2025
Би гэр бүлтэйгээ үүрд хамтдаа амьдарна
2025 оны 7-р сар


АРИУН СҮМИЙН АДИСЛАЛ

Би гэр бүлтэйгээ үүрд хамтдаа амьдарна

Өсвөр насныхан ариун сүм явсан нь

“Лацдан холбох хүч бол Бурхан газар бүр дэх бүх хүүхдээ ямар их хайрлаж, хүн бүрийг Өөрт нь эргэн ирэхийг сонгохыг хүсдэгийн тэнгэрлэг нотолгоо юм” (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон)

Нямлхагвын Нандинцэцэг эгч ариун сүм рүү явж, ариун нандин ёслолуудад оролцож, гэр бүлтэйгээ лацдан холбогдсон тухайгаа ийнхүү хуваалцлаа.

“Намайг Нандинцэцэг гэдэг. Би 15 настай, 9-р ангид сурдаг. Би хоол, бялуу хийх, волейбол тоглох, зураг зурах дуртай. Би та нартай өөрийн мөнхийн гэр бүлийн түүхээс хуваалцъя. Аав минь бүрэн цагийн номлолд үйлчилснийхээ дараа 2015 онд Чех улсад амьдрах болсон. Дараа нь би 2017 оноос 2024 он хүртэл аавтайгаа Чехэд амьдарсан. Аав минь Чехэд, ээж минь Монголд амьдарч байсан ч тэд хоорондоо онлайнаар харилцаж зайнаас үерхэж эхэлсэн ба ээжийг Чехэд ирэх үед би ээжтэйгээ анх танилцаж байв. Тэгээд 2024 оны 1-р сард аав минь ээжид гэрлэх санал тавьснаар бид 2 Монголд нүүж ирэхээр болж, тэд гэрлэсэн. Ээжийг минь Бат-Уянга гэдэг. Хайраар дүүрэн сайхан ээжтэй болж, сайхан гэр бүлтэй байгаагаа би Бурханы адислал гэж боддог. Аав, ээж 2 минь Монгол Улаанбаатар номлолд үйлчилж байхдаа анх танилцаж байсан юм билээ. Харин би 2024 оноос л анх энэ Сүмийн тухай мэддэг болж, сүмд явдаг болсон. Тэгээд 2024 оны 8-р сард баптисм хүртсэн. Би номлогчдоор хичээл заалгаж байхдаа анх ариун сүмийн тухай сонсож, ийм ариун нандин чухал газарт цэвэр ариун хүмүүс л ордог байх даа гэж боддог байв.

Аав, ээж хоёрыг ариун сүм явах болсон тухай хэлэхэд би маш их баярлаж байсан ч ариун сүм орох нь зөв үү, цаг нь арай болоогүй юм биш байгаа? гэх мэтээр өөрийгөө ариун сүм орох зохистой хүн мөн эсэхэд эргэлзэж байсан. Тэгээд Бурханд хандан залбирч асуухад Ариун Сүнс надад ариун сүм орох цаг чинь болсон гэсэн мэдрэмжийг өгсөн юм. Ариун сүм надад маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Тэнд байхдаа би Ариун Сүнстэй үргэлж хамт байгаагаа, бас Бурхантай хамгийн их ойр байгаагаа мэдэрсэн. Нас барагсдын төлөө баптисм хүртэж байхад надад тэр хүмүүсийг өмнө нь таньдаг байсан юм шиг маш дотно санагдаж байсан. Бас би гэрээсээ хол явахдаа сайн унтаж чаддаггүй байсан бол ариун сүмтэй ойр байхдаа маш амар тайвныг мэдэрч, сайн унтаж амарч байсан. Энэ бүхнээс улбаалаад би ариун сүм бол үнэхээр ариун нандин газар бөгөөд Бурхан үнэхээр байдаг гэдэгт бат итгэх болсон.

Аав, ээж хоёртойгоо мөнхөд холбогдохоор холболтын өрөөнд орох үед тэнд байгаа бүх хүн маш үзэсгэлэнтэй харагдаж, зарим нь нүдэндээ нулимстай над руу харах тэр мөчид Ариун Сүнс намайг бүрэн эзэмдэх мэт болж билээ. Биднийг үүрдийн гэр бүл болсонд баяр хүргээд, толь руу харуулахад бид 3-ын ард зөндөө олон үе маань харагдах шиг болж, одоо би ээж, ааваасаа хэзээ ч хаана ч яаж ч байсан салахгүй, үүрд хамт байна гэдгээ мэдсэн. Миний амьдралд хүнд хэцүү цаг үе байсан ч би Бурханд хандан байнга залбирч, Түүнтэй ярилцаж, Түүний Ариун Сүнстэй хамт байснаар тэдгээрийг давж гарсан. Өмнө нь би Бурхан, Есүс Христ гэж байдаггүй, би тэдэнд итгэдэггүй гэж зөндөө хэлдэг байсан. Одоо тэгж хэлдэг байсандаа их харамсдаг. Гэхдээ Сүмд яваад, номлогчидтой уулзаж, сургаалыг заалгаснаар би Бурхан, Есүс Христ хоёр үнэхээр бодитой байдаг гэдгийг мэддэг болсон. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд, та нар сүмд явах юм бол миний мэдсэн, мэдэрсэн бүхнийг буюу Бурхан үнэхээр бодитой байдаг, тэр та нарт хайртай гэдгийг мэдэж авах болно. Бас ариун сүм рүү явж, энэ бүх гэрчлэлээ бодит болгоорой гэж та нараас хүсэж байна.”