2025
Бурханы ажлууд илчлэгдэв
2025 оны 1-р сар


“Бурханы ажлууд илчлэгдэв,” Лиахона, 2025 оны 1-р сар.

Итгэлийн хөрөг

Бурханы ажлууд илчлэгдэв

Би эдгэрэх үү эсвэл хараагүй үлдэх үү гэдгээ мэдээгүй ч, зүгээр л Бурханы таалал гүйцэлдэж, Тэр намайг сорилт бэрхшээлээ даван туулахад тусална гэдгийг мэдэж байв.

Аврагчийг зурж буй эмэгтэй

Гэрэл зургуудыг Кристина Смит

2023 оны 1-р сарын 7-ны өглөө би баруун нүднийхээ харааг бүрэн, зүүн нүднийхээ харааг 90 хувьтай алдаад сэрэв. Дэлхий гэнэт бүүдгэр, тэр чигтээ саарал болж хувирав. Өнгө, гэрэл гэгээ намайг орхин одож, би харанхуй, айдас, эргэлзээн дунд ганцаар хоцорлоо.

Зураач хүний хувьд би бүхий л амьдралынхаа туршид зургаараа дамжуулан энэ ертөнцийн гоо сайхныг илүү тод илэрхийлэхийг чин зүрхнээсээ хүсэн мөрөөдсөөр ирсэн. Гэтэл би энэ дэлхийн гоо үзэсгэлэнг харж, тэдгээрт хүрч, талархаж чадахгүй юм бол яаж мөрөөдлөө биелүүлэх билээ?

Хараагүй болохоос хэд хоногийн өмнө нүд минь гэрэлд мэдрэгшиж, юм харах үед хурц гэрэл нүдэн дотор гялалзаж эхэлсэн юм. Би санаа зовж, нүдний эмчид үзүүлэхээр явав. Эмч надад үзлэг хийснийхээ дараа нугасны ус хуримтлагдсаар гавлын ясанд минь даралт үүсгэж, тархины хавдартай, түүн дундаа хараагаа алдахтай адил шинж тэмдэг үзэгдэж байгаа гэж тайлбарлав.

Хэрэв эмчлэлгүй орхивол дараагийн хэдэн сард миний хараа аажим аажмаар буурна гэж тэр надад хэлсэн юм. Түүнчлэн хуримтлагдсан усыг эмчилж чадах мэдрэлийн эмч олох хангалттай цаг байгаа гэж итгэлтэйгээр хэлэв.

Санаа минь зовж байсан учраас би бишопоор үйлчилдэг ааваасаа эрүүл мэнд, тайтгарлын адислал өгөхийг хүссэн. Түүнийг нэг зөвлөхтэйгөө хамт намайг адисалж байх үед Библид гардаг дуртай түүх санаанд минь орж ирэв.

“Шавь нар нь Түүнээс Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд

Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” (Иохан 9:2–3) гэдэг.

Миний оюунд “Бурханы хүч үүн дээр илрэх болно” гэх үгс эргэлдсээр байв. Энэ нь намайг эдгэрэх, хараагүй үлдэхийн алиныг нь хэлж байгааг би мэдээгүй ч зүгээр л Түүний таалал гүйцэлдэж, Тэр намайг сорилт бэрхшээлээ даван туулахад тусална гэдгийг мэдэж байв.

“Та хэдэн хуруу харж байна вэ?”

Хэдхэн хоногийн дараа би цаг товлосон мэдрэлийн эмчтэйгээ уулзах байсан ч 1-р сарын тэр нэгэн өглөө миний эгч Кайлид гэр бүлийнхэн маань намайг аваад ойролцоох эмнэлгийн яаралтай тусламж руу явах хэрэгтэй гэсэн мэдрэмж төржээ. Эмч нар нугасны уснаас ирэх даралтыг бууруулахын тулд компьютер томограф (CT) болон нугасны цоргонуудыг дурандах яаралтай захиалгад миний нэрийг оруулав. Маргааш нь би хоёр MRI (соронзон резонансын дүрслэл) шинжилгээ өглөө. Дараа нь нүдний эмч намайг үзэв.

“Та хэдэн хуруу харж байна вэ?” гэж тэр асуугаад, яг нүүрний минь өмнө гараа авчирлаа. Би юу ч харж чадсангүй.

Үзлэгийн дараа тэр намайг тархины гавлын дотоод даралттайгаас гадна нүдний мэдрэлийн үрэвслийн шинж тэмдэг илэрсэн гэж дүгнэсэн. Аль ч нөхцөл байдлаас нь үүдэлтэй байж магадгүй байв. Миний хараа алдалт өндөр хувьтай байсан учир эргэж хараа ороход нэг жил гаруйн хугацаа шаардагдана, магадгүй бүрэн сэргэхгүй ч байж магадгүй гэж эмч тайлбарлав. Эмч өндөр тунгаар судсаар тарих стероид ба бусад эмийг санал болгосон.

Түүнийг гарсны дараа би уйлж эхлэв. “Хэрэв одоо итгэлээсээ зууран барихад хэцүү байвал бидний итгэлд түшиглээрэй” гэж ээж минь надад хэлсэн юм.

“Намайг тайтгаруулаач”

Эмнэлэгт хэвтээд гурав дахь өдрөө мэдрэлийн эмч маань миний нугас, тархинд MRV (судасны MRI) шинжилгээ хийж, хавдар эсвэл бөглөрөл байгаа эсэхийг шалгахаар болов. Хараагүй болсноос хойш 2 өдрийн дараа үүрийн 4 цагаас эхлээд таван цаг үргэлжилсэн MRV шинжилгээнд орлоо. Тэр өглөө шинжилгээний өмнө гэр бүлийнхэн маань миний төлөө залбирч, мацаг барихаар төлөвлөсөн байв. Орой бүр эмнэлгийн өрөөнд миний дэргэд сандал дээр унтдаг байсан аав минь надад дахин адислал өгсөн нь түүнээс авсан хоёр дахь адислал байлаа.

Эмнэлгийн техникч надаас шинжилгээний үеэр хөгжим сонсмоор байгаа эсэхийг асуухад би дуртай дуучныхаа дууг тавихыг хүссэн. Техникч миний чихэнд резинэн чихэвч зүүж, толгойг минь хөдөлгөөнгүй байлгахын тулд бинтээр ороов. Ингэх явцдаа тэр миний чихнээс чихэвчийг мулталчихав. MRV-ийн шинжилгээ эхлэх үед би ямар ч хөгжим сонсож чадсангүй.

Шинжилгээ үргэлжлэх тусам дүрс бичлэгийн аппарат дотор би их халж халууцаж байв. Үүрд мэт санагдсан тэр үйл явдлын дараа техникч надад сайн байна, дахиад жаахан тэсээрэй гэж хэлэх нь тэр. Гэвч би халуунаас, чанга чимээнээс, намайг хөдөлгөөнгүй барьсан хязгаарлагчуудаас айж, түгшиж байлаа.

Би дотроо “Тэнгэрлэг Эцэг минь, намайг тайтгаруулаач. Би айж байна. Надад Таны тусламж хэрэгтэй байна. Надад гэр бүл минь хэрэгтэй” гэж залбирав.

Тэр даруй чихэнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу сонстлоо. Энэ бол дуртай дуунуудын минь нэг буюу миний дүү Морганы төгөлдөр хуур дээр тоглодог ая байлаа. Аппарат маш их чимээтэй, дээрээс нь чихэвч чихнээс мултарсан учир би ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан. Морган надтай хамт байгаа мэт, би ганцаараа биш юм шиг санагдав. Аппаратны чимээ улам бүр холдож, халуунаар төөнөхөө больж, харанхуйгаас айх айдас минь намайг орхилоо.

Би биеэсээ гарч, хязгааргүй огторгуйд хөвж байгаа юм шиг; Бурхан болон гэр бүлийнхэн маань намайг хайрандаа өлгийдсөн мэт надад санагдсан. Гэнэтхэн би маш тайван болсон. Яг энэ үед өглөөний 07:30 болж байсан ба гэрийнхэн маань миний төлөө мацаг барьж эхэлсэн байж. MRV шинжилгээний үлдсэн 5 цаг нүд ирмэх зуур өнгөрч, “Дуусчихлаа” гэх хоолойг би сонсов.

Тэрхүү явдлаас мэдэрсэн хайр намайг нулимс дуслуулахад хүргэснээс гадна эмнэлэгт өнгөрүүлсэн үлдсэн өдрүүдээ хөнгөн давахад тусалсан юм. Миний хараа эргэж орох үгүйг мэдэхгүй ч Бурхан байдаг ба залбирлыг минь сонссон гэдгийг би мэдсэн. Дөрвөн өдөр эмнэлэгт хэвтээд би гарав.

“Энэ бол гайхамшиг!”

Дараагийн хоёр долоо хоногийн турш би өдөр бүр эмнэлэгт очиж, хараагаа шалгуулсан. Хар саарлаас, цагаан саарал руу, өмнө минь хуруугаа харуулахад эргэн тойронд нь дүрсүүд эргэлдэж, зурагтын улбар шар өнгө цэцэг болж хувирах зэргээр өөрчлөлт гарч байлаа. Багахан сайжрахад ч би маш их баярлаж байсан.

Эмнэлгээс гарснаас хоёр долоо хоногийн дараа миний хоёр нүдний хараа тэгээс бараг бүрэн төгс хардаг болсныг үзлэгээр батлав.

“Бронвин, яаж ийм зүйл болов оо?” гэж эмчийг асуухад,

“Аан, бид их залбирсан, тэгээд адислагдсан юм” гэж би хариулсан.

“Энэ бол гайхамшиг!” Би хэзээ ч ийм зүйл тохиолдохыг харж байгаагүй. Ийм үр дүнд хүрэхийн тулд дор хаяж зургаан сар зарцуулдаг” гэж тэр гайхсан.

Хожим нь тэр эмч надад тэг хараатай өвчтөнүүд эргээд хэвийн болж эдгэрэх нь ховор гэж ярьж билээ. Хэдхэн долоо хоногийн дотор би түүний хамгийн хүнд өвчтөнөөс хамгийн сайн өвчтөн болсон юм.

Бронвин Хоус

“Христийн гэрлийг дага”

2022 оны сүүлээр аавын маань тойргийн удирдагчид тойргийнхоо 2023 оны уриаг сонгосон юм. Тэдний сонгосон уриа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Гайхамшгийг эрэлхийлж, хүлээ” гэсэн сургаалаас сүнслэгээр өдөөгдсөн байв.

Тэр үед аав энэ уриа хүнд хэцүү үеийг даван туулж байгаа тойргийн гишүүдэд тусална гэж боджээ. Харин энэ нь манай гэр бүлийн хувьд маш утга учиртай уриа болно гэдгийг тэр огт мэдээгүй.

Уг уриа бол “Христийн гэрлийг дага. Гайхамшгийг, Баяр хөөрийг хүлээ!” байв.

Хоёр жилийн дараа эдүгээ миний хараа өвдөхөөс өмнөх үеэс ч илүү сайжирсан. Би Тэнгэрлэг Эцэгтээ надад тохиолгосон гайхамшигт мөн гэр бүлийнхнийхээ гуйвшгүй итгэлд өдөр бүр талархдаг. Уг сорилтын үед Бурханы ажил илчлэгдсэн юм. Би бат бөх гэрчлэлтэй болж, амьдралд илүү их талархах болсон төдийгүй Түүнийг, гэр бүл, найз нөхдөө бүр их хайрлах болсон.

Өнөөдөр би Бурханы надад өгсөн адислал, бэлэг, баяр баясгаланг хамгийн сайнаар ашиглаж, Түүнийг алдаршуулан, бусдыг адислахын тулд тэр дундаа уран бүтээлчийн хувиар хийж чадах бүхнээ хийж байна.

Аврагчийн хөрөг зураг

Эдүгээ Бронвин Аврагчийн энэ хөргөөс авхуулаад өөрийн зурсан зургуудыг ашиглан Бурханыг алдаршуулж, бусдыг адислахад тусалж байна.

Эх сурвалж

  1. Тархины хуурамч хавдар гэж нэрлэгддэг өвчин.

  2. Нүдний мэдрэлийн үрэвсэл нь нүдний мэдрэл үрэвсэж өвчлөн, хараагүй болоход нөлөөлдөг.

  3. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 97.