“Христтэй илүү адил тохинуулах энгийн арга,” Лиахона, 2025 оны 7-р сар.
Христтэй илүү адил тохинуулах энгийн арга
Аврагчтай адил тохинуулах боломж бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг.
Зураг чимэглэлийг Жэн Толман
Тэнгэрээс илгээгдсэн тохинууллын ажил ярвигтай биш юм. Илүү их анхаарал халамж тавих гэдэг нь цөөн хэдэн энгийн аргуудад тулгуурладаг ба тэдгээрийг анхааралтай авч үзвэл “хайрын хуулийг илүү түгээмэл байдлаар дагаж амьдрахаар сүнслэг нүдээ нээх[эд]” тусалдаг.
Бидэнд “өөрсдийн хүмүүсийг харж хандан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлс дээр дэмжин ас[рахыг]” (Moзая 23:18) зөвлөсөн. Тохинуулах гол аргуудад дараах зүйлс багтдаг. Үүнд:
-
Тэдэнтэй холбоо барь. Ингэснээр тохинуулах боломж нээгддэг.
-
Тэднийг таньж мэдэн, ойлгох чадвараа хөгжүүлснээр тэдэнд санаа тавьж байгаагаа мэдүүл.
-
Тохинуулах боломжийн төлөө залбирч, тэдний хэрэгцээг мэдэхийн тулд сүнсний удирдамжийг эрэлхийл.
-
Тогтмол холбоотой байснаар үйлчлэхэд бэлэн бай.
Аврагчтай адил тохинуулах боломж бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Христтэй адил тохинуулах дөрвөн жишээг доор дурдав.
Бусдыг таньж мэдэх
Франсиско Лазаро Кампос дэ Соуза, Бразил
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр надад өмнө нь уулзаж байгаагүй, чуулгын нэгэн идэвхгүй гишүүнтэй уулзах хүсэл төрсөн юм. Нэг өдөр дэлгүүр явсныхаа дараа надад түүний гэрт очих хэрэгтэй гэж санагдлаа. Би тээнэгэлзэж байсан ч түүнтэй уулзах мэдрэмж улам бүр ихсэв. Би өөрийгөө танилцуулаад, санаандаа орж ирсэн зүйлсээ хэлэв. Тэр Их Эзэнд хэрэгтэй мөн түүнд Их Эзэн хэрэгтэй гэдгийг би түүнд хэллээ.
Тэр ганцаардаж байгаагаа болон бусад зовлон зүдгүүрээ хуваалцав. Би түүнд “Та тусалж, дэмжих найзуудыг чуулгаас олох болно” гэлээ. Тэр урилгыг минь дуртайяа хүлээн авч, ням гаргийн цуглаанд ирсэн юм.
Би түүнийг таньдаггүй байсан ч Их Эзэн түүнийг мэдэж байсан төдийгүй сэтгэл зүрхийг нь мэдэрч байсан. Миний итгэл үнэмшил дахин батлагдав. Эцэгийнхээ хүүхдүүдэд тохинуулж, тэдний хэрэгцээг мэдэхийн тулд залбирвал Их Эзэн биднийг тэдэн рүү хөтөлдөг. Бид “доош унжсан гаруудыг өргө[ж], мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болго[хын]” (Сургаал ба Гэрээнүүд 81:5) баяр хөөрийг хамтдаа мэдэрдэг.
Холбоо барих
Ана Родригэз Рамирэз, Испани
Номлолын маань нэг өдөр хамтрагч бид хоёрт тойргийнхоо нэг эгчтэй уулзах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн юм. Бид түүнд үнэ цэнтэй хүн гэдгийг нь сануулахын тулд цаасаар зүрхнүүд хайчилж, дээр нь хайрын үгс бичив.
Бид түүнийг гэртээ байхгүй байх гэж бодон очлоо. Биднийг цаасан зүрхнүүдээ байрлуулж байтал тэр машинтайгаа гэрийнхээ гадаа ирж зогсов. Хамтрагч бид хоёр сюрприз барих гэж байсан болохоор нуугдахыг оролдсон ч бүтсэнгүй. Тэр биднийг харчхав.
Тэр эгч нулимс цийлгэнүүлэн машинаасаа буулаа. Тэр биднийг тэврээд, “Та хоёр миний тэнгэр элч нар. Надад хамгаас хэрэгтэй үед та нар үргэлж байж байдаг. Баярлалаа” гэж хэлэв.
Тэр биднийг гэртээ оруулаад, өдөржин гэр бүлийн ноцтой асуудалтай байсан тухайгаа ярилаа. Бид зүгээр л түүнийг сонсов. Бид Бурхан түүнд хэчнээн их хайртайг, мөн түүний юу туулж явааг Тэр мартаагүй гэж хуваалцлаа. Бид түүнтэй хамт судар уншиж, биднийг явах үед гэр нь Ариун Сүнсээр дүүрсэн байв.
Есүс Христийн шавь нар “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад … бэлэн” (Moзая 18:9) байдаг. Тэр биднийг Өөрийнх нь агуу ажил болох илүү дээд, илүү ариун тохинууллын нэг хэсэг байна гэдэгт найддаг. Хүмүүсийг таньж мэдэн, тэднийг сонсох цаг гаргах үедээ бид Бурханы дэлхий дээрх тэнгэр элч байхад бэлтгэгддэг.
Аврагчийг төлөөлөх
Талиа Родригэз, Швейцар
Залбирал бол Аврагчтай адил тохинуулахын салшгүй нэг хэсэг юм. Залбирал нь хэнийг адислахаа мэдэхийн тул эрэлхийлэх эхлэл байж болно. Энэ нь бидэнд хэрхэн адислах тухай тэнгэрийн тааллыг ойлгоход тусалж чадна. Мөн залбирал нь үүргээ хэрхэн гүйцэтгэхээ мэдэх чухал алхам юм.
Миний нөхөр Марио вакцин гарахаас өмнө, өвчин дэгдсэн эхэн үед КОВИД тусаад өвдчихсөн байлаа. Бишоп тойргийн маань ахлагч Моронайгаас түүнд санваарын адислал өгөхийг хүссэн юм.
Моронай вирус авч гэр бүлдээ халдаахыг хүсээгүй учраас ийн үйлдэхээсээ өмнө тэнгэрлэг баталгаа авах хэрэгтэй байлаа. Тэр эхнэртэйгээ хамт өвдөг сөгдөн залбирч, амар тайвны баталгаа ирэхийг хүлээв. Тэд амар тайвныг мэдрэхэд эхнэр нь: “Хуяг дуулгаа өмсөөд яв, Моронай” гэв.
Түүнийг манайд орж ирэхэд бид Их Эзэний дайчныг харсан юм. Нөхөр маань хүссэн адислалыг нь өгөхөөр зоригтойгоор хүрч ирсэн ахыг хараад баярын нулимс дуслуулав. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй явдал байлаа.
Аврагч Өөрийн үйлчлэгчээр дамжуулан ирж, эрхэм хүндэт Моронай ах маань Мариогийн толгой дээр гараа тавин түүнийг Христийн адилаар адисалсан юм.
Тэдэнд гэрээний адислалуудыг хүлээн авахад туслах
Гэйзианэ Мораис Фрэйтас Дуартэ, Бразил
Би нэг удаа сүмд явахаа больсон нэг эгчид тохинуулсан юм. Би түүн дээр айлчлахдаа Аврагч түүнд болон гэр бүлд нь хэчнээн их хайртай тухай хуваалцдаг байв. Би дандаа тэднийг дараагийн ням гарагт сүмд ирэхэд урьдаг байсан. Энэ байдал удаан үргэлжилсэн ч тэд ер ирсэнгүй. Би сэтгэлээр унав. Бууж өгье гэсэн уруу таталт хүчтэй байлаа. Гэхдээ хамтрагч бид хоёр тэдний гэрт айлчлах болгондоо тэнгэрийг зэрвэсхэн хардаг байв. Бид үргэлж тэднийг ариун сүмд цагаан хувцастай байгаагаар төсөөлдөг байсан. Бид үргэлжлүүлэн хичээх хэрэгтэйгээ мэдсэн.
Олон удаа залбирч, олон удаа айлчлан очсоны эцэст тэр гэр бүл сүмд ирлээ! Тэд долоо хоног болгон ирдэг болсон. Тэрхүү гэр бүл итгэлээ хөгжүүлж гэрээний зам дээр гарахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн юм. Сайн мэдээ тэднийг хүчирхэгжүүлсэн нь тодорхой болов.
Эцэст нь би тэдний ариун сүмд лацдан холбогдох ёслолд оролцох урилга хүлээн авлаа. Би тэрхүү ариун нандин ёслолыг харж байхдаа, баярын нулимс унагахгүй байж чадаагүй юм. Энэ бол гайхамшиг байв.
Бууж өгмөөр санагдах үе гардаг байсан ч тэдэн дээр айлчлах болгондоо би ариун сүмийг хардаг байв. Бурхан надад энэ гэр бүлд зориулсан төлөвлөгөөгөө цухас харуулсан юм. Тэр тэдэнтэй холбоотой байлгахаар намайг Өөрийн зэмсэг болгон ашигласан. Тэр надад тохинууллын жинхэнэ зорилгыг үзүүлсэнд би талархаж явдаг.
Христийн загварыг дагах
Биднийг Аврагчийн үйлчилж байсны адилаар үйлчилж, хэн нэгний амьдралд адислал болох үед тохинууллын баяр баясгалан, хүч ирдэг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон: “Та нар бусдад тайтгарал өгөх материаллаг эсвэл сүнслэг юуг ч хийсэн гэсэн … та нар тэдэнд Есүс Христийн хайрыг авчирч байдаг. Та нар үүнийг хийснээр Түүгээр өөрсдөдөө тайтгарлыг олохоор адислагдах болно гэдгийг би гэрчилж байна” гэж заажээ.
Бид хүчин чармайлт гаргах явцдаа Их Эзэнд хандан тусламж хүссэнээр тохинуулах үедээ Аврагчтай илүү адил болдог. Бид сүнслэг өдөөлтүүдийг дагаж, үйлчилдэг хүмүүсээ таньж мэдэн, тэдний төлөө залбирч, тэдэнд гэрээнүүдийг байгуулж сахихад нь тусалж, тууштай хичээл зүтгэл гаргадаг.
Нэг нэгээр нь тохинуулах Аврагчийн тохинуулал бидэнд сайн загвар болдог (3 Нифай 11:15-ыг үзнэ үү). Далын ахлагч Хуан Пабло Виллар: “Хэрэв бид Гарамгай тохинуулагч болох Есүс Христийг дагаж, бусдад Түүний адилаар тохинуулах юм бол Тэрээр биднийг хүчирхэгжүүлж, хүч чадал өгөх болно. Бид тохинууллаараа дамжуулан бусдын амьдралыг адисалж, өөрсдийнхөө амьдралд амар амгалан, баяр баясгаланг олж чадна” хэмээн заасан.