2025
Халамжлах нь: Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх дэлхий даяарх санаачилга
2025 оны 7-р сар


“Халамжлах нь: Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх дэлхий даяарх санаачилга,” Лиахона, 2025 оны 8-р сар.

Гэрээт эмэгтэйчүүд

Халамжлах нь: Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх дэлхий даяарх санаачилга

Бид өөрсдийн гэр орон, оршин суугаа газар, орон нутгийнхаа хүмүүст анхаарал халамж тавьснаар Есүс Христийн хайр, халамжийг дэлхий дахинд авчирдаг.

Халамжийн нийгэмлэгийн сүнслэг нөлөө бүхий ажил 1842 онд анх тэнгэрлэгээр байгуулагдсан цагаасаа эхлэн хүмүүнлэгийн болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах ажилд гүн гүнзгий үндэслэсээр ирсэн. 20-р зуунд Халамжийн нийгэмлэгийн эгч нар байгалийн гамшиг болон өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллохоор нөөцөлсөн үр тариагаа илгээдэг байв. Тэд эмнэлэг байгуулж, эмэгтэйчүүдэд анагаах ухааны сургуульд сурахад нь тусалж, эмэгтэйчүүдийг сувилагч, эх баригчийн ажилд сургаснаар эх, нялхсын эндэгдлийн түвшнийг асар ихээр бууруулжээ. Тэд сургуулиуд байгуулж, бичиг үсэг заах хөтөлбөрүүдийг боловсруулах замаар боловсролыг дэмжиж байв.

Өнөөдөр дэлхий даяар Халамжийн нийгэмлэгийн 8 сая орчим эгч тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад шийдвэр төгс хэвээр байна. Халамжийн нийгэмлэг нь Бурханы бүх хүүхдэд Аврагчийн халамжийг авчрах, хүлээн авах туршлагыг дэмждэг ба үүнд материаллаг, сүнслэг тусламжийн аль аль нь багтдаг. Эгч нар Аврагчийн тусламжийг өгч мөн хүлээн авснаар Түүнтэй илүү адил болохын сацуу Түүний хайрыг мэдэрч, Түүнтэй илүү гүн гүнзгий, гэрээт харилцаа тогтоохыг хүсдэг.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх Сүмийн дэлхий даяарх санаачилга нь Бурханы бүх хүүхдэд материаллаг болон сүнслэг тусламж олгох боломж буюу туршлага юм. Бид үүнийг Түүний Сүнсээр, Түүний томилсон санваарын эрх мэдлээр болон Түүнтэй байгуулсан гэрээгээ сахиснаар хүлээн авдаг Түүний хүчээр үйлддэг.

Нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй

Бид энэхүү санаачилгаар дамжуулан дараах дөрвөн чиглэлд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амьдралыг адислахад хамгийн өндөр үр нөлөө үзүүлэхийг зорьж байна.

  • Хүүхдийн хоол тэжээл

  • Эх, нярайн асаргаа

  • Дархлаажуулалт

  • Боловсрол

Бид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх дэлхий дахиныг хамарсан санаачилгад яагаад эрч хүч, зүрх сэтгэл, нөөц боломжоо зориулж байгаа вэ? Яагаад гэвэл, бид дэлхий дахины хөгжил эмэгтэйчүүд, хүүхдүүдээс эхэлдэг гэдэгт итгэдэг. Ерөнхийлөгч Жонсон: “Та нэг эмэгтэйг адисалснаар түүний гэр бүл, нийгэм, улс үндэстнийг бас адисалдаг. Та нэг хүүхдийг адисалснаар ирээдүйдээ хөрөнгө оруулж байдаг” хэмээн заадаг.

Дэлхий даяарх санаачилгын нэг хэсэг болгон, хэрэгцээ шаардлага өндөртэй 12 улс оронд хүнс тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээг хурдацтай сайжруулахаар Сүмээс удирдан явуулах үйл ажиллагааны 55.8 сая ам. долларын санхүүжилтийг Тэргүүн зөвлөл баталсан. Сүм 2024 онд голлох 8 төрийн бус байгууллагатай хамтран 14 сая гаруй хүүхэд, саяхан амаржсан болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд ач тусаа өгсөн хөтөлбөрүүдийг дэмжжээ.

Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон Коста Рика дахь нэгэн эмэгтэйтэй уулзаж байгаа нь

Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон Коста Рикад болсон хүнсний хандивын арга хэмжээн дээр гурван хүүхдийн ээжтэй уулзжээ. Ерөнхийлөгч Жонсон: “Тэр өлссөн хүүхдүүдээ хооллосондоо үнэхээр талархаж байв. Би түүнд хайртайгаа, хамгийн гол нь Бурхан түүнд хайртай гэдгийг хэлсэн” гэв.

Чухал зорилгын нэг хэсэг

Би (ерөнхийлөгч Жонсон) өнгөрсөн жил Коста Рикад очихдоо хүнсний хандивын арга хэмжээнд туслах боломжтой байсан юм. Эрүүл хоол идэхээр ирсэн олон хүүхэд, эмэгтэйчүүдийг хараад миний сэтгэл ихэд хөдөлж билээ. Бид Аврагчийн биднээр хийлгэхийг хүссэн яг тэр зүйлийг хийж байна гэсэн мэдрэмж надад маш тодорхой төрсөн. Би Юманатай, түүний гурван хөөрхөн хүүхэдтэй танилцсан. Тэрхүү чин сэтгэлт эмэгтэй гэр бүлээ тэжээхийн тулд туузаар сарнай урлан зарж байсан. Тэр өлссөн хүүхдүүдээ хооллосондоо маш их талархаж байв. Би түүнд хайртайгаа, хамгийн гол нь Бурхан түүнд хайртай гэдгийг хэлсэн. Юмана материаллаг тусламж хүлээн авч мөн Бурханы хайрыг мэдэрч, ойлгосноороо сүнслэг тайтгарлыг хүлээн авсан юм.

Бид дэлхий даяарх энэхүү санаачилгыг аврал, өргөмжлөлийн ажлын нэг хэсэг гэж үздэг. Хүмүүс материаллаг тусламж авах үедээ тэднийг хайрлах Их Эзэний хайрыг мэдэрч, Түүнтэй гэрээт харилцаанд орох эсвэл харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй болно гэдэгт бид найдаж, хүлээдэг.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаснаар тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах тэнгэрлэг үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Үүнээс гадна энэ санаачилга нь хүмүүсийг өөр арга замаар адисалдаг. Үүнд:

  • Энэ нь өсвөр үеийнхний оюуны болон бие бялдрын чадавхыг нэмэгдүүлж, сүнслэг чадамждаа хүрэхэд нь тусалдаг.

  • Энэ нь хөршүүд болон найз нөхдөдөө хүрч ажиллахад тусалдаг бөгөөд тэдний ихэнх нь хүүхдүүддээ хэрхэн туслахаа олж мэдэхийг хүсдэг.

  • Энэ нь эмэгтэйчүүдэд, ялангуяа насанд хүрсэн залуу бүсгүйчүүдэд утга учиртай үйлчилж, тохинуулах боломжуудыг дэмжих сайн мэдээнд төвлөрсөн хөдөлгөөн болдог.

Өнөө үеийн залуучууд дэлхий дахинд жинхэнэ үр нөлөө, өөрчлөлт авчрах чухал хөдөлгөөний нэг хэсэг байхыг хүсдэг. Дэлхий даяарх энэхүү санаачилга нь эгч нарт маань дэлхий дээрх хамгийн агуу хөдөлгөөний нэг болох Түүний сэргээгдсэн Сүмийн эмэгтэйчүүдийн тэнгэрлэг байгууллага болох Халамжийн нийгэмлэгт аль хэдийн харьяалагддаг гэдгээ ойлгоход тусална гэж бид найдаж байна.

Дэлхий даяарх энэхүү санаачилга нь гишүүд, найз нөхдөд маань нийгэмдээ үйлчлэх сүнслэг нөлөөг үзүүлнэ гэдэгт бид итгэдэг. Тэд дараах зүйлсийг харна гэж бид найддаг. Үүнд:

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нөлөөлж буй асуудлуудыг эн тэргүүнд тавихын сацуу тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулахад нөөц боломжоо зориулж байна.

  • Сүм болон Халамжийн нийгэмлэг нь хүмүүнлэгийн асуудлуудыг шийдвэрлэх тал дээр дэлхий даяарх манлайлагчид юм.

  • Халамжийн нийгэмлэг нь хувь хүн, гэр бүл, нийгмийн амьдралыг сайжруулж буй эмэгтэйчүүдээс бүрдэж, тэднээр удирдуулдаг.

Энэ бол дэлхий даяарх энэхүү санаачилга дэлгэрэх тусам өнөөдөр болон ирэх жилүүдэд Аврагчийн тусламжийг өгч мөн хүлээн авах үй олон хүний амьдралыг адислах ер бусын ажлын дөнгөж эхлэл юм.

Анагаах ухааны мэргэжилтэн Филиппинд хүүхдэд үзлэг хийж байгаа нь

Анагаах ухааны мэргэжилтэн Филиппинд хүүхдэд үзлэг хийж байгаа нь. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх Сүмийн дэлхий даяарх санаачилгын дөрвөн үндсэн чиглэлийн нэг нь хүүхдийн хоол тэжээл юм.

Нөлөөллийнхөө цар хүрээнд

Дэлхийн хэмжээнд дэлхий даяарх Сүм алс хол газруудад томоохон асуудлуудыг шийдвэрлэх мэргэшсэн байгууллагуудтай хамтран ажиллахдаа гишүүд бидний хүн нэг бүрийг төлөөлдөг. Гэхдээ хамгийн сайн хүмүүнлэгийн тусламж бол гэрийнхээ ойролцоо, хашааныхаа эсвэл гудамжныхаа нөгөө талд гарч бусдад гараа сунгах явдал юм. Та нар Христийнхтэй адил нинжин сэтгэлээр үйлдэн, гэр бүл, оршин суугаа газар, орон нутгийнхаа хүмүүсийг хайрлан халамжилснаар гэрээнийхээ дагуу амьдарч, дэлхий дахиныг хамарсан хөдөлгөөнд оролцож байгаа хэрэг юм.

Та хөршийнхөө дээврийг засаж өгөх, эсвэл аймшигт хар салхины дараа өөр улс оронд очиж хүмүүсийн гэр орныг цэвэрлэх боломжгүй байж болно. Гэхдээ та хүүхдэд ном уншиж өгч, зовж зүдэрч байгаа найзаа сонсож эсвэл мацгийн өргөл өгч чадах уу? Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах энэхүү ажилд хүчин чармайлт бүр үнэ цэнтэй төдийгүй чухал юм. Аврагчийн зөөлөн гар, хөнгөн хөл, сонсох чих, эелдэг үг хэлдэг уруул нь болж, бусдад Түүний тайтгарлыг хүлээн авах арга зам болж байгаад баярлалаа.

Сүм нь янз бүрийн улс орны эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хамтран ажиллахаар байгууллагуудыг нэгтгэдэг бол Халамжийн нийгэмлэгийн эгч нар нийгэмдээ тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүмүүсийг нэгтгэдэг. Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүд хэрэгцээг олж харан, нөөц боломжийг цуглуулж, саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тусалдаг. Мөн бид Сүнсний тусламжтайгаар Есүс Христийн хайр, халамжийг Бурханы бүх хүүхдэд харуулдаг.

Халамжийн нийгэмлэгийн эгч нар Италийн Милан дахь цагаачдын хэрэгцээг олж хараад тэднийг хувцас хунар, гэр ахуйн бараагаар хангах үйлчлэлийг зохион байгуулжээ. Зарим эгч гамтай хэрэглэсэн эд зүйлсээ хандивласан бол зарим нь хандивын эд зүйлсийг цэгцэлж, цэвэрлэх ажлыг хийжээ. Эгч бүрийн өргөл чухал байлаа. Халамжийн нийгэмлэгийн эгч нар хандивын төвд ирсэн зочдод Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь тусалсан юм. Орон нутгийн Халамжийн нийгэмлэгийн эгч Моня: “Өчүүхэн зүйлсээс агуу зүйлс урган гардаг. Мөн бид Сүмийн доторх болон гаднах хүмүүсийг адисалж чадна. Энэ бол сайн мэдээ үйлдэл болж байгаа хэрэг юм” гэв.

Бошиглогч Иосеф Смит шинээр зохион байгуулагдсан Халамжийн нийгэмлэгийн эгч нарт хандан “Эдүгээ та нар зүрх сэтгэлд тань Бурханы тарьсан өрөвч энэрэнгүй сэтгэлийн дагуу үйлдэж чадах тийм нөхцөлд байна” гэжээ.

Еий эгч Мексикийн Гуадалахарад байхдаа орон нутгийнхаа хэрэгцээг хангахаар өрөвч энэрэнгүй сэтгэлээр үйлдэж буй олон эгчийн гайхамшигтай үлгэр жишээг олж харжээ.

Тэдний нэг бол орон нутгийн эмнэлэгт хол газраас эмчлүүлэхээр ирсэн, хоол хүнс, хувцас хунар хэрэгтэй байгаа хүмүүст очиж туслах хэрэгцээг олж харсан Пулидо эгч байв. Тэрээр хандивын хоол хүнс, ус, хөнжил, хувцас хунар олохоор Халамжийн нийгэмлэгийн 120 эгч, нэлээд хэдэн номлогч, орон нутгийнхаа хүмүүсийг цуглуулсан аж. Ойролцоогоор 1500 хүн бараа бүтээгдэхүүн хандивлаж, эгч нар болон бусад хүн 1200 орчим хүнд үдийн хоол, хоол хүнс бэлтгэжээ. Бараа бүтээгдэхүүнүүдийг эмнэлэгт эмчлүүлэх ээлжээ хүлээж байгаа хүмүүст өгсөн байна.

Уг эгч тэр хүмүүсийг өрөвдөж хайрласан учраас энэ бүхнийг хийсэн гэжээ. Тэрээр нөхөр нь хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт ирэх үед, эмчилгээ хийлгэхээр хүлээж байсан хүмүүсийн нэг нь өөрөө байсан тухайгаа нүдэндээ нулимстайгаар, даруухнаар тайлбарлав. Түүний хамгийн агуу адислал мөн хүсэл бол Аврагчтай адил тохинуулах явдал хэмээн тэр хэлсэн.

Есүс Христ хоёр жаахан хүүхэдтэй сууж байгаа нь

Аврагчийн тусламжийг үзүүлэх нь

Эгч нар аа, Аврагчаас ирэх материаллаг, сүнслэг тусламжийг бүх дэлхийд үзүүлэх ариун нандин ажлыг бидэнд итгэн даалгасан билээ. Бид өөрсдийн нөлөөллийн хүрээнд байгаа хүмүүст санаа тавьснаар үүнийг хийж чадна. Энэ бол бэлэг бас адислал юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх дэлхий дахиныг хамарсан санаачилгад оролцох нь биднийг Аврагчид илүү ойртуулдаг олон туршлагын нэг юм. Түүнтэй адил үйлдэх үедээ бид Түүний хайрыг мэдэрдэг. Мөн Түүнтэй гэрээт харилцаа тогтоох бидний хүсэл эрмэлзэл, тууштай байдал нэмэгддэг.

Бидэнд газар бүрийн ахан дүүс, эгч нартаа Есүс Христийн хайр, халамжийг үзүүлэхэд тусалж байгаад баярлалаа.

Есүс Христийг даган дуурайхыг хичээхдээ Түүний шавь нарын хувьд бидэнд тавигдах хамгийн чухал шаардлага бол эргэн тойрондоо байгаа хүн бүрийн нэн тэргүүний хэрэгцээг олж харан, хайр, тэвчээрээр хариулах явдал юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2024 оны Дэлхий даяарх Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт дээр “Бурханы охины хувьд таны бурханлаг бэлэг бол зөвхөн амьдралыг өөрчлөөд зогсохгүй, дэлхийг өөрчлөх хүчийг танд өгдөг гэдгийг ойлгож мэдээсэй хэмээн би та бүхнийг адисалж байна!” хэмээн хэлсэн.

Энэ бол бидний ер бусын үүрэг хариуцлага юм!

Энэ бол гэрээт эмэгтэйчүүд байх мөн дэлхийн өнцөг булан бүрд буй ах дүүс, эгч нартаа материаллаг болон сүнслэг тусламж үзүүлэх, Аврагчийн тусламжийг авчрах тус нийгэмлэгийн гишүүн байх гайхамшигтай цаг үе билээ. Халамж, бие даах чадварыг бий болгох эцсийн зорилго бол Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүмүүст боломжтой хайр, нигүүлслийг хүсэж мөн хүлээн авах замыг эгч ах нартаа бэлтгэх явдал юм.

Бид Есүс Христ бол халамж тайтгарал, Түүний өгдөг халамж үүрдийнх гэдгийг гэрчилж байна.