2025
Бурхан бол гайхамшгийн бурхан
2025 оны 7-р сар


АРИУН СҮМИЙН АДИСЛАЛ

Бурхан бол гайхамшгийн бурхан

Өсвөр насныхан ариун сүм явсан нь

“Бурханд хандан байнга залбирч байсны хүчинд Тэр намайг адисалж, би ариун сүмийн ёслолуудад оролцох боломжтой болсон.”

УБЗГ-ны Багануур салбарын гишүүн, 14 настай Гарамсүрэнгийн Имүжин 2024 оны 11-р сард Хонконг ариун сүм рүү ээж Гарамсүрэн, эгч М.Заяа нарын хамт аялаад иржээ.

Тэрээр 2019 онд баптисм хүртэж, ЕХХҮГС-ийн гишүүн болсон юм. Төрөхдөө л маш сул биетэй, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн тэрээр бүрэг, дуугүй охин байсан бол Сүмд яваад олон найз нөхөдтэй, өөртөө итгэлтэй охин болсон байна. Тэр Сүмд явдаг болсноор англи хэл сурч, төгөлдөр хуур тоглохыг заалгаж, дуу удирдаж суран, салбарынхаа дуу удирдаачийн дуудлагыг баяр баясгалантайгаар гүйцэтгэдэг. Мөн Ариун Сүнс сар бүр гэрчлэлээ хуваалцаарай гэж шивнэдэг тул сар бүр гэрчлэлээ хуваалцахыг хичээдэг аж. Тэрээр энэ тухайгаа: “Би Сүмд явдаг болсноор хүмүүстэй маш чөлөөтэй харьцаж чаддаг болсон, бас би Бурханы хайртай охин гэдгээ мэддэг болсон. Мөн Сүмд орсон цагаасаа хойш би ариун сүмийн тухай олон зүйл мэддэг болж; ариун сүм рүү явж, нас барагсдаа аварч, өвөг дээдэстэйгээ холбогдох нь хэчнээн чухал гэдгийг мэдэрсэн” гэж хуваалцлаа.

Имүжингийн ариун сүм рүү явах зам тийм ч амархан, шулуун дардан байсангүй. Ариун сүм рүү явахаас 2-3 хоногийн өмнөөс эхлэн тэрээр ханиад хүрч халуурч байсан бөгөөд ханиад хүрэхээрээ маш хүнд өвдөж хэвтрийн дэглэмд ордог тул холын аянд явж чадах эсэхэд нь гэр бүлийнхэн нь ихэд санаа зовж, эргэлзэж байжээ. Гэвч тэрээр ариун сүм рүү явахыг маш их хүсэж байсан тул заавал явна гэж шийдсэн байна. Замд ч тэр, очсон хойноо ч тэр халуурсан хэвээр, бие нь сайнгүй байсан тул ариун сүмд орж нас барагсдын өмнөөс баптисм хүртэж чадахгүй нь гэж тэд бодоцгоож байв. Гэвч бие нь сул байсан ч Имүжин заавал ариун сүмийн ёслолуудад оролцоно хэмээн өөрийн биед баймгүй тэвчээр зориг гарган нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисмын ёслолуудыг гүйцэтгэж чадсан юм.

Тэрээр: “Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг өгөх ёслолыг гүйцэтгүүлж байхдаа би Ариун Сүнстэй хамт байж, тэдний баярлан талархаж байгааг мэдэрч байсан. Бас өвөө, эмээ болон эгчтэйгээ үүрд мөнхөд холбогдох ёслолыг үйлдэж байхад надад өвөөтэйгөө уулзаж байгаа мэт санагдаж, сэтгэл хөдлөн, өөрийн эрхгүй нулимс унагасан. Хамгийн гайхалтай нь, ариун сүмд орсон тэр өдрөөс хойш бие минь өвдөхөө больж би маш их тайвшрал, эрч хүчийг мэдэрч, бие минь их хөнгөн болсон. Ариун сүмд л байгаад баймаар санагдаж, Ариун Сүнстэй үргэлж хамт байгаагаа мэдэрч, ариун сүм бол үнэхээр Бурханы өргөө юм байна гэдгийг би мэдсэн. Судрууд бидэнд байнга залбир гэж зөвлөдөг. Үнэхээр Бурханд хандан байнга залбирч байсны хүчинд Тэр намайг адисалж, би ариун сүмийн ёслолуудад оролцох боломжтой болсон” гэж хуваалцлаа.

Энэ бол ариун нандин гэрээгээр болон Аврагчийн цагаатгагч золиослолын ачаар бидэнд боломжтой болсон Бурханы хүч чадлаас ирдэг адислал юм.

Түүний эгч Заяа: “Ариун сүм рүү явах бидний зам сорилт бэрхшээлтэй байж, өвчтэй байгаа дүүдээ байнга санаа зовж явж байсан ч эцэст нь энэ бүхнийг даван туулсны дараа би Бурхан гайхамшгаа харуулахын тулд л дүүг минь ариун сүмд авчирч гэдгийг ойлгосон. Бурхан үнэхээр байдаг, Тэр бол гайхамшгийн Бурхан гэдгийг би мэдэрсэн” гэж хуваалцсан юм.

Имүжин ариун сүм явж ирснээсээ хойш олон гайхалтай адислал хүлээж авсан талаар баяр баясгалантайгаар ярьж байлаа. Дуу хөгжим, урлагт хайртай, 14-хөн настай энэ бяцхан охиныг ариун сүм рүү яваад ирснийхээ дараа хайртай жүжигчинтэйгээ уулзаж, гар барьж, зургаа хамт авхуулах боломж олдсон хэмээн хөөр баяртайгаар ярихыг сонсоод, Бурхан хүүхдүүддээ үнэхээр хайртай гэдгийг мэдрэх шиг.

Жилийн өмнө ерөнхийлөгч Нэлсон бидэнд хандан “Хайрт ах, эгч нар аа, би дараах амлалтыг та нарт өгье. Боломжийнхоо хэрээр ариун сүмд тогтмол шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Дэлхийн харанхуй манантай тулгарах үед таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй. Шаналах үед сүнсийг тань илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй” гэж амласан. Үнэхээр бидэнд өвчин зовлон, санаа зовоосон асуудлууд байдаг ч Их Эзэний ариун өргөөнд тэдгээрийг гадна нь орхиж, байнгын залбиралтайгаар орох үедээ бид мөнхийн үнэнүүдэд суралцдаг билээ.

Имүжин үе тэнгийнхэндээ хандан, ариун сүм рүү явж, ариун сүмийн ёслолуудад, тэр тусмаа нас барагсдыг аврах ажилд оролцон гайхалтай адислал хүлээн аваарай гэж уриалсан юм.