2025
Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй ч Христ баяр баясгаланг үнэ төлбөргүй өгдөг
2025 оны 1-р сар


“Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй ч Христ баяр баясгаланг үнэ төлбөргүй өгдөг,” Лиахона, 2025 оны 1-р сар.

Залуучуудад зориулав

Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй ч Христ баяр баясгаланг үнэ төлбөргүй өгдөг

Мөнгөтэй болох хүсэл миний эн тэргүүний зорилго болсноор би дэлхийн зүйлсийг Тэнгэрлэг Эцэгээс илүүд үзэж байгаагаа ухаарсан юм.

Дэлгүүрийн цонхоор харж байгаа залуухан эмэгтэй

Зохиогчийн зургийг Стифэн Нийлсэн

Томрох тусмаа би маш их хүсэл эрмэлзэлтэй нэгэн болж байв. Миний насны хүмүүс аль хэдийн мөнгө олж, сошиал медиа дээр амжилттай байхыг би харсан. Би яг тэдэнтэй адил болохыг хүсдэг байлаа.

Их сургуульд сурч, бие даан амьдарснаар мөнгө миний эн тэргүүний зорилго болсон юм. Би тэтгэлэгт тэнцэх, мөнгө хуримтлуулах, ирээдүйд зураач болох бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж байлаа.

Миний сошиал медиагийн талбар хүртэл нэмэлт мөнгө олохын төлөөх үр ашиг, хөрөнгө оруулалт, давхар хийж болох ажлын тухай мэдээллээр дүүрдэг байв. Мөнгөний тал дээрээ ухаалаг байж, боломж бүрийг ашиглахгүй л бол санхүүгийн хувьд аюулд орох вий гэхээс би санаа зовдог байсан.

Ийм бодол намайг аз жаргалд, амжилтад хүргэнэ гэж бодсон учраас би үүнийг өөртөө хэвшүүлэв. Би хэзээ нэгэн цагт их мөнгөтэй болохоороо энэрлийн байгууллагуудад мөнгө хандивлаж, илүү сайн хүн болно гэж өөртөө хэлэн, мөнгөнд анхаарлаа төвлөрүүлж буйгаа үргэлж зөвтгөдөг байлаа.

Тухайн үедээ анзаараагүй ч мөнгөтэй болох хүслээ эн тэргүүнд тавьснаар амьдралын баяр баяслыг мэдрэхээ больж эхлэв. Ялангуяа би хангалттай мөнгөтэй харагддаг хүмүүст улам атаархах боллоо.

Би сошиал медиа дээр ч, мэргэжилдээ ч, тэр ч байтугай бусад хүний нүдэнд хүртэл амжилттай харагдахыг хүсэж эхэлсэн юм. Гэвч намайг амжилтын араас хөөцөлдөх тусам амжилт надаас холдож, Тэнгэрлэг Эцэгээс улам тусгаарлагдсан мэт санагдаж билээ.

Эд баялагт төвлөрч буйгаа таньж мэдэх

Жил орчмын дараа би Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн үгийг сонсож байлаа. Түүний яг ямар хүн болж хувирснаа ярихыг нь сонсоод сэтгэл минь гэнэт хүчтэй шаналав.

“Өнөөдөр ч гэсэн Христийн шашинтай гэж хэлдэг хүмүүсийн зарим нь дэлхийн зүйлсэд буюу дэлхий дээрх амьдралыг тэтгэдэг боловч мөнх амьдрал руу хөтөлдөггүй зүйлсэд илүү их татагддаг” гэж тэр ярьсан.

Би Бурхан, мөнгө хоёрын аль алиныг нэгэн зэрэг эн тэргүүнд тавьж чадна гэж бодсон ч ерөнхийлөгч Өүксийн үгс болон Матай 6:24 дээрх “Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй” гэсэн сургаал үнэн болох нь батлагдсан юм.

Оюун ухаанаа эд зүйлс дээр төвлөрүүлсэн үед сайн мэдээний сэтгэл татам байдлыг олж харахад надад хэцүү байсан. Сүмд явж, судар унших нь миний хүсэл эрмэлзэлд хэрхэн тус болохыг би ойлгоогүй байж.

Боловсролоо дээшлүүлж, тогтвортой орлоготой болох нь зохистой хүсэл хэдий ч би тэдгээрийг хэт их чухалчилж, бүр донтсон байсан. Би сэтгэлгээгээ өөрчлөхгүй л бол хэцүүднэ гэдгээ ухаарсан.

Хамгийн чухал зүйлд төвлөрөх

Би Тэнгэрлэг Эцэгт хандан хамгийн чухал зүйлс дээрээ төвлөрөхөд минь туслаач гэж гуйн залбирсан. Би судруудыг уншиж эхэлсэн ба өмнө нь тоогүй олон удаа уншсан шүлгүүдийг судлахад тэдгээр танил түүх миний анхаарлыг татаж эхэлсэн юм. Ариун Сүнс надтай харилцаж байгааг би мэдэрсэн!

Миний сэтгэлийг догдлуулсан нэг түүх бол баян залуугийн тухай түүх байв. Есүс түүнд “Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ” (Матай 19:21).

Судрын энэхүү түүхийг уншиж байхад, түр азнаад, надтай хэр хамаатайг бодох хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн юм. Эхэндээ баян залуу захирагч, бид хоёрт адил төстэй зүйл байхгүй юм шиг санагдсан. Тэр аль хэдийн баяжиж, хөрөнгөнөөсөө салахыг хүсэхгүй байсан бол би хараахан баяжиж амжаагүй байсан болохоор илүү их мөнгө олох гэсэн хичээл зүтгэлээ зөв гэж бодож байв.

Гэвч удалгүй би баян залуу захирагчтай адил хөрөнгөө өгөхөд хэцүү байгаагаа ухаарсан юм. Ялангуяа илүү их мөнгө олох хүслээ орхино гэж бодохоос хэцүү байв.

Би Тэнгэрлэг Эцэгийг амьдралдаа дахин нэгдүгээрт тавихыг хүслээ. Тэмдэглэлээ нээж, төрсөн сэтгэгдлээ бичээд, юу намайг ийнхүү донтоход хүргэснийг илүү сайн ойлгохын тулд өмнөх бичвэрүүдээ эргэн харахаар шийдэв.

Ийн үйлдэж байхдаа би эн тэргүүнд тавих ёстой зүйлүүдээ хэчнээн хойш тавьсан байсныг ойлгож билээ. Тэмдэглэлүүдээ уншиж яваад, би “Би хэрхэн илүү сайн болж, бусдад туслахаа бодохын оронд бүх зүйлээс яаж ашиг олох талаар бодсоор байна” гэж бичсэнээ анзаарсан юм.

Эцэст нь би судруудыг судалж, Сүнсийг сонсож, тэмдэглэлээ хөтөлснөөр өөрчлөгдөж эхэлсэн.

Мөнгөнөөс илүү Бурханд итгэх

Сургаалт үгс 3:5–6 дахь амлалт амьдралд минь биеллээ олохыг харах үнэхээр гайхалтай байсан.

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр чиний замыг шулуун болгоно.”

Би одоо ч авьяас чадвараа хөгжүүлж, боловсрол, зургийн карьераа дээшлүүлэхээр шаргуу хичээж байгаа. Өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд санхүүгийн баталгаатай байдлыг эрэлхийлэх нь зөв шударга хүсэл юм. Гэхдээ амжилт хийгээд мөнгийг бүхнээс илүүд үзэхгүйн тулд сэрэмжтэй байх хэрэгтэй.

Одоо надад алдартай болох уу, уран бүтээлээрээ асар их мөнгө олох уу гэдэг нь сонин биш. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг мөн гэр бүлээ болон урлагийг хайрлаж, тэдгээрээс хайрыг мэдэрдэг амьдралаар амьдрах нь надад хангалттай гэдгийг би ойлгосон. Би гэнэтийн зардал эсвэл бусдын амжилтад амархан бухимдахаа больсон. Харин би Есүс Христийн сайн мэдээнд сэтгэлээ илүүтэй зориулдаг болсон. Учир нь энэ нь намайг шунал, харьцуулалт, байнгын сэтгэл дундуур амьдралаас аварсаар байгаа. Намайг үүнийг мартах үед судрууд болон бошиглогчид амьдралд юу хамгийн чухлыг үргэлж сануулдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

“Эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр, махан биеийн таашаал нь аз жаргал авчирдаг гэж энэ дэлхий хэлдэг ч тийм биш юм! Тэдгээр нь авчирч чаддаггүй!

Үнэндээ аз жаргалыг хэзээ ч олж авч чадахааргүй газраас хайх нь илүү төвөгтэй юм! Харин таныг Есүс Христийн буулгыг өөр дээрээ авч, ертөнцийг ялахад шаардлагатай сүнслэг ажлыг хийх үед энэ дэлхий ертөнцийн таталтаас таныг дээш өргөх хүч зөвхөн Түүнд л бий.

Дэлхийг ялах

Аврагчийн тусламжтайгаар бодгальд маань гарсан өөрчлөлтүүд үнэхээр гайхамшигтай байсан. Амжилт гэдэг нь өөрийгөө ямар гайхалтай гэдгийг нотлох эсвэл хэр их мөнгө олж байгаатайгаа үнэ цэнээ холбох явдал биш бөгөөд мөнх бус амьдралыг мэдрэх боломж олгосонд талархаж, Тэнгэрлэг Эцэгийн надад үргэлж өгдөг гайхалтай адислалуудыг харах явдал гэдгийг би мэддэг. Хэрэв би Түүнийг нэгдүгээрт тавивал бусад бүх зүйл зохих байрандаа орно гэдгийг би мэднэ.

Би та нарыг амьдралдаа юуг эн тэргүүнд тавихаа бодож үзэхэд уриалж байна. Та нар эд зүйлс, өөрт байхгүй зүйлс дээр төвлөрч байна уу? Эсвэл хамгийн чухал зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж байна уу? Өөрөө өөртөө үнэнч бай. Та нар чиглэлээ Аврагч руу буцаан өөрчлөх хэрэгтэй эсэхээ анзаар.

Ингэснээр бодож байснаасаа ч илүү их баяр баясгаланг олох болно.