2025
Уучилж чадахгүй байгаа хүмүүст илгээх захидал
2025 оны 7-р сар


“Уучилж чадахгүй байгаа хүмүүст илгээх захидал,” Лиахона, 2025 оны 7-р сар.

Залуучууд

Уучилж чадахгүй байгаа хүмүүст илгээх захидал

Би нэгэн хүнд гомдож, түүнийг хэрхэн уучлахад суралцах хэрэгтэй болсон юм.

Зүрх барьсан эмэгтэй

Хүндэт найз минь,

Гомдож шархлах нь хаа сайгүй түгээмэл байдаг мэдрэмж мэт санагдана. Эргэн тойрны маань хүмүүс биднийг уурлуулах, гомдоох, үл тоомсорлох, гутаах, доогуур үнэлэх зүйлсийг хэлж, хийх нь олонтоо.

Би олон жилийн өмнө сүмийн нэг хүнд гомдсон юм. Би уурлаж бухимдан, уг хүнийг уучлалт гуйгаасай гэж хүссэн ч тэр уучлалт гуйсангүй. Мэдэрч байсан шарх, уур уцаар минь алга болох байх гэж бодон, болсон явдлыг мартахыг хичээлээ.

Гэвч би уурлаж бухимдсан мэдрэмжээ олон жил дотроо хадгалж явсан юм. Миний тэр хүнд гомдсон гомдол алга болсонгүй.

Нэг өдөр би найздаа энэ тухай ярьж байлаа. Тэгтэл зүрх сэтгэлд минь “Уучил”

гэсэн бодол орж ирэв.

Түүнд маш их уурлаж бухимдсан надад Сүнс тэр хүнийг уучил гэсэн сүнслэг өдөөлтийг өгч байлаа. Би гайхширав.

Би яахаараа тэр хүнийг уучлах ёстой билээ? Намайг гомдоосон тэр хүн надаас уучлал гуйх ёстой биз дээ?

Би тэрхүү сүнслэг өдөөлттэй удаан хугацаанд тэмцэлдэв. Гэсэн ч би Аврагчийн үлгэр жишээ болон уучлалын талаарх Түүний сургаалыг тунгаан бодсон юм.

“Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал Тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна.

Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна” (Матай 6:14–15).

Аврагч загалмай дээр байхдаа ч Өөрийг нь цовдолсон цэргүүдийг уучлахыг Эцэгээсээ гуйсан (Лук 23:34-ийг үзнэ үү).

Би бас ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Уучлахад болон уучлал гуйхад шаардлагатай даруу байдал, эр зориг, хүч чадлыг хөгжүүл. …

… Хэрэв одоо уучлах боломжгүй мэт санагдаж байвал Есүс Христийн цагаатгагч цусаар дамжуулан танд туслах хүчийг хичээнгүйлэн гуй” гэсэн урилгыг санасан юм.

Би энэ бүхнийг бодож маш олон удаа залбирав. Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан, “Хэрэв энэ хүнийг уучлах нь Таны таалал мөн бол боломж олгож, үүнийг хийхэд туслаач. Учир нь надад үүнийг хийх тэнхээ алга” гэж хэлж билээ.

Маргааш нь би сүм дээр намайг гомдоосон хүнтэй нүүр тулан дайралдсан юм. Би Сүнсээр удирдагдан, түүнээс уучлалт гуйх хэрэгтэй гэж мэдэрлээ. Би зарим үед сайн найз байж чадаагүйдээ түүнээс уучлал гуйв. Тэр уучилж, эргүүлээд надаас өөрийн хийсэн зүйлийн төлөө уучлалт гуйсан. Би түүнийг уучлав.

Энэ явдал сэтгэлийг минь хөнгөрүүлсэн юм. Гомдол маань тэр даруй алга болоогүй ч надад илүү дээр санагдсан юм. Би намайг удаан хугацаанд зовоож байсан шаналал зовлонгоос чөлөөлөгдсөн. Би амар тайван цаашилж чадахаар болов.

Заримдаа уучлах нь боломжгүй мэт санагддаг. Гэхдээ уур уцаараа хадгалах нь биднийг улам их шархлуулдаг. Биднийг өвдөлт, харуусал, уур уцаараас ангид байгаасай гэсэндээ Есүс үнэхээр ихийг төлсөн учир Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлжлүүлэн энэ бүгдэд зовж шаналахыг хүсдэггүй. Тэр бидэнд хайртай учраас биднийг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг.

Найз минь, үүрч яваа ачаагаа хаях зоригтой бай. Ачаагаа Аврагчид өгч, Түүний хайрыг амьдралдаа оруул. Гомдол тээж явахыг сонгох хэрэггүй. Оронд нь Түүнийг сонго.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Кристин М.Еий эгч: “Их Эзэн биднээс өөрсдийн сайн сайхны төлөө бусдыг уучлахыг шаарддаг. Гэвч Тэр Өөрийнх нь тусламж, хайр, ойлголтгүйгээр үүнийг хийхийг шаарддаггүй. Их Эзэнтэй байгуулсан гэрээгээр дамжуулан, хүн бүр уучилж мөн өршөөгдөхөд хэрэгтэй, биднийг хүчирхэгжүүлдэг хүч чадал, удирдамж, тусламжийг хүлээн авч чадна” хэмээн гэрчилсэн.

Хайрт найз минь, та үнэхээр хайрлагдсан хүн шүү. Таны уучлалд хүрэх зам минийхтэй адилхан байхгүй байх. Гэвч бид бүгд Бурханы хүүхдүүд, Тэр биднийг үнэхээр их хайрладаг учир Тэр бидний хүн нэг бүрийн хэрэгцээний дагуу халамжлах болно. Үүнд цаг хугацаа шаардагдах байлаа ч гэсэн Тэрбээр бидэнд эдгэрэх замыг зааж өгнө.

Та өөрийн бодгальд туйлын хэрэгтэй байгаа өршөөлийг эрэлхийлнэ гэдэгт би найдаж байна. Миний үгс танд тус болсон гэдэгт би найдаж байна. Гэвч хамгийн чухал нь Аврагч бидэнд амар амгалан, тайтгарал, бүрэн бүтэн байдлыг авчирч чадна хэмээх үнэнийг Сүнс танд гэрчилсэн гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

Таны найз