“Үнэртний харшилтай хүмүүст тохинуулах нь,” Лиахона, 2025 оны 7-р сар.
Үнэртний харшилтай хүмүүст тохинуулах нь
Зохицуулалтад холбогдох хүн бүрийн ур ухаан, энэрэнгүй сэтгэл шаардлагатай.
Зураг чимэглэлийг Элиа Сампо
Бидний Аврагч “бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; … түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33). Аврагчид ирэх нэгэн чухал арга зам бол сүмд ирж, сүмийн үйл ажиллагаануудад оролцох явдал юм. Заримдаа янз бүрийн шалтгаанаас үүдэн сүмд ирэх нь бэрхшээлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээл, харшил эсвэл өөр бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүст энэ нь тэр тусмаа хэцүү байж болно.
Есүс Христийн шавь нарын хувьд бид хүн бүрийг элэгсэг дотно мэдрэмж авч, сүмд болон үйл ажиллагаануудад оролцох боломжтой байгаасай гэж хүсдэг. Жишээлбэл: Бид ариун ёслолыг цавуулаггүй сонголттойгоор бэлтгэн, хоолны харшилтай хүмүүст анхаарал халамж тавьж байгаагаа харуулдаг. Энэ нь хувь хүмүүст ариун ёслолоос хүртэн, Их Эзэнтэй байгуулсан ариун нандин гэрээгээ шинэчлэх арга замыг олгодог.
Зарим гишүүн үнэртэй ус, сүрчиг зэрэг химийн гаралтай үнэрт мэдрэмтгий байдаг учраас сүм болон бусад олон нийтийн цуглаанд оролцоход хэцүү байдаг. Багтраа өвчтэй, үнэртний харшилтай, олон төрлийн химийн бодист мэдрэмтгий хүмүүс химийн гаралтай үнэрт илүү мэдрэг байдаг бөгөөд хариу урвал үзүүлж болно. Хоолны харшилтай хүний адилаар химийн бодист мэдрэмтгий хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Улмаар энэ байдал ихэнхдээ бусдад анзаарагдахгүй өнгөрдөг ч тухайн хүний амьдралаа хэвийн үргэлжлүүлэх чадварт ихээхэн нөлөөлдөг.
Шинж тэмдэг
Олон янзын шинж тэмдэг байдаг ба тэдгээрт дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх, сульдах, сэтгэл түгших, амьсгалахад хүндрэлтэй болох, цээж, хоолой өвдөх зэрэг багтдаг.
Шинж тэмдэг нь хөнгөнөөс авхуулаад ноцтой хэмжээнд хүртэл янз бүр байдаг. Зарим хүний толгойн өвдөлт хэдхэн цагийн дараа зүгээр болдог бол зарим хүнд энэ нь хэдэн өдөр үргэлжлэх эсвэл бүр эмнэлгийн яаралтай тусламж авахад ч хүргэж болно.
Химийн бодист мэдрэг байдал хүний амьдралд ихээхэн саад учруулж, тусгаарлагдсан мэдрэмж авахад хүргэж болно. Ноцтой шинж тэмдэг илэрдэг нэгэн гишүүн ийн тайлбарласан байдаг. “Дэлгүүр орох, найзуудтайгаа уулзах, Сүмийн цуглаануудад оролцох, гадуур хооллох зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанууд үнэхээр бэрхшээлтэй болдог. Энэ нь бухимдах, зожгирох, дааж давшгүй ганцаардах мэдрэмж төрүүлдэг. Түүнээс гадна, өвчнийг маань ‘харж чадахгүй’ байгаа хүмүүс мөн ‘үнэрт дургүйгээс’ маань болоод биднийг амиа бодсон, хачин гэж боддог эргэн тойрны маань хүмүүс биднийг буруугаар ойлгож, шүүмжилж байгаа мэт бидэнд санагддаг.”
Нэгэн эцэг хүү хоёр химийн гаралтай үнэрт сэдэрдэг хүнд хэлбэрийн багтраа өвчтэй байв. Хүү нь номлолд явахаасаа өмнө ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхээр бэлтгэж байжээ. Үг хэлэхээс долоо хоногийн өмнө бишоп тойргийн гишүүдэд хандан, уг залуу эрэгтэйд хурц үнэртэй ус үнэртсэнээс болж амьсгалд нь ноцтой бэрхшээл үүсдэг тухай хэлж, дараагийн долоо хоногт сүмд ирэхдээ үүнийг анхаарахыг гишүүдээс хүссэн байна. Үүний үр дүнд тэр өдөр аав, хүү хоёрын хувьд сүм дээр өнгөрүүлсэн хамгийн сайхан ням гараг болсон юм.
Зохицуулалт
Химийн бодист бага зэрэг мэдрэг хүн Сүм дээр бусдаас хол суухыг сонгож болно. Харин зарим хүнд шүүлтүүртэй амьсгалын баг зүүх, сүм дээр агаар цэвэршүүлэгч авчрах эсвэл ариун ёслолын цуглааныг онлайнаар үзэх зэрэг илүү эрчимжүүлсэн арга хэмжээ авах шаардлагатай байж болох юм.
Тухайн хүний химийн гаралтай үнэрт мэдрэг байдал аль ч түвшнийх байлаа гэсэн энэ нь үнэхээр бодитой анхаарч үзэх зүйл гэдгийг санах нь чухал. Зохицуулалтад холбогдох хүн бүрийн ур ухаан, энэрэнгүй сэтгэл шаардлагатай. Үнэртэнд дуртай эсвэл хувийн ариун цэврийн үүднээс зэрэг олон шалтгаанаар хүмүүс үнэртэй ус болон бусад үнэртүүлэгчийг хэрэглэдэг. Холбогдох хүн бүрийн хэрэгцээг харгалзан үзэхэд харилцан хүндлэл, ойлголцол чухал.
Хэрэв та химийн бодист мэдрэг бол бишопын зөвлөлийнхөө гишүүнтэй уулзана уу. Бүх тохиолдолд зохицуулах боломжгүй байж болох ч өөрийн хэрэгцээ шаардлагыг тойргийнхоо удирдагчдад мэдэгдэх нь тустай байх болно. Тойргийн зөвлөл таны химийн бодист мэдрэг байдалд зохицуулахын тулд тантай хамтран ажиллаж чадна. Авч болох зөв арга хэмжээ нь нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байх ба бүхий л нөхцөл байдалд хүн бүрийн хэрэгцээг хангаж чадахгүй гэдгийг ойлгож, тэнцвэртэй байлгах нь зүйтэй.
Удирдагчдад зориулсан зарим санаа:
-
Химийн бодист мэдрэг байдал нь үүнд өртдөг хүмүүсийн хувьд үнэхээр санаа зовоох зүйл гэдгийг ойлгоход гишүүдэд тусал.
-
Химийн бодист мэдрэг эсвэл өөр бусад тусгаарлах байдал үүсгэдэг эрүүл мэндийн асуудалтай хүмүүст энэрэнгүй сэтгэлээр хандаж, хэрхэн хүн бүрд Их Эзэнийг шүтэн бишрэхэд тусалж болох талаар тогтмол зарлаж сануул.
-
Энэ болоод бусад асуудлыг шийдвэрлүүлэхээр тойргийн эсвэл гадасны тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнийг дуудах талаар бодож үз.
-
Химийн бодист мэдрэг байдал болон Сүмийн цуглаанд оролцох чадварт нөлөөлж болох бусад нөхцөл байдлын талаар удирдагчид, гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулах талаар бодож үз.
Зохицуулах зарим санаа:
-
Химийн бодист мэдрэг хүмүүст өөрсдийн хэрэгцээ, санаа зовнилыг тойргийн удирдагчдадаа хуваалцах боломж олго.
-
Боломжтой бол, мэдрэмтгий эсвэл харшилтай хүмүүст ая тухтай оролцох боломж олгох, цуглаан болон үйл ажиллагаануудад зориулсан удирдамжийг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хий.
-
Ариун ёслолд оролцох боломжгүй хүмүүст зориулан цуглааныг онлайнаар нэвтрүүлж, тэдэнд ариун ёслолоос хүртэх арга замуудыг санал болгох тухай бодож үз.
-
Зөвхөн Сүмийн барилгын албаны багийн зөвшөөрсөн мөн олгосон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэ. Хэрэв стандарт бүтээгдэхүүнүүдийн аль нэг нь асуудал үүсгэж байвал орон нутгийн барилгын албаны менежертэй хамтран өөр хувилбаруудыг судал. Хэрэв гишүүд өөрсдийн агаар цэвэршүүлэгч эсвэл цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ авчирвал эдгээр бүтээгдэхүүнд мэдрэг хүмүүст хариу урвал илэрч болно.
-
Үйл ажиллагааг төлөвлөхдөө химийн бодист мэдрэмтгий байдлыг харгалзан үз.
-
Химийн бодист мэдрэмтгий зарим хүн өөрсдөд нь аюулгүй хэмжээнд үйлчлэхийг хүсдэгийг сана.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон: “Өөрсдийгөө орхигдсон эсвэл тоонд ордоггүй гэсэн мэдрэмжтэй суугаа бусдын хувьд [бидний] тавтай морилно уу хэмээн урих сэтгэлд дулаан уур амьсгал тун чухал. Эцсийн эцэст, Аврагч бидний ариун ёслолын цагийг ямархуу байлгахыг хүсэх байсныг бид өөрсдөөсөө асууж болно. Тэрээр хүүхэд бүрээсээ хэрхэн уриалгахан угтуулж, халамжлуулж, хайрлуулахыг хүсэх байсан бол? Түүнийг санаж, бишрэн шүтсэнээр биднийг шинэчлэгдэх үед Тэрээр биднийг юуг мэдрээсэй гэж хүсэж байгаа бол?” гэж заасан.
Энэ талаарх ойлголтыг бий болгосноор химийн бодист мэдрэмтгий хүмүүсийн дуу хоолойг сонсож, тэднийг хүндэтгэж, улмаар тэд тойрог эсвэл салбартаа илүү идэвх оролцоотой байх боломжтой. Бишопын зөвлөл болон тойргийн зөвлөлийг эрүүл мэндийн иймэрхүү асуудалтай хүмүүстэй өрөвч сэтгэлээр, залбиран байж ажиллах үед Тэнгэрлэг Эцэгийн илүү олон хүүхдийн Есүс Христэд ойртох боломж нэмэгдэж, тэд хүчирхэгждэг. Тойргийнхон “зүрх сэтгэлээ эв нэгдэлд болон … хайранд нэгтгэн” (Мозая 18:21) нэгдэх үед зүрх сэтгэл нь хөдөлж, эдгэрдэг.