2025
Болзоо болон гэрлэлтийн талаар залуучуудад өгөх миний зөвлөгөө
2025 оны 7-р сар


“Болзоо болон гэрлэлтийн талаар залуучуудад өгөх миний зөвлөгөө,” Лиахона, 2025 оны 7-р сар.

Залуучууд

Болзоо болон гэрлэлтийн талаар залуучуудад өгөх миний зөвлөгөө

Болзоо бол илүү урт аяллыг хамт эхлүүлэх зөв хүн мөн эсэхийг мэдэх арга зам юм.

Ярилцаж буй эрэгтэй, эмэгтэй хоёрыг дүрсэлсэн зураг

Зураг чимэглэлийг Стэфэн Нийлсэн

Би болзохыг багаж хэрэгсэл гэж бодох дуртай.

Багаж хэрэгсэл нь танд тодорхой зорилгод хүрэхэд тусалдаг. Болзооны зорилго бол гэрлэлт рүү хөтлөх харилцааг хөгжүүлж, цаашлаад Өөрийн хүүхдүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оршино.

Болзоо бол илүү урт аяллыг хамт эхлүүлэх зөв хүн мөн эсэхийг мэдэх нэг арга зам юм. Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Ганц бие залуу найзууд аа, бид эсрэг хүйстэнтэй харилцах харилцаагаа … гэр бүл болж төлөвших боломжтой болзох загвар луу чиглүүлэхийг зөвлөж байна” гэж хэлсэн.

Бид болзох “шалтгааны” талаар ярихдаа, хамтдаа урт удаан үргэлжлэх харилцаа тогтоох тухай ярьж байна. Бид өөрсдийгөө болон бие биеэ Аврагчтай холбох тухай ярьж байна. Гэхдээ заримдаа бид болгоомжлохгүй бол болзох, хүмүүстэй танилцахад хэт их анхаарлаа хандуулж, гэрлэлт хожимдсон бодол болон хувирдаг.

Би та бүхэнд болзоогоо хэрхэн сайжруулах талаар хэдэн зөвлөгөө өгье. Зөвлөгөөний ихэнх нь миний хувийн туршлагаас үүдэлтэй ба энэ нь та нарт тус болно гэж би найдаж байна.

Сайтар бодож болзох

Хэрвээ та нараас хэрхэн болзож байгааг тань асуувал “бодолтойгоор” гэдэг хариултыг хамгийн түрүүнд хэлэх байх гэж найдаж байна. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая.

Эхнэр бид хоёрын болзооны талаас илүү хувь нь холын зайнаас байсан. Би Катэринтай Чилийн Сантьягод сургуульд сурч байхдаа танилцсан. Бид болзож эхэлсэн ч намайг сургуулиа төгсөхөөс өмнө тэр Антофагаста руу гэр лүүгээ буцсан юм. Бид харилцаагаа бэхжүүлэхийг хүссэн тул би сард нэгээс хоёр удаа пүрэв гаргийн үдээс хойш Антофагаста руу автобусаар 20 цаг явж, амралтын өдрүүдийг Катэринтай хамт өнгөрүүлээд (сүмийн цуглаанд мөн оролцоод), даваа гаргийн өглөө 8:00 цагт хичээлдээ очихын тулд Сантьяго руу автобусаар дахиад 20 цаг явдаг байлаа.

Хамт байж чадаагүй өдрүүддээ бид утсаар ярьдаг байв. Тэр үед бидэнд гар утас байгаагүй болохоор би нийтийн утсаар хязгааргүй дуудлага хийх багц худалдаж авав. Би олон цагийг утасны бүхээгт аргамжаатай өнгөрөөдөг байсан. Хэн нэгэн утас ашиглах хэрэгтэй болбол би утсаа тасалж, тэр хүнийг ярьж дуусмагц Катэрин руу буцаагаад залгадаг байлаа.

Энэ явцад бидний харилцаанд олон саад тотгор учирч байсан учраас би Катэринтай хэрхэн харилцах харилцаандаа бодолтой хандаж сурах хэрэгтэй болсон.

Би та бүхнийг болзоонд зорилготой, бодолтой хандахад урьж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг шавь байх явдалдаа чин сэтгэлээсээ хандахыг хүссэн. Үүнчлэн бид болзох аргаа зорилготой, бодолтой болгохоор эрэлхийлж болно.

Бид чухал асуултуудыг тавих хэрэгтэй.

  • Чи амьдрал, гэр бүл, хамгийн чухал нь Аврагчийн талаар юу гэж боддог вэ?

  • Би чиний юу хийдэг мөн юу хийх дургүйг мэднэ, гэхдээ сайн мэдээний талаар чи ямар бодолтой байдаг вэ?

  • Чиний жишиг, ёс суртахууны хэм хэмжээ юу вэ?

Бодож тунгаасан асуултуудыг олон янзын бодолтой үйл ажиллагаатай хослуулах ёстой. Хөгжилтэй бай, гэхдээ хамтдаа сүнслэг зүйл хийхийг сана. Бие биеэ ойлгож, үнэхээр таньж мэдэхэд туслах үйл ажиллагаануудыг хий.

Хуримын бөгжний зураг

Айхаасаа илүү итгэх

Хэсэг хугацаанд болзсоны дараа гэрлэх шийдвэр гаргах нь дааж давшгүй шийдвэр мэт санагдаж болох юм. Катэринтай гэрлэх мөч хүртэл би сандарсан хэвээр л байсан!

Гэрлэх шийдвэр гаргахад хэцүү байж болох ч энэ нь таны ганцхан удаа гаргадаг шийдвэр биш ээ. Гэрлэхийг сонгоно гэдэг нь амьдралынхаа туршид мөнхийн ханьдаа дахин дахин амлалт өгөхөөр сонгож, уг амлалтаа хамтдаа бататгахыг хэлнэ.

Гэрлэлт эсвэл сайн мэдээний талаар асуух зүйл байвал “чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи [Их Эзэнээс] асуух ёстой” (Сургаал ба Гэрээнүүд 9:8). Түүнчлэн та нар өөрсдөөсөө “Би амьдралынхаа үлдсэн хугацаанд үүний нэг хэсэг байхаар сонгохыг хүсэж байна уу?” гэж асуух хэрэгтэй.

Намайг гэрлэсний дараа зарим хүн надаас эцэг эх шигээ салах вий гэж санаа зовж байгаа эсэхийг минь асуудаг байв. Би үргэлж үгүй гэж хариулсаар ирсэн. Би гэрлэх үедээ, гэрлэлтээ хадгалж үлдэхийн төлөө юуг ч хийнэ гэж шийдсэн юм. Энэ нь өдөр бүр Аврагчийг дагаж, эхнэртэйгээ баяр хөөртэй гэр бүлийн харилцаатай байхыг сонгоно гэсэн үг байлаа. Салахаас айх айдас надад зөв, сайн шийдвэр гаргахад саад болохгүй байхыг би сонгосон.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жэффри Р.Холланд: “Харин нэгэнт учир начрыг нь олсон бол сайн зүйлээс ухрах уруу таталтаас болгоомжил. Үүний талаар залбирч, үүнд итгэж, үүний дагуу амьдарч байх үед зөв байсан юм бол энэ нь одоо ч зөв хэвээр байна. … Эргэлзээтэйгээ нүүр тул. Айдсаа ял. ‘Тиймд итгэлээ бүү хаягтун’” гэж хэлсэн.

Аз жаргалыг хүлээх хэрэггүй

Бодит байдалд та нарын дунд ханиа олох зөв, чин хүсэлтэй хүмүүс олон байгаа. Энэ нь сайн, зөв шударга хүсэл боловч та өөртөө тохирох хэн нэгнийг олох гэж зүдрэхдээ гэрээний зам дээр өсөж хөгжихгүй байна гэж боддог.

Энэ талаар Кристэн М.Өүкс эгч: “Хэрэв та гэрлэх хүн гарч ирэхийг хүлээн хий дэмий цагаа үрж байвал, хүлээхээ болиод бэлдэж эхэл. Боловсрол олж, туршлага хуримтлуулж, төлөвлөх замаар өөрийгөө амьдралд бэлд. Тан дээр аз жаргал унаж ирэхийг бүү хүлээ. Үйлчилж, суралцах боломж бололцоог эрэлхийл. Хамгийн чухал нь ‘Их Эзэний нэрийг өдөр тутам дуудан, … тэрхүү ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсон’ [Мозая 4:11], Их Эзэнд найд. Таныг ийн үйлдэх үед аз жаргал танд ирнэ гэдгийг би амлаж байна” гэсэн.

Хараахан гэрлээгүйгээс болоод гэрээний зам дээрх аялал тань зогссон гэсэн үг биш. Та нарын Аврагчтай тогтоосон гэрээт холбоо одоо ч байгаа. Хэрэв та эсэргүүцэл, ганцаардал, айдастай нүүр тулж байгаа бол Түүнийг бэрхшээлдээ оролцуул. Тэр танд дэм өгнө. Тэр танд тусална.

Зарим хүний хувьд мөнхийн ханиа олох зорилготойгоор болзох нь тэр даруй үр дүнгээ өгдөггүй. Зарим хүний хувьд үр дүнгээ өгдөг. Ямар ч байсан, хэрэв бид зорилгоо санаж, Бурханд найдвал Тэр бидэнд өгсөн амлалт бүрээ биелүүлнэ гэдгийг би мэднэ.

Та дэлхийн хаана ч байсан, амьдралд тань юу тохиолдож эсвэл юу ч тохиолдохгүй байсан бай, Есүс Христийн ачаар та бүхий л нөхцөл байдалд баяр баясгалантай байж чадна. Тэр болон Түүний сургаалууд үргэлж хариултыг өгдөг.

Эх сурвалж

  1. Даллин Х.Өүкс, “Үнэний төлөө зогс” (залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2023 оны 5-р сарын 21), Gospel Library.

  2. “Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой” (Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Лиахона, 2020 оны 5-р сар, 108).

  3. Jeffrey R. Holland, “Cast Not Away Therefore Your Confidence” (Brigham Young University devotional, Mar. 2, 1999), 4, speeches.byu.edu.

  4. Кристэн М.Өүкс, “Үнэний төлөө зогс,” Gospel Library.