2025
Анн, Ньюел Витней хоёр ба гэрээний зам
2025 оны 1-р сар


“Анн, Ньюел Витней хоёр ба гэрээний зам,” Лиахона, 2025 оны 1-р сар.

Анн, Ньюел Витней хоёр ба гэрээний зам

Бид ч бас Анн, Ньюел Витней хоёрын адил гэрээний замаар урагшлахдаа нүглээ наманчилж, үйлчилж, золиослол гарган баяр баяслыг олдог.

Көртланд дахь Витнейн дэлгүүр

1830-аад оны үед Көртланд дахь Витнейн дэлгүүр (1907 оны үеийн зураг) Огайо болон Миссурид Сүмийг хөгжүүлэх ажлын ихэнхийг санхүүжүүлжээ.

Гэрэл зургийг Жорж Эдвард Андэрсон, 1907

Элизабет Анн Смит 18 настайдаа Огайо руу нүүж ирээд, Ньюел К.Витней гэх царайлаг бизнесмен залуутай танилцав. Анн түүнийг “баруун руу ‘ололт амжилт хайхаар’ ирсэн залуу, бас арвич хямгач бөгөөд эрч хүчээр дүүрэн төдийгүй ихэнх … нөхдөөсөө илүү хурдан хөрөнгө хуримтлуулж чадсан” гэж дурссан. Тэд 1822 оны 10-р сард гэрлэсэн ба “хосууд аз жаргалтай, ирээдүй нь гэрэл гэгээтэй” байлаа.

Тэд Огайогийн Көртландад суурьшиж, Ньюел худалдааны компаниа амжилттай эрхэлж байв.

Бид Витнейнхний болон бусад олон хүний туршлагаас Их Эзэний хүүхдүүдтэйгээ харилцдаг харилцааны загварыг харах боломжтой. Жишээ нь: Тэд хэрхэн Аврагчийг мэдэж, Тэрээр тэдэнд өөрсдийгөө гэрээний хүүхдүүд гэж ойлгоход нь хэрхэн тусалсныг бид харж болно. Тэдгээрийг судалснаар бид Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний илчлэлтүүдийг илүү гүнзгий ойлгож авдаг.

Их Эзэний үгийг хүлээн авахад бэлтгэх

Анны эцэг эх түүнийг шүтлэггүйгээр өсгөжээ. Ньюел бизнес сэтгэлгээтэй хүн байв. Тэднийг Көртландад байшин барьж байх үед Анн амьдралд нь ямар нэг зүйл дутагдаж байгааг мэдрэв. Тэд Есүс Христийн Шинэ Гэрээнд заасан сайн мэдээг дагадаг сүмийг хайж эхэлсэн байна. Хэсэг хугацаанд тэд Александр Кампбэллын Христийн шавь нартай хамт шүтэн биширчээ.

“Нэг шөнө Көртланд дахь гэртээ нөхөр бид хоёр Эцэгт хандан залбирч замыг маань заахыг хүсэхэд Сүнс бидний дээр ирж, үүл байшинг бүрхсэн юм. … Гайхал бишрэл биднийг нөмрөн авах нь тэр. … ‘Их Эзэний үгийг хүлээн авахад бэлтгэ, учир нь тэр үг ирнэ’ хэмээх дууг бид сонссон” гэж Анн дурсан бичсэн байдаг.

Хэдэн зуун бээрийн цаана орших Нью-Йоркод Их Эзэн Иосеф Смитэд сайн мэдээг номлох номлогчдыг илгээнэ гэж хэлэв. Оливер Каудери, Парлэй П.Пратт хоёрын удирдсан тэдгээр номлогчийг Көртландад номлох үед Анн сонсоод, үүнийг “сайн Хоньчны дуу хоолой мөн гэдгийг би мэдсэн” хэмээн хожим бичжээ. Номлогчдын болон Люси, Исаак Морлей зэрэг итгэгчдийн гэрчлэл, ялангуяа хамгийн чухал нь Ариун Сүнс тэднийг ариун нандин гэрээнүүдийг байгуулахад хөтөлсөн байна. Анн, Ньюел хоёр 1830 оны 11-р сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэв.

Ньюел Витней, Иосеф Смит хоёр

Иосеф Смит 1831 онд Көртландад ирэхдээ Ньюелтэй уулзаад, “Би бол бошиглогч Иосеф … Таны залбирал намайг энд авчирлаа” гэж хэлжээ.

Зураг чимэглэлийг Пол Мэнн

Бошиглогч Иосеф Смиттэй уулзсан нь

Өөр нэгэн илчлэлтээр гэгээнтнүүдийг “Огайо уруу яв” хэмээсэн ба тэнд тэд “хүмүүний үрсийн дунд мэдэгдээгүй тийм адислалыг” (Сургаал ба Гэрээ 39:14–15; мөн 37:1-ийг үзнэ үү) хүлээн авах байв.

Иосеф, Эмма хоёр Көртландад 1831 оны 12-р сард ирсэн. Түүнчлэн Ньюел, Анн хоёр тэднийг нэг сар гэртээ байлгажээ. 18 сарын дараа тэд дэлгүүрээ засаж тохижуулан Иосеф, Эмма хоёрыг тэндээ амьдруулсан байна.

Витнейнхэн өөрсдийнхөө мөнхийн мөн чанарын талаар илүү тодорхой ойлголттой болж эхлэв. Тэр жилийн сүүлээр Их Эзэн Ньюелийг Көртландад бишопоор үйлчлэх ёстой хэмээн бошиглогч Иосефт илчилжээ. Ньюел түүнд “Би өөрийгөө бишоп болж чадна гэж бодохгүй байна, Иосеф ах аа. Гэхдээ та энэ нь Их Эзэний хүсэл гэвэл би хичээе” гэхэд

“Та ганц миний үгээр үг хийх хэрэггүй” хэмээн Иосеф хариулаад, “яваад Эцэгээс өөрөө асуу” гэж хэлжээ.

Ньюел залбирсныхаа дараа, тэнгэрээс хэлэх “Таны хүч чадал надад буй” гэсэн дуу хоолойг сонсов.

Энэ бол Ньюел, Анн хоёрын хувьд гэрээнүүдээ сахихын тулд хамтран ажиллах, өсөж хөгжих үе байлаа. Анн бусдад хэрхэн үйлчилдэг байсан талаараа зарим зүйлийг ийн бичиж үлдээжээ.

“Аврагчийн загварын дагуу … бид ядуус …; доголон, хазгар, дүлий, хараагүй, өндөр настай, сул доройчуудад зориулан найрлахаар шийдсэн.

Гурван өдөр үргэлжилсэн энэ найранд Көртландын ойр хавийн бүх хүн уригдсан байв. … Миний хувьд энэ нь үнэхээр “элбэг дэлбэг найр” [Исаиа 25:6], хэзээ ч мартагдахааргүй баяр баясгалантай үе” байсан.

Ньюел хожим нь Иосеф Смиттэй хамт номлогчоор үйлчилж, Нэгдсэн Пүүсийг хамт босголцож, гэгээнтнүүдийн хэрэгцээг шийдвэрлэхэд гар бие оролцсон. Тэр дэлгүүрийнхээ орлогоос Көртланд болон Миссури дэх Сүмийг хөгжүүлэх үйлсийн ихээхэн хэсгийг санхүүжүүлдэг байсан ба өөр олон арга замаар Сүмд үйлчилдэг байв. Түүнээс гадна хамгийн гайхалтай нь Анн, Ньюел хоёр 14 хүүхэдтэй байсан ба арвыг нь насанд хүрэх хүртэл асран өсгөсөн.

Бусад хүн Сионы гадаснуудыг барихаар цугларсан. Кимбалл, Янг, Кросби, Типпэт зэрэг гэр бүлүүд мөн бусад олон хүн Есүс Христийн сайн мэдээнд амьдралаа төвлөрүүлэхийг хичээж байлаа. Хүн бүр эрч хүч, авьяас чадвараараа хувь нэмэр оруулж байв. Эхэн үеийн илчлэлтүүд тэднийг удирдаж, зэмлэж, тайтгаруулахаас гадна өсөж хөгжиж буй Сүмийн үйл хэргийг удирдан чиглүүлж байв.

Их Эзэний өргөөг барьж байгуулав

Сүмийн эхэн үеийн гишүүдийн хувьд хамтын болоод хувь хүний түвшинд амлагдсан хишгийг хүлээн авахын тулд материаллаг, сүнслэг байдлаараа асар их хичээл зүтгэл гаргасан юм (Сургаал ба Гэрээ 38:32-ыг үзнэ үү).

Их Эзэн Көртландад болон Миссурид ариун сүм барихыг удаа дараа зарлиг болгосон. Гэгээнтнүүд Көртландад гайхамшигтай барилга босгох баатарлаг үйлийг амжилттай гүйцэтгэсэн билээ. Тэд Их Эзэний мэлмийд зохистой зүйлийг барихын тулд бүх хичээл зүтгэлээ дайчилсан. Уг ариун сүм өнөөдөр ч сүндэрлэсээр байгаа. Ньюелийн дэлгүүр болон түүний дэргэдэх үнсний үйлдвэр нь ариун сүмийн төслийг дэмждэг Көртландын эдийн засгийн чухал хэсэг байв.

1836 онд Аврагч ариун сүмд үзэгдэж, тэдний хичээл зүтгэлийг хүлээн авав. Тэрээр хүмүүстээ “юүлэгдэх адислалуудын, мөн энэ өргөөнд миний үйлчлэгчдэд хүртээгдсэн хишгүүдийн улмаас … зүрх сэтгэл агуу ихээр баясах болно” (Сургаал ба Гэрээ 110:9) хэмээн амласан билээ. Дараа нь Мосе, Елиас, Елиа нар ирж, эцсийн эрин үед зайлшгүй чухал түлхүүрүүдийг хүртээсэн билээ (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү).

Ньюел Витней залуудаа

Ньюел К.Витнейн залуугийн зураг, огноо тодорхойгүй

Хавчлага ба дэлхийн анхаарал

Удалгүй гэгээнтнүүдэд, түүн дотроо Витнейнхэнд ихээхэн сорилт тулгарав. Улс орон даяар эдийн засгийн уналт, банк санхүүгийн хямрал болж, олон хүн Сүмээс бас бошиглогчоос нүүр буруулав. Миссури руу нүү хэмээн зарлиглахад Ньюел эргэлзжээ. Тэр амьдралаа Көртланд дахь дэлгүүртээ зориулсан байснаас гадна, цуглуулсан эд баялгийнхаа ихэнхийг Сүмийг тэтгэхэд зарцуулсан байлаа. Тэр яаж зүгээр л орхиод явж чадах билээ?

Их Эзэн түүнийг дэлхийн зүйлсэд хэт их анхаарал хандуулсных нь төлөө мөн “бодгалийн өчүүхэн чанар[ынх нь]” (Сургаал ба Гэрээ 117:11) улмаас зэмлэжээ. Ньюел наманчилж, дуулгавартай дагав. Тэрээр Иллинойн Наувуд суурьшиж, тэнд үргэлжлүүлэн бишопоор, хожим нь тэргүүлэх бишопоор үйлчилсэн юм.

Ариун сүмийн ёслолууд

Наувугийн ариун сүм дахин материаллаг болон сүнслэг үйл ажиллагааны төв болов. Ариун сүмийн хана босохтой зэрэгцэн Их Эзэн бошиглогчоороо дамжуулан Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулсан юм. Эмма Смит анхны ерөнхийлөгчөөр томилогдож, Сара Кливлэнд, Анн Витней хоёр зөвлөхүүдээр дуудагдав. Эмма чухал үүргийг Аннд даалгаж, эзгүйд нь байгууллагыг удирдахыг түүнээс хүсжээ.

Их Эзэн ариун сүмийн ёслолуудын талаар бошиглогчид үргэлжлүүлэн илчилсэн юм. 1842 онд Наувугийн ариун сүм баригдаж дуусаагүй байхад Иосеф Смит Улаан тоосгон дэлгүүрийн дээд давхарт Ньюелийг оролцуулан Сүмийн удирдагчдыг цуглуулж, хишгийн ёслолыг гүйцэтгэжээ. Ариун сүмийн нэг хэсэг болох дээврийг онцгойлон адислахад Анн, Ньюел хоёр Солт Лэйкийн хөндий рүү явах бусад гэгээнтэнд хишиг хүртээх ёслолыг удирдаж явуулсан байна.

Анн, Ньюел хоёр гэрээний замаар урагшлахдаа Аврагчийг эрэлхийлж, наманчилж, чин сэтгэлээсээ үйлчилж, бүхнээ зориулж бас золиосолж, баяр хөөрийг олж байлаа. Тэд Есүс Христийг танин мэдэж, өөрсдийгөө гэрээний хүүхдүүд гэдгийг ойлгосон. Тэдний араас сая сая хүн ариун нандин гэрээнүүдийг байгуулж, гэрээнүүдийнхээ дагуу амьдарч, Их Эзэний хаант улсыг байгуулахын тулд дээрх загварыг дагасан юм. Тэдний түүхийг судалж мэдэх нь амьдралын маань ямар ч цаг үед бидэнд тусална.

Анн Витней хожим нь

Анн Витнейн хожим авхуулсан гэрэл зураг, огноо тодорхойгүй

Анн амьдралынхаа сүүл үед: “Бурхан таныг бүтээсэн зорилгын талаар өчүүхэн ч гэсэн ойлголттой болсноор … эдгээрийн төлөө амьдрах эсвэл зовох нь үнэ цэнтэй гэдгийг ойлгоно. Хэрэв бид Эзэнийхээ мөрийг дагах хүсэлтэй бол … ямарваа нэгэн золиос хэтэрхий агуу санагдана гэж үү?” гэж бичиж үлдээсэн.

Эх сурвалж

  1. Элизабет Анн Витней, “A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, 1878 оны 8-р сарын 15, 41.

  2. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library; мөн Рассэлл М.Нэлсон, “Identity, Priority, and BlessingsEnsign, 2001 оны 8-р сар, 6–12-р хуудсыг үзнэ үү.

  3. Элизабет Анн Витней, Орсон Ф.Витней, “Newel K. Whitney,” Contributor, 1885 оны 1-р сар, 125; мөн Гэгээнтнүүд: Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 111-ийг үзнэ үү.

  4. Элизабет Анн Витней, “A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent,1878 оны 9-р сарын 1, 51.

  5. Тухайн цаг үед “Христийн сүм” гэж нэрлэсэн.

  6. Орсон Ф.Витней, “Newel K. Whitney,” 126-г үзнэ үү.

  7. Марк Лайман Стайкэр, Hearken, O Ye People: The Historical Setting for Joseph Smith’s Ohio Revelations (2009), 245-ыг үзнэ үү.

  8. Элизабет Анн Витней,“A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, 1878 оны 10-р сарын 1, 71; 1878 оны 11-р сарын 1. 83.

  9. Стэйкэр, Hearken, O Ye People, 535–537-г үзнэ үү.

  10. Стивэн С.Харпэр, Making Sense of the Doctrine and Covenants (2008), 431–432-ыг үзнэ үү.

  11. Гэгээнтнүүд, 1:496-г үзнэ үү.

  12. Гэгээнтнүүд, 1:453; Иосеф Смит, “Journal, December 1841–December 1842,” 1842 оны 5-р сарын 4, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  13. Гэгээнтнүүд, 1:579; Сүмийн түүхийн сэдвүүд, “Anointed Quorum (‘Holy Order’),” Gospel Library.

  14. Элизабет Анн Витней, “A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, 1878 оны 8-р сарын 1, 33.