлэл
Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь Сэргээлтэд зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд Бурханы хайрын хүчирхэг нотолгоо болсон юм. Моронай Иосефт алтан ялтаснууд дээр бичсэн цэдэг ойр хавийн газарт булагдсан тухай ярьжээ ( Иосеф Смит—Түүх 1:33–34-ийг үзнэ үү). Яваандаа Иосефт уг цэдгийг орчуулах “хүчийг дээрээс түүнд өгсөн” (Сургаал ба Гэрээ 20:8) бөгөөд энэ нь Библийн хамт Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Ном болсон юм.
Мормоны Номын ихэнх хэсгээс бид Христээс олон зуун жилийн өмнө Түүний ирэлтийг мэдэж, бошиглож, хүлээж байсан хүмүүсийн тухай уншдаг. Бид мөн амилсан Аврагч Нифайчууд дээр Өөрийн биеэр үзэгдсэн болон тохинуулсан тухай ер бусын түүхийг олж мэддэг бөгөөд энэ үеэр Тэрээр бүх хүнийг Өөрт нь ирж, Түүний хажуугийн сорви болон Түүний гар, хөл дэх хадаасны сорвинд хүрч мэдрэхэд урьсан юм (3 Нифай 11:14–15-ыг үзнэ үү). Тэрээр өвчтэй, доголон, сохор хүмүүсийг, “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн бүгдийг” эдгээж, бяцхан хүүхдүүдийг адисалж, тэдний төлөө залбирсан (3 Нифай 17:7–9, 21-ийг үзнэ үү). Бид энэхүү ариун шастираас Аврагчийн хайр, нигүүлслийн талаар маш ихийг мэдэж авдаг.
Мормоны Ном “Есүс бол Христ” гэдгийг гэрчилдэг. Мормоны Номон дээрх батлах дуу хоолойнууд Тэнгэр дэх Эцэг болон Аврагч маань бидний төсөөлж чадахаас ч илүүгээр биднийг хайрладаг гэдгийг бидэнд дахин дахин сануулдаг.
Сүм ба санваарын адислалууд
Бусад тэнгэрлэг элч Иосеф Смитэд үзэгдсэнээр Сэргээлт үргэлжилсэн юм. “Амилсан Иохан Баптисч нүглээс ангижрахын тулд усанд умбуулалтаар хийх баптисм хүртээх эрх мэдлийг сэргээсэн. Анхны арван хоёр төлөөлөгчийн гурав нь болох Петр, Иаков, Иохан нар төлөөлөгчийн эрх, санваарын эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээсэн. Бусад тэнгэр элч ирсний нэг нь гэр бүлүүдийг үхлийн дараа ч үүрд мөнхөд үргэлжлэх мөнхийн харилцаанд холбох эрх мэдлийг сэргээсэн Елиа байв.”
Есүс Христ 1830 оны 4-р сарын 6-нд Бошиглогч Иосефоор дамжуулан Шинэ Гэрээний үед Өөрийн зохион байгуулсан сүмийн загвараар сүмийг байгуулсан (Итгэлийн тунхаг 1:6-г үзнэ үү) нь “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд, Есүс Христ Өөрөө булангийн чулуу нь ажээ” (Ефес 2:20). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм сэргээгдсэн санваарын хүчээр ирдэг адислалуудыг хүлээн авахад өөрсдийгөө бэлддэг Бурханы бүх хүүхдэд тэр адислалуудыг боломжтой болгодог.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар, бид Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид хандаж өдөр бүр наманчилснаар баяр баясгаланг олж чадна. Сэтгэлээр унасан эсвэл өөрсдийгөө дутуу дулимаг эсвэл хамт олны нэг хэсэг биш гэж боддог хэн бүхэнд хандан хэлэхэд бүх хүн Христэд болон Түүний Сүмд ирэхээр уригдсан. Сүм бол төгс хүмүүст зориулсан дуган биш, харин өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “бид асуудлуудаа нуухаар биш, харин эдгээхийн тулд сүмд ирдэг” хэмээн бидэнд сануулдаг.
Сүмд бид анхаарлаа бусдад хандуулж, хайраар үйлчилж, хувийн туршлагаа Христийн элбэг дэлбэг сайн сайхантай хуваалцах боломжуудаас баяр баяслыг олдог. Бид “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологд[ож]” мөн “Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгд[эх]” (Моронай 6:4) боломжтой. Ямар гайхалтай адислал вэ!
Үлэмж баярлах шалтгаан
Бошиглогч Иосеф Смит нэгэнтээ: “Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг; мөн газраас үнэний дуу хоолойг; мөн нас барагсдын талаарх баярт мэдээнүүдийг; амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баяслын баярт мэдээг буюу (Сургаал ба Гэрээ 128:19).
Тэнгэрлэг Эцэг, Түүний хайртай Хүү Есүс Христ хоёр биднийг хайрлаж, Тэдний амьдардаг амьдралаар бид мөнхөд амьдарч болохын тулд биднийг оршихуйдаа буцааж аваачихыг юунаас ч илүүтэй хүсдэг учраас энэхүү сайн мэдээ ирсэн юм. Тэд үүнийг бидэнд гайхамшигтай боломж болгохын тулд шаардлагатай бүхнийг хийсэн гэдгийг Сэргээлт илчилдэг. Бид мөнхийн аян замдаа сорилт бэрхшээлийг туулах боловч эдгээр нь энэ болон ирэх амьдралд “[бид] баясгалантай байж болохын тул” бөлгөө (2 Нифай 2:25). Бошиглогч Иосеф үүнийг ихэнх хүнээс илүү мэддэг байсан.
Иосеф байнга эсэргүүцэл, хавчлагатай тулгардаг байсан ч “төрөлхийн хөгжүүн баяр хөөртэй зан чанар” нь (Иосеф Смит—Түүх 1:28) өөрчлөгдөөгүй юм. Тэрээр баяр баясгалантай, хүчтэй, тэсвэр хатуужилтай хэвээр үлдэж, өөрт нь өгөгдсөн ер бусын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Бошиглогч Иосеф Смитэд итгэж, дэмжиж, түүнийг дагаж, Сүмийг барьж байгуулахад өөрсдийгөө зориулсан эхэн үеийн бүх Гэгээнтнүүдэд би хүндэтгэл үзүүлж байна. Бид тэдэнд гүнээ талархах, хүндэтгэх өртэй билээ.
Сүмийн эхэн үед хэцүү байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн амаргүй байж болно. Гэвч Сэргээлт үргэлжилсээр байна. Есүс Христийн тэргүүлдэг энэ Сүмд амьд бошиглогчид биднийг үргэлжлүүлэн удирдах болно. Бурхантай хийсэн мөнхийн гэрээнүүдийн адислалууд биднийг Түүнтэй болон хөшигний хоёр талд байгаа хайртай хүмүүстэй маань холбож болохын тулд Их Эзэний өргөөнүүд үргэлжлэн баригдсаар байх болно (Maтай 16:19-ийг үзнэ үү). Бид Түүний хоньдыг тэжээж, сайн мэдээг хуваалцах Аврагчийн зарлигийг дагахын хэрээр Бурхан болон Есүс Христийн хайр бүх дэлхийд түгэх болно. Бид Иосефын үед төсөөлж ч байгаагүй газруудад болон арга замаар Сэргээлтийн үнэнүүдийг гэрчлэх болно.
Бид эдгээр эрхэм үнэнийг хүлээн авч, үүний дагуу амьдарснаар бошиглогч Иосефын адил хүч чадал, агуу баяр баяслыг олж чадна. Тухайн үеийн гэгээнтнүүдэд өгсөн Иосефын дараах уриа одоо ч бидэнтэй хамт үргэлжилсээр байна: “Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун … тэгээд ялалт өөд ахь ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг” (Сургаал ба Гэрээ 128:22).
Сэргээлтийн авчирдаг хайр, баяр баясгалангийн сайн мэдээ нь одоо болон үргэлж бидний амьдралыг адисалж, удирдан чиглүүлэх болтугай.