ТӨГСГӨЛИЙГ НЬ ХАРЖ ЭХЛЭЛЭЭ ТАВЬ
“Төгсгөлийг нь харж эхлэлээ тавь” уриан доор явагдсан 18-35 насны ганц бие залуучуудын чуулган 2024 оны 8-р сарын 22-оос 25-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн чуулганы удирдагч хосоор Ананд ах, Бат-Оргил ах нарын гэр бүл үйлчилж, нийт 180 гаруй залуучууд оролцов.
Хус модон ойд зохион байгуулсан галын дэргэдэх уулзалтууд; өртөөчилсөн хөгжилтэй тоглоомууд; түүдэг гал тойрсон стресс тайлах үдшийн зугаатай арга хэмжээ; мэргэжлийн сэтгэл зүйчид, удирдагчдын заасан хичээл; сагсан бөмбөг, гар бөмбөгийн авхаалж самбаа сорьсон тэмцээн, хосын бүжгийн сургалт, тэмцээн; залуучуудын авьяас үзүүлбэр; мэргэжлийн барменаар уух юм бэлдүүлж уун, DJ хөгжим сонссон онцгой үдэш болон ой модонд тусгайлан тохижуулсан газруудад хосуудын болзоог зохион байгуулж, гоёмсгоор чимэглэж зассан талбайд зураг авхуулж дурсгалаа мөнхжүүлсэн; хүндэтгэлийн өдөр гадна талбайд ариун ёслолын цуглаанд оролцон талх уснаас хүртэж, гэрчлэлээ хуваалцсан; амралтын газрын орчмыг цэвэрлэж үйлчлэл хийсэн; гэрлэлтийн өмнө мэдвэл зохих чухал сэдвүүд бүхий материалуудыг хувиараа суралцах материал болгон өгсөн; Сүмийн залуу гишүүд хоорондоо танилцаж харилцаа тогтоох нэмэлт арга зам болгон Mutual болзоо аппликэйшныг танилцуулсан зэрэг нь залууст сурах, өсөж хөгжих, хөгжилдөх, бие биетэйгээ ойр дотно танилцах гайхалтай боломжуудыг олгосон юм. Ялангуяа мэргэжлийн сэтгэл зүйчид, удирдагчдын заасан хичээлүүд өнөө үед хосуудад төдийгүй залуучуудад тулгараад байгаа асуудал, сорилт бэрхшээлийг даван туулахад нэн ач холбогдолтой сургалт боллоо.
Чуулганыг зохион байгуулагч хосуудын нэг Э.Ананд ах: “Бид энэ жилийн чуулганыг илүү шинэлэг, залуучуудын сонирхолд илүү нийцсэн байхаар мөн тэдэнд тулгардаг асуудлуудад тулгуурлан зохион байгуулахыг хичээсэн. Бид 4 сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөгөө гарган, ажлын хэсгүүдийг байгуулан ажиллахдаа хүн бүр сэтгэл гарган, хариуцсан ажлуудаа гүйцэтгэл сайтай хийж байгааг харахад бахархмаар байсан” гэж хуваалцлаа. Чуулганд оролцогч Сүхбаатар тойргийн гишүүн Э.Мөнгөнзаяа: “Энэ чуулганд ирээд үеийнхэнтэйгээ хөгжилдөхөөс гадна би энд болсон сургалтуудаас маш их зүйл сурлаа. Энд ирэхээс өмнө би жаахан стресстэй байсан. Би сэтгэл зүйч Наранбаатар ахын сургалтаас өөрийгөө хэрхэн олох, бидний сэтгэл зүйд юу болдог талаар мөн стресс бол хүний амьдралд байдаг л зүйл, харин стрессийг даамжруулахгүй байх эсэх нь бидний сонголт, тиймээс үүнийг яаж зохицуулах талаар сурсан. Хара ахаас би бид ер нь хэн юм бэ, амжилтад хүрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ, яаж сүмдээ идэвхтэй мөртлөө амьдрал дээр ч бас амжилттай байж чадах талаар сурч мэдсэн” гэж хуваалцав. Баянзүрх тойргийн гишүүн Батмөнх: “Би 2 дахь удаагаа энэ чуулганд явж байна. Энэ жилийн чуулган бидний хувьд сүнслэг байдлаараа илүү их хөгжих боломжийг олгосон нь надад их таалагдсан. Бид хоорондоо цагийг илүү хөгжилтэй, зугаатай өнгөрөөхөөс гадна эв нэгдэлтэй байх, багаар ажиллах, Сүмийн гишүүн бус хүмүүстэй хэрхэн харьцах, сүнслэг байдлаа хөгжүүлэх талаар их олон зүйлийг сурч мэдлээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.