“Их Эзэн тайвшруулж унтуулсан,” Лиахона, 2025 оны 7-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Их Эзэн тайвшруулж унтуулсан
Бурхан үнэхээр хэрэгтэй үед хүүг минь тайвшруулж, намайг ч бас тайтгаруулж тусалсан.
Зураг чимэглэлийг Дэвид Малан/Malan Creative
Ууган хүү Кэйдэнийгээ 10 сартай байхад миний нөхөр Дэвид бид хоёр анх удаа аав, ээждээ хүүгээ үлдээгээд явсан юм. Бид гадуур оройн хоол идээд, дараа нь кино театр явлаа. Биднийг попкорноо аваад, суудалдаа суух мөчид ээж маань залгав.
Хүү маань амьсгалж чадахгүй байсан ба түргэн тусламж дуудсан байлаа!
Яарч сандран гэр лүүгээ давхиж, яваад ортол Кэйдэн ээжийн гарт түргэн тусламжийн ажилтнууд руу инээмсэглэн харж байгаа харагдав. Тэр таталт өгсөн ч одоо зүгээр байлаа.
Эмч нар тухайн таталт өгсөн шалтгааныг, түүнээс хойших хоёр удаагийн таталтын шалтгааныг олж тогтоож чадаагүй ч тус болох эм бичиж өгөв. Дөнгөж ээж болсон миний сэтгэл санаа үнэхээр үймэрч байлаа. Кэйдэн зүгээр байсан ч энэ явдал миний итгэлийг ганхуулсан юм. Би стресс, санаа зовнилд автав.
Хоёр жилийн дараа нэгэн мэдрэлийн эмч Кэйдэнийг унтаж байхад тархины үйл ажиллагааг нь тархины цахилгаан бичлэгээр (ТЦБ) хянаж үзэхийг зөвлөсөн юм. Хэрэв хариу нь сайн гарвал тэр таталтын эм уухаа больж болохоор байв.
Жилийн өмнөөс Кэйдэн өдөр унтахаа больсон учраас би шинжилгээнд санаа зовж байлаа. Хөл хөдөлгөөнтэй эмчийн өрөөнд толгойд нь энд тэндгүй электрод зүүлгэчхээд яаж түүнийг унтуулах билээ?
Шинжилгээний өмнөх орой Дэвид Кэйдэнд санваарын адислал өгөв. Адисалж эхэлмэгц би Сүнсний хүчтэй оршихуйг мэдэрлээ. Би бүх зүйл зүгээр байх болно гэдгийг мэдэв. Түүнийг анх таталт өгснөөс хойш би анх удаа амар амгаланг мэдэрсэн нь энэ байлаа.
Маргааш нь эмч нар Кэйдэний толгойд электродууд бэхлэв. Тэгээд бид хүүгээ үзлэгийн орон дээр хэвтүүлээд, гэрлээ унтраав.
Тэр хэдхэн минутын дотор унтаад өглөө. Энэ нь гайхамшиг мэт санагдахгүй байж болох ч тэр жил гаруйн хугацаанд хэзээ ч ингэж өөрөө унтаагүй байсан юм.
Тэнгэрлэг Эцэг биднийг мартаагүй байлаа. Түүний Сүнс эмчийн өрөөнд байж, Кэйдэнийг тайвшруулаад зогсохгүй намайг ч тайтгаруулсан юм. Тэр өдөр зовлон зүдгүүр болон санваарын адислалуудад хандах миний хандлага өөрчлөгдсөн. Санваарын хүч бодитой гэдгийг би мэднэ.
Кэйдэн одоо насанд хүрсэн. Тэр нярай үеэсээ хойш дахин таталт өгөөгүй. Түүнд өөр сорилт бэрхшээл тулгарч байсан ч ихэнхийг нь даван туулжээ. Их Эзэн түүнийг үргэлж харж хандан, айдсыг нь үргээсээр байгааг би мэднэ (Лук 8:50-ийг үзнэ үү).