2025
Бид гэр бүлтэйгээ үүрд хамтдаа амьдрах боломжтой
2025 оны 1-р сар


Бид гэр бүлтэйгээ үүрд хамтдаа амьдрах боломжтой

Ариун сүмд цагийг өнгөрүүлэх нь “танд селестиел ухаанаар бодож, өөрийгөө жинхэнээсээ хэн болох, хэн болж чадах, ямархуу амьдралаар мөнхөд амьдарч болох алсын харааг олж авахад тусална” гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан. 2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр бошиглогч Нэлсон Монголын Улаанбаатарт ариун сүм барих тухай зарласан сэтгэл хөдлөм мөчөөс хойш Монголын гишүүд гэр бүлийн түүхийн ажлаа улам бүр эрчимжүүлэн; гэр бүл, тойрог салбараараа ариун сүмийг зорьсоор байна.

Бурханы ариун сүм бол Сүмийн гишүүдийн заавал очих ёстой газар

Ховд салбарын Д.Ганхуяг ахын гэр бүл 2024 оны эхээр Хятадын Хонконг ариун сүм рүү яваад иржээ. Д.Ганхуяг ах: “Би 2002 оноос эхлэн Сүмийг сонирхож, сүмд явж эхэлсэн. Тэгээд 2005 онд баптисм хүртэж Сүмийн гишүүн болж байсан. Эхнэр, охин, 2 хүүтэйгээ бид бүгд Сүмийн гишүүд. Хэдийгээр сүмд яваад 20 гаруй жил болсон ч бид амьдралын саад бэрхшээл, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудлуудаас болоод ариун сүм рүү явахаа хойшлуулсаар байсан. Харин ариун сүм рүү явах тодорхой зорилго тавьсны үр дүнд 2024 оны 1-р сард эхнэр Б.Наранхишиг болон 2 хүүгийн хамт Хонконг ариун сүмд орж ёслолуудыг хүлээн авч, мөнхөд лацдан холбогдлоо. Үнэхээр Бурханы ариун сүм бол Сүмийн гишүүдийн заавал очих ёстой газар гэдгийг би гэрчилж байна. Тодорхой зорилго тавиад, Бурханд найдах юм бол боломжгүй зүйл гэж байхгүй юм билээ. Цаашдаа бид дахин ариун сүм рүү явж Солонгос улсад амьдарч байгаа охинтойгоо мөнхөд холбогдох зорилготой байгаа. Бас эхнэртэйгээ хамт Сүмд ахмад номлогчоор үйлчилж, сургаал биднийг хэрхэн зөв тийш чиглүүлж, өөрчилдөг тухай өөрийн туршлагыг олон хүнтэй хуваалцахыг хүсэж байна. Би ирэх дэлхийд Бурхантай бас гэр бүлийнхэнтэйгээ мөнхөд хамт амьдрах болсондоо маш амар амгалан, сэтгэл дүүрэн явдаг болсон” гэж хуваалцлаа.

Мөнхийн ханиа сонгохдоо зөв газарт хамтдаа зогсох хүнийг л сонгоорой

Сонгино тойргийн У.Тайван ахын гэр бүл 2024 оны 5-р сард гэр бүлээрээ Хятадын Хонконг ариун сүм рүү яваад ирсэн бөгөөд түүний эхнэр Т.Мөнгөндөлгөөн эгч ийнхүү хуваалцаж байна. “Би анх 2005 онд ээжээрээ дамжуулан 11 настай байхдаа сайн мэдээг анх сонсож , Сүмийн гишүүн болж байсан. 17 настай байхдаа Залуу эмэгтэйчүүдийн ангид мөнхийн гэрлэлтийн тухай хичээл сонсоод, ирээдүйн мөнхийн ханийнхаа талаар зорилго, мөрөөдлөө тэмдэглэн үлдээж, заавал ариун сүмд гэрлэнэ гэж өөртөө амлаж байсан. Гэвч нөхөр маань гадаадад сурдаг байсан тул бид Монголдоо гэрлэлтээ батлуулсан. Ариун сүм явах зорилго тавих бүрд санхүү, сүнслэг байдал, ажил төрөл гээд маш олон сорилт тулгарч, зорилгоосоо няцах үе зөндөө гарч байсан. Тэгээд 2023 онд гадасны ерөнхийлөгчтэй уулзаж ярилцан, ариун сүм явах зорилгоо нөхөртэйгөө хамт дахин тавьж, бүтэн жил маш сайн бэлдсэний эцэст 2024 онд Хонконг ариун сүм рүү явж, нөхөр, 2 хүүхэдтэйгээ мөнхөд лацдан холбуулсан. Энэ мөч үнэхээр үгээр хэлэхийн аргагүй маш нандин мөч байсан. Хоёр хүүхдээ, нөхрөө хараад хайраар бялхаж, Ариун Сүнсээр дамжуулан би гэр бүлийн мөнхийн холбоосыг маш хүчтэй мэдэрсэн, мөн энэ дэлхий дээр ирсэн зорилгоо илүү ихээр ухаарсан. Залуустаа хандаж, ариун сүм рүү заавал яваарай, олон сорилт тулгарсан ч бүү бууж өгөөрэй, мөнхийн ханиа сонгохдоо зөв газарт хамтдаа зогсох хүнийг л сонгоорой гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч Айринг: ‘Ариун сүм бол хэрэв зүрх сэтгэл маань нээлттэй, зохистой байвал илчлэлт бидэнд амархан ирж болох ариун газар юм’ хэмээн хэлсэн байдаг. Түүнчлэн ариун сүм бол нас барсан хайртай хүмүүстэйгээ уулзах, тэдэнтэй мөнхөд холбогдох, тэднийгээ аврах цорын ганц ариун өргөө гэдгийг би гэрчилж байна. Үнэний сургаал миний амьдралд байгаад би маш их талархдаг.”

Би сонгогдсон хүн гэдгээ мэдэрсэн

2024 оны 10-р сарын сүүлчээр Хан-Уул тойргийн 10 гишүүн ариун сүмийн аялалд яваад иржээ. Тэднийг төлөөлөн С.Энхбаяр ах ариун сүм рүү анх удаа яваад ирсэн сэтгэгдлээ ийнхүү хуваалцаж байна.

“Би анх 2016 онд баптисм хүртэж Сүмийн гишүүн болж байсан. Хэдийгээр сүмдээ тогтмол явдаг байсан ч ариун сүм явах тухайд зорилго тавихгүй, ач холбогдлыг бүрэн ухамсарлахгүй явдаг байж. Хэдэн сарын өмнөөс би ариун сүм явах зорилго тавиад, гэр бүлийн түүхийн ажлаа хийж, өөрөөсөө дээш 3 үеэ мэддэг болсон. Ариун сүмд ороод би өөрийгөө гэр бүлээсээ сонгогдсон хүн гэдгээ мэдэрч, Сүмийн гишүүн байхын хамгийн гол учир утга бол ариун сүмд очиж ёслолуудыг гүйцэтгэх юм байна гэдгийг ойлгосон. Ариун сүмд би хувийн хишгээ хүртэхээс гадна өвөг дээдсээ аврах ёслолуудыг гүйцэтгэж, тэдэнтэйгээ мөнхөд холбогдсон. Ялангуяа өвөөгөө харж байгаагүй мөртлөө өвөөгийнхөө аврагдсандаа хэчнээн их баярлаж байгааг, бас аав, ээж хоёрынхоо хоорондоо холбогдоод баяр хөөр болж байгааг мэдэрсэн. Бусад гишүүддээ хандаж хэлэхэд, хэрвээ гэрээсээ ганцаараа сүмд явдаг бол та нар сонгогдсон хүмүүс шүү. Тиймээс зорилго тавиад, ариун сүм рүү явахаа хойш тавилгүй эртхэн яваарай гэж хэлье. Ариун сүм бол Бурхантай хамгийн их ойрхон очдог газар бас амар амгалангийн өргөө гэдгийг би гэрчилмээр байна.”