“Агуу асуултад хариулах нь: Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” Лиахона, 2025 оны 7-р сар
Ирээд, Намайг дага
Агуу асуултад хариулах нь: Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?
Энэ асуултад хэрхэн хариулах нь дараагийн амьдралд ямар ялгаа гаргах вэ?
Зураг чимэглэлийг Дэвид Б.Чэймбэрлэйн
Сургаал ба Гэрээнүүд 76-р хэсэг нь Христэд төвлөрсөн үзэгдлийн талаар өгүүлдэг бөгөөд Бурханы бүх хүүхдийг “Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” хэмээх чухал асуултыг тунгаан бодоход урьсан байдаг (Maтай 22:42). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004): “‘Та бол Христ, амьд Бурханы Хүү’ хэмээн бид амьдралаараа бас үг хэлээрээ хариулж чадах уу’? (Maтай 16:16.) Бид чадах хүртлээ юу ч хэлж, хийсэн бай, эцэстээ тийм ч их өөрчлөлт гаргахгүй” хэмээн бидний хариултын ач холбогдлыг онцолсон.
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Иохан 5:29-ийн утгыг тунгаан бодож байхдаа Бурханы хүүхдүүдийн амилуулалтын талаар, Есүс Христ болон Түүний үүрдийн сайн мэдээнд өгсөн хариултынхаа дагуу тэдний хүлээн авдаг сүр жавхлангийн хаант улсуудын тухай тэнгэрлэг үзэгдлийг харсан юм.
Есүс Христ гэж хэн бэ?
Сургаал ба Гэрээнүүд 76-д дүрслэгдсэн үзэгдэл нь Есүс Христийн талаарх үндсэн үнэнүүдийг онцолдог.
-
“Их Эзэн бол Бурхан, мөн түүнээс өөр Аврагч үгүй бөлгөө” (1-р шүлэг).
-
Тэрээр “[Түүнээс] эмээдэг тэдэнд нигүүлсэнгүй бөгөөд ивээлтэй бөлгөө, мөн зөв шударга ёсонд … [түүнд] үйлчилдэг тэднийг шагнахдаа баяртай байдаг” (5-р шүлэг).
-
“Тэрбээр … дэлхийнхний нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн …; Эцэгийн, түүний хүчинд өгч мөн түүгээр хийгдсэн бүгд, түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болно гэдгийг бөлгөө” (41–42-р шүлэг).
-
Есүс Христ эцэст нь “өөрөө цус урсган энэхүү төгс цагаатгалыг хийсэн” (69-р шүлэг).
Онцгой гэрч
Иосеф, Сидней хоёр Есүс Христийн бодит байдал, ач холбогдлыг зоригтой гэрчилсэн юм.
“Тэр амьд!
Учир нь бид түүнийг харсан билээ, бүр Бурханы баруун гар талд буюу; түүнчлэн ийн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ: Тэрээр Эцэгийн Төрсөн Ганц мөн—
Түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгддэг мөн бүтээгдсэн ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд мөн охид бөлгөө” (22–24-р шүлэг).
Мөхлийн хөвгүүд
Есүс Христ “бүгдийг, [мөхлийн хөвгүүдээс] бусдыг нь” (Сургаал ба Гэрээнүүд 76:44) аврах болно. Тэд Есүс Христ өөрсдөд нь илчлэгдсэний дараа Ариун Сүнсийг эсэргүүцэж, Есүс Христийг болон Түүний хүчийг үгүйсгэж, үл тоомсорлохдоо “Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” гэсэн асуултад бүрэн дүүрэн хариулжээ (43-р шүлгийг үзнэ үү). Ингэснээр тэд “түүнийг оюун санаандаа цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавьсны учир бөлгөө” (35-р шүлэг).
Телестиел сүр жавхлан
“Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” гэсэн асуултад телестиел хаант улс дахь хүмүүс хэрхэн хариулдаг вэ? Тэд сайн мэдээ болон “Есүсийн тухай гэрчлэлийг” (Сургаал ба Гэрээнүүд 76:82, 101) хүлээн авахаас татгалзахыг сонгодог бөгөөд “худалч хэлэгчид, мэрэг төлөгчид, мөн садарлагчид, мөн завхайрагчид” (103-р шүлэг) болж, Түүний зарлигуудыг эсэргүүцдэг.
Гэсэн хэдий ч тэд амилуулалтыг болон “бүх ойлголтыг давах” (89-р шүлэг) сүр жавхлангийн зэрэглэлийг хүлээн авдаг. Тэд “сэнтий дээрээ үүрд мөн мөнхөд залардаг түүнд өвдөг сөгдөх болно, мөн хэл болгон хүлээн зөвшөөрөх болно” (Сургаал ба Гэрээнүүд 76:110) гэсэн телестиел хаант улсын дор хаяж нэг хуулийг (Сургаал ба Гэрээнүүд 88:36-г үзнэ үү) дагадаг.
Террестриел сүр жавхлан
“Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” гэсэн асуултад террестриел хаант улс дахь хүмүүс хэрхэн хариулдаг вэ? Тэдэнд “Есүсийн тухай гэрчлэл” байгаа хэдий ч тэд үүнд “зоригтой биш” байдаг; “иймийн тул, бидний Бурханы хаант улсын дээрх титмийг тэд олж авах нь үгүй” (79-р шүлэг). Тэд “Эцэгийн бүрэн байдлыг бус харин Хүүгийн айлчлалыг хүлээн авахаар адислагддаг (77-р шүлэг).
Есүс Христ болон Түүний үүрдийн сайн мэдээ биднийг зөвхөн мэдэхийн зэрэгцээ бас хийж мөн болоход уриалдаг. Эцэг, Хүү хоёрын бүрэн байдлыг хүлээн авахын тулд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, уг гэрээнүүддээ үнэнч байх ёстой. Бошиглогч Иосеф Смит: “Хүн Бурханы санваарыг бүрнээр нь авахыг хүсвэл Есүс Христ үүнийг яаж авсан тэр байдлаар олж авах ёстой. Энэ бол бүх зарлигийг сахиж, Их Эзэний өргөөний бүх ёслолыг дуулгавартай дагана гэсэн үг юм” хэмээн тодруулжээ. Террестриел хүмүүн биес Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авахыг хүсдэггүй.
Селестиел сүр жавхлан
“Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” гэсэн асуултад селестиел хаант улс дахь хүмүүс хэрхэн хариулдаг вэ? Тэд “Есүсийн гэрчлэлийг” хүлээн авдаг; тэд “Түүний нэрэнд” итгэдэг; тэд “түүний нэрээр усанд оршуулагдан, түүний оршуулгын маягаар баптисм” хүртдэг (51-р шүлэг). Тэд “зарлигуудыг сахиснаар бүх нүглээсээ угаагдаж мөн цэвэршигдэн мөн энэ хүчинд томилогдон мөн лацдагдсан түүнээс Ариун Сүнсийг гар тавиулан хүлээн авч болохын тулд буюу” (52-р шүлэг). Тэд “[Их Эзэн Есүс Христэд итгэх] итгэлээр дийлж, … амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан тэд буюу” (53-р шүлэг). Тэд бол “өөрөө цус урсган энэхүү төгс цагаатгалыг хийсэн тэр, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон” (69-р шүлэг) тэд бөлгөө.
Есүс Христ “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Өөрийн үүргийг ойлгодог. Аврагчийн Цагаатгалаараа дамжуулан санал болгодог Түүний хайр, хүч, нигүүлсэл, нинжин сэтгэлийг болон үйлчлэгчид, шударга ёс, зарлиг, ёслол, гэрээнүүдийг хүлээн авахгүй бол хэн ч селестиел сүр жавхланг эсвэл Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авахгүй (Сургаал ба Гэрээнүүд 84:37–38-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы бүх хүүхдэд мөнх амьдралыг хүлээн авахад нь туслах Есүс Христийн Сүмийн үүргийг ийн онцолжээ. “Сүмийн урт хугацааны зорилго бол Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлж, Бурхантай гэрээ байгуулж, уг гэрээгээ сахихад нь бүх гишүүнд тусалж мөн гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, лацдан холбогдоход нь туслах явдал юм.”
Ерөнхийлөгч Нэлсон биднийг селестиел хаант улсыг мөнхийн зорилгоо болгон, “энэ дэлхий дээр байхдаа хийх сонголт бүр [маань] [биднийг] дараагийн амьдралд хаана аваачихыг нухацтай бодоход” урамшуулсан. Бид энэ урилгыг хүлээн авснаар “Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” гэсэн агуу асуултад хариулахад бэлтгэгдсэн байх болно.
Сүр жавхлангийн зэрэглэлийн тухай үзэгдэл нь сонгох эрх бодитой төдийгүй сонголтууд үнэхээр чухал гэдгийг баталж өгдөг. Энэ нь түүнчлэн Есүс Христийн ачаар бид “уналтаас гэтэлгэгдсэн” мөн “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөөг болон мөнх амьдралыг сонгох, … эсвэл дарангуйлал болон үхлийг сонгох … үүрдийн чөлөөт болсон гэдгийг сануулдаг (2 Нифай 2:26–27). Бид алиныг нь сонгох вэ? Энэ амьдрал дахь бидний ирээдүй, мөнхийн хувь тавилан маань Есүс Христэд итгэх бидний итгэлтэй адил гэрэл гэгээтэй.