“Бид ач охинтойгоо дахиад уулзах болов уу?” Лиахона, 2025 оны 7-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Бид ач охинтойгоо дахиад уулзах болов уу?
Ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээн авах шийдвэр маань санаанд оромгүй гайхамшиг руу хөтөлсөн юм.
Зураг чимэглэлийг Дэвид Малан/Malan Creative
1999 онд ууган хүү маань нас барсан юм. Түүний эхнэр нэг настай охинтойгоо үлдэж хоцорсон бөгөөд бид ач охинтойгоо долоо хоног бүр уулзан хөгжилдөж, гайхалтай сайхан харилцаатай байдаг байв.
Эмгэнэлт нөхцөл байдлын улмаас бид ач охинтойгоо гурван насных нь төрсөн өдрөөс хойш уулзаагүй юм. Бид олон жилийн турш залбирч, мацаг барьж, ямар нэгэн байдлаар түүнтэй дахин уулзана гэж найдаж байлаа.
2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах амлалт бүхий урилгыг өгсөн билээ. “Их Эзэнтэй Түүний ариун өргөөнд уулзах уулзалтыг тогтмол хийх арга замыг олж, тэгээд тэрхүү уулзалтдаа хоцролгүй, баяр хөөртэй ирж байхыг би танд уриалж байна. Таныг Их Эзэний ариун сүмд үйлчилж, шүтэн бишрэхийн тулд золиос гаргахад Тэрээр танд хэрэгтэй гэдгийг мэддэг тэрхүү гайхамшгуудыг авчрах болно хэмээн би танд амлаж байна.”
Би эдгээр үгийг сонсоод, Тэнгэрлэг Эцэг бошиглогчоороо дамжуулан надад хандан ярьж байгааг мэдэрсэн. Тиймээс нөхөр бид хоёр мягмар гараг бүр ариун сүмд орж эхэлж, энэ амлалтаа “яг таг, баяр баясгалантайгаар” биелүүлэхээр шийдэв.
2019 оны нэгэн өдөр тухайн үед 21 настай байсан ач охин маань гэнэт онлайнаар над руу зурвас бичлээ. Түүний харилцах нь эхэндээ удаан байсан ч мессежнүүд нь үргэлжлэх тусам тэр гайхалтай харилцан яриа өрнүүлсэн асуултуудыг тавьж эхлэв. Тэр эхэндээ эргэлзсэн байдалтай байснаа, дараа нь илүү ойр ойрхон бидэнтэй харилцаж байлаа.
2021 онд бид түүнийг талархлын баярыг манай гэр бүлтэй хамт өнгөрүүлэхэд урьсан юм. Тэр зөвшөөрч, бид түүнтэй танилцан, цагийг сайхан өнгөрөөв. Тэр авга ах, эгч, үеэл дүү нартайгаа амархан дотносов. Тэр талархлын баяраар манайд ирдэг уламжлалтай болохыг хүслээ.
Жилийн дараа биднээс хол хөндий байсан хүү маань бидэнтэй эргээд холбоо тогтоов. 2024 оны 3-р сард бид анх удаа амьд байгаа бүх хүүхэд, тэдний эхнэр, нөхөр, 16 ач зээгээ бүгдийг нь оролцуулан гэр бүлийн цугларалт зохион байгуулсан юм.
Бошиглогч Их Эзэний өмнөөс ярьдаг гэдэгт би үргэлж итгэдэг байсан. Ерөнхийлөгч Нэлсоны илчилсэн удирдамж, амлалтын ачаар үнэхээр хэрэгтэй байсан энэхүү гайхамшиг ирсэн гэдэгт би итгэдэг.
Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрыг хайрлах хайр, гэрчлэл маань энэ гайхамшгаас хамааралгүй, хамааралтай ч байгаагүй. Гэсэн хэдий ч Тэдний намайг хайрлах хайр хэчнээн хувийн шинжтэйг мөн бошиглогчоор дамжин ирдэг амлалтууд нь хэчнээн хүчтэй болохыг хараад би гайхширсан.