Шашны эрх чөлөөгөөр дамжуулан энх тайвныг цогцлоох нь
2024 оны 10-р сарын 6-аас 8-ны өдрүүдэд АНУ-ын Юта мужийн Прово хотноо БЯИС-ийн Хууль эрх зүйн сургууль дээр Олон улсын хууль эрх зүй, шашны симпозиум 31 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. “Шашны эрх чөлөөгөөр дамжуулан энх тайвныг цогцлоох нь” уриан доор явагдсан энэхүү симпозиумд 50 гаруй орны эрдэм шинжилгээ, шашин, төр захиргаа, шүүх тогтолцоо, хүний эрх, иргэний нийгмийн байгууллагуудын удирдагчид оролцов. Монгол улсаас энэ жил Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Шашин судлалын тэнхим, Улсын бүртгэлийн газар зэрэг байгууллагаас нийт 7 төлөөлөгч оролцов. Тэдний заримынх нь сэтгэгдлээс сонирхуулъя.
МУИС-ийн философи шашин судлалын ухааны тэнхимийн багш С.Дэмбэрэл:
“Энэ удаагийн хуралд дэлхийн олон орноос ирж оролцсон шашин судлаачид, шашны зүтгэлтнүүд шашны эрх чөлөө, шашны олон янз байдлын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг явуулсан бөгөөд хуралд оролцогчид улс орон, нийгэм, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход шашин чухал үүрэг гүйцэтгэж байна гэж онцлон тэмдэглэлээ. Ялангуяа сүүлийн үед дэлхий дахинд Украйн Оросын дайн, Израйл Палестины тогтворгүй байдал зэрэг нөхцөлд хүмүүсийн итгэл үнэмшил, соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах, хүчирхийллээс зайлсхийхэд шашны зүтгэлтнүүдийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг онцолсон юм. Би МУИС-ийн шашин судлалын хичээлд шашны эрх чөлөөний тухай хэрхэн заадаг талаараа танилцуулсан. Надад Солонгосын эрдэмтдийн хэлэлцүүлсэн гэр бүл дэх шашны олон янз байдал, Солонгосын төр сүм хийдийн харилцааны хууль, эрх зүйн орчны талаарх илтгэл их сонирхолтой санагдсан. Шашин нь хүний дотоод оюун санааг амар амгалан болгохоос гадна нийгэмд ч амар амгаланг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг талаар эрдэмтэд олон янзын жишээ баримт, кэйс авч ярилцсан нь шашин судлалын мэдлэгт маань их чухал хувь нэмэр боллоо гэж харж байна. Ялангуяа БЯИС-ийн шашин судлаач, эрдэмтэдтэй уулзаж, шашин судлалын хичээлийн хөтөлбөр, сурах бичигтэй танилцан, сурах бичиг хамтарч зохиох талаар ярилцсан маань их олзуурхууштай зүйл боллоо. Мөн хэд хэдэн ном, гарын авлага авч, өөрсдийн хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулахад ашиглах болсондоо баяртай байна.”
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн:
“Энэ удаад би БЯИС-ийн урилгаар, өөрийн үндсэн ажил үүргийн хүрээнд анх удаа энэ шашны эрх чөлөөний тухай симпозиумд оролцлоо. Манайх Монгол дахь шашин судлалын суурь судалгааг явуулдаг байгууллага. Шашин нь аль ч улс, үндэстэн, угсаатны зан заншил, ёс уламжлал, эрдэм мэдлэгийг агуулж байдгаараа нэгдүгээрт үнэт зүйл, хоёрдугаарт соёлын нэг хэлбэр юм. Монголд шашин судлал шинэ тутам хөгжиж байна, мэргэжлийн судлаачид ч ховор, шашны боловсрол ч их хангалтгүй байгаа. Их сэтгэгч Кантын “Би итгэл бишрэлд зай үлдээхийн тулд мэдлэгийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ” гэсэн үг байдаг. Бид хэчнээн мэдлэгтэй байгаад ч тэрхүү оюун санааны ертөнцийн буюу итгэл бишрэлийн хаана нь ч хүрэхгүй. Энэ бол сонгодог философийн энгийн томьёолол. Тиймээс энэ симпозиумд оролцож, БЯИС-ийн шашин судлалын үйл ажиллагаатай танилцсан маань шашин судлалыг, тэр тусмаа шашны эрх чөлөөний талаарх судалгааг хамтран Монголд хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болох болно. Энэ удаагийн хурал дээр эрх зүй, шашны эрх чөлөөний асуудлыг хамтад нь ярьж байгаа нь хамгийн сонирхолтой санагдсан. Энэ нь их ховор, чухал зүйл юм. БЯИС-д шашны эрх зүйн судалгааг жинхэнэ утгаар нь явуулж байна гэж би харж байна. Хуралд оролцохоос гадна би манай шашин судлалын салбар БЯИС-тай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, улмаар дэлхийн шашны талаарх ойлголт ухагдахуунуудыг Монголд түгээн дэлгэрүүлэх, нэмэгдүүлэх үүднээс шашин судлалын толь бичиг орчуулах, сурах бичиг бичих зорилготой байгаагаа ярилцлаа.”