“Христийн биед бүгд хэрэгтэй,” Лиахона, 2025 оны 1-р сар.
Гэрээт эмэгтэйчүүд
Христийн биед бүгд хэрэгтэй
Бид Бурхантай тогтоосон гэрээт харилцааныхаа ачаар илүү эрүүл, уян хатан, нягт эгч дүүсийн харилцааг дэлхий даяар бий болгоход тусалж чадна.
Бид бүгд Есүс Христийн сэргээгдсэн Сүмд байр суурь эзлэн харьяалагдаж, хэрэгтэй хүмүүс гэдгээ мэдрэхийг хүсдэг. Ах, эгч, дүүс маань хэдэн ч настай, ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн бид тэдэнд хамаатай хүмүүс байж, хэрэгтэй гэдгээ мэдрэхэд нь тусалж чадна. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэг, Эхийн хүүхдүүд учраас сүнсээрээ ах, эгч, дүүс юм. Бие биетэйгээ нягт холбоотой байх нь амин чухал.
Биднийг Бурхантай гэрээ байгуулах үед энэ нь зөвхөн Түүнтэй харилцах бидний харилцааг гүнзгийрүүлж, баяжуулаад зогсохгүй, Түүний бусад хүүхэдтэй буюу сүнслэг ах, эгч, дүүстэйгээ харилцах бидний харилцаанд нөлөөлдөг. Баптисмаас эхлээд Бурхантай байгуулдаг гэрээнүүдийнхээ улмаас бид бие биеэ хайрлан халамжлах үүрэг хүлээдэг.
Ганцаардлын асуудал
АНУ-ын ерөнхий мэс засалч, эрүүл мэндийн ухааны ахлах сурган хүмүүжүүлэгч харилцааны ач холбогдлын талаар дараах мэдэгдлийг хуваалцжээ. “Ганцаардах, өөрийгөө тусгаарлах тахал нь хувь хүний болоод нийгмийн эрүүл мэндийг хордуулагч үл тоомсорлогдсон хямрал байсаар ирлээ. Бидний харилцаа нь эдгэрэл, сайн сайхан байдлын анзаарагдаагүй эх сурвалж юм. … Ганцаардаж, өөрийгөө тусгаарласнаар эрүүл мэндэд гардаг томоохон үр дагавруудыг харгалзан бид нийгмийн эрүүл мэндийн бусад чухал асуудлыг чухалчилдагтай адил харилцаа холбоо тогтоох ажлыг нэн тэргүүнд тавих ёстой. … Бид хамтдаа илүү эрүүл, уян хатан, хамтын, хоорондоо илүү нягт [нийгмийг] байгуулж чадна.”
Бид Бурхантай тогтоосон гэрээт харилцаа болон Есүс Христийн шавь байх үүрэг хариуцлагынхаа ачаар бүх насны эгч нарыгаа хамруулсан илүү эрүүл, уян хатан, хамтын, нягт эгч дүүсийн харилцааг дэлхий даяар бий болгоход тусалж чадна.
“Бие биедээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” (Иoхан 13:35) хэмээн бидний Аврагч хэлсэн.
Бие биетэйгээ холбоо тогтоох
Бид цуглаанууд дотроо, ялангуяа Халамжийн нийгэмлэгтээ найрсаг, аюулгүй орон зайг бий болгосноор ганцаардлын тахлыг сааруулахад тусалж чадна. Бидний хайраар хүрээлэгдсэн ийм орчинд бүгд Их Эзэний хайрыг мэдрэх боломжтой.
Сүм дээрх туршлагууд маань бидэнд Их Эзэнтэй болон бие биетэйгээ харилцах амин чухал боломжийг олгодог ба эдгээр нь бидний бие бялдар, сэтгэл санаа, сүнслэг байдалд зайлшгүй хэрэгтэй. Эв нэгдэлд хүч, ялгаатай байдалд гоо сайхан асар их оршдог ба Христийн биед бүгд хэрэгтэй (1 Коринт 12:12–27-г үзнэ үү). Аварга том секвой моднууд үндсээрээ сүлжилдэж, хамтдаа ургадаг учраас байгалийн хүчийг тэсвэрлэх чадвартай байдгийн адил бид амьдралын шуурган дундуур гар гараасаа атган, хамтдаа зогсож, бие биеэ хүчирхэгжүүлэх хэрэгтэй.
Бид өөрсдөөс маань өөр гэж боддог хүмүүсээ илүү сайн таньж мэдсэнээр төсөөлснөөс маань ч илүү нийтлэг зүйл байгааг ухаардаг. Хүн бүрд бусдадаа өгч чадах маш их зүйл байдаг ба бид амьдралын олон сайхан, янз бүрийн туршлагаараа дамжуулан бие биеэ адисалж чадна. Бусдын түүхийг сонсож, ойлгохыг эрэлхийлэх нь бидний зүрх сэтгэлийг өөрчилж, зарим хүн рүү хандсан шүүлт, айдсыг маань тэдэнд талархах талархлаар солих чадалтай.
Их Эзэн бусдыг Түүний мэлмийгээр харахад тусалж, бидний зүрх сэтгэлийг хайраар дүүргэн, бусдыг өргөн дэмжиж, тайвшруулж, хамт инээж, уйлж, эргэн тойрондоо байгаа хүмүүсийг халамжлах чадалтай хүмүүс болгож чадна. Тэр бидэнд юу хэрэгтэйг, бусдыг амьдралын замналд нь хэрхэн адисалж болохыг мэдэхэд туслах болно.
Бүрэн дүүрэн ойлгож, төгс энэрч чадах цор ганц Нэгэн бий гэдэг нь ойлгомжтой. Тэрээр цагаатгагч золиослолынхоо нэг хэсэг болгон “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчиж; … өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ [авсан]” (Алма 7:11) учир бид хэзээ ч ганцаараа биш юм.
Бидний хүн нэг бүр Аврагчийн үлгэр жишээг дагаж, Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг хайрлан, тэдэнд тохинуулах ёстой. Бид бусдыг адислахын тулд Түүнтэй хамт хөдөлмөрлөдөг ба ингэснээр бид ч, тэд ч Аврагчийн хайрыг илүү бүрэн дүүрэн мэдэрч чадна. Гар гараасаа бариад, гэр рүүгээ баяр хөөртэй алхацгаая. Энэ бол бид бүгдийн хийхээр дуудагдсан ариун нандин ажил гэдгийг би гэрчилж байна.