2025
Хамтрагчдын зөвлөгөөн: Гэрлэлтээ зорилготойгоор аз жаргалтай болгох нь
2025 оны 7-р сар


“Хамтрагчдын зөвлөгөөн: Гэрлэлтээ зорилготойгоор аз жаргалтай болгох нь,” Лиахона, 2025 оны 7-р сар.

Хамтрагчдын зөвлөгөөн: Гэрлэлтээ зорилготойгоор аз жаргалтай болгох нь

Хосууд харилцаагаа сайжруулахын тулд номлогчдын нэгэн адил хамтрагчтайгаа зөвлөлдөж болно.

Модны мөчир дээр сууж буй шувуудын зураг

Би коллежид энх тайван болон зөрчилдөөн судлалын залуу оюутан байхдаа зөрчил маргааныг шийдвэрлэхэд ашиглаж болох аливаа үйл явцыг ихэд сонирхдог байлаа. Би нэг найзтайгаа амьдралыг минь өөрчлөх сэдвээр ярилцах зуураа өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, хамтрагчдын зөвлөгөөн гэдэг үгийг сонссон юм.

Найз минь номлолынхоо тухай ярьж байхдаа, хамтрагчдын зөвлөгөөн гэдэг нь номлолын хамтрагчид хэрхэн хамтарч ажиллаж байгаагаа мөн хэрхэн сайжирч болох талаараа ярилцдаг байнгын уулзалт гэдгийг хэлэв. Найз маань энэ үйл явцыг номлогчийн хувьд маш хэрэгтэй гэж үзсэн учраас хэзээ нэгэн өдөр үүнийг гэрлэлтдээ ашиглахаар төлөвлөсөн ажээ. Энэ санаа миний зүрх сэтгэлд гүн шингэсэн юм. Би Миний сайн мэдээг номло гарын авлагаас хамтрагчтайгаа зөвлөлдөх талаар уншиж, өөр бусад буцаж ирсэн номлогчоос энэ талаарх сэтгэгдлийг нь асууж ярилцав. Би гэр бүлээрээ зөвлөлдөхтэй адил хамтрагчтайгаа зөвлөлдөх нь өнөө үед бидний харилцаанд тулгардаг хор хөнөөлтэй олон зөрчилдөөнийг авч ярин, урьдчилан сэргийлэхэд ашиглаж болохыг олж харсан.

Миний нөхөр Жэймс бид хоёр бүр гэрлэхээсээ ч өмнө долоо хоног бүр хамтрагчдын хувиар зөвлөлдөж эхэлсэн юм. Би анхны уулзалтаа одоо ч санадаг. Жэймс нээлттэй, эелдэг байж, ойлгож, миний бодол санааг нухацтай авч үзсэн учраас би аз жаргалтай гэр бүл зохиож чадна гэдэг итгэлийг мэдэрсэн.

Бид өдийг хүртэлх хамтын амьдралдаа долоо хоног бүр хамтрагчдын хувиар зөвлөлдөх уламжлалаа үргэлжлүүлсэн билээ. Харилцаа маань төгс биш ч бидний олон зөвлөгөөн боломжтой гэж бодсоноос маань ч илүү баяр баясгалан, сэтгэл ханамжийг гэрлэлтээсээ олоход тусалсан гэдэгтэй бид хоёр санал нийлдэг.

Ялгаатай байдлыг боломж гэж харах

Бурхан дэлхийг бүтээж, удаа дараа хуваан, олон янз болгож, “эдгээр нь сайн болсныг харсан” (Эхлэл 1:10, 12, 18, 21, 25). Энэхүү гайхалтай олон янз байдал нь Бурханы хүүхдүүдэд олон янзын туршлага, ойлголтыг өгдөг нэг нөлөө юм. Үнэнчээр гэрлэсэн хосууд хүртэл чухал сэдвүүдийн талаар өөр өөр үзэл бодолтой байж болно гэдгийг ухаарах нь аймшигтай санагдаж болох ч айх хэрэггүй. Бид Аврагчийг үлгэр жишээ болгосноор эдгээр ялгаатай байдалд хайраар дүүрэн, бүтээлч, үндэслэлтэй арга замаар хандахыг сонгож, улмаар энэ нь илүү бүрэн дүүрэн шийдэл, илүү аз жаргалтай харилцаанд хөтөлнө.

Бид бие биетэйгээ энэхүү илүү дээд, илүү ариун арга замаар харилцах үедээ зөрчилдөх эсвэл бие биеийнхээ үзэл бодлыг хий хоосон хүлээн зөвшөөрөх шаардлагагүйг, таарамжтай байдал нь хоорондоо ижил байна гэсэн үг биш гэдгийг ойлгодог. Дадлага хийснээр эсрэг тэсрэг үзэл бодол нь саад тотгор биш, харин холбоо харилцаа үүсгэх боломж гэдгийг харах болно. Зөрчилдөөн нь хамтрал, итгэлцэл, хайр халамжаар солигдоно.

Христийнхтэй адил хайр шингэсэн хамтрагчдын зөвлөгөөн нь таны харилцаан дахь зөрчил маргааныг адислал болгон хувиргахад тусалж болно. Ийн үйлдэж эхлэхэд туслах дөрвөн санааг дурдъя.

Хамтрагчдын зөвлөлдөөнийг зохион байгуулах

1. Амлалт өгөх

Хэсэг хугацаанд туршилтын журмаар ч хамаагүй хамтрагчдын зөвлөлдөөнийг тогтмол явуулснаар харилцаагаа сайжруулах шийдвэрийг хамтдаа гаргах тухай бодож үз. Хоёр талын бүрэн оролцоогүйгээр энэ үйл явц сайн ажиллахгүй.

2. Хөтөлбөр гаргах

Таны харилцаанд өөрийн гэсэн давуу болон сул тал, хэрэгцээ бий. Үүнийг санан, дотно харилцаа, хүүхэд хүмүүжлийн арга барил, цагийн хуваарь, санхүү зэрэг хамтрагчдын зөвлөлдөөнөөр ярилцах хэрэгтэй гэж үзэж байгаа сэдвүүдийг тодорхойл.

Эдгээр сэдвийг хэлэлцэх цагийг төлөвлөгөөндөө тогтмол оруулснаар бухимдсан үед эсвэл хэзээ ч гарч ирэхгүй байж болох бодол санаа, мэдрэмжүүдэд цаг гаргах болно.

3. Тодорхой цаг товлож, бэлтгэлтэй байх

Хамтрагчдын зөвлөлдөөндөө зориулан тодорхой цаг гаргах талаар бодож үз. Юу танд хамгийн тохиромжтойг шийдээд, дараа нь бусдыг ойлгож, илэн далангүй хуваалцаж, эелдэг найрсаг хандах бэлтгэлтэй байж мөн оролцох амлалт өг. Та мөн хамтрагчдын зөвлөлдөөний талаар бичгээр тэмдэглэл хөтөлж болно. Бидний өнгөрсөн долоо хоногийн тэмдэглэл дараагийн зөвлөлдөөнд бэлтгэхэд тус болдог.

Тэмдэглэл хөтлөх нь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэнчлэн, “бэрхшээлийг даван туулсны дараах ялалт, уналтын дараах эргэн босолт, бүх зүйл хар бараан санагдах үед гаргасан өсөлт дэвшил, [мөн] [амжилтад] хүрэх үеийн тань баясал”-ыг санахад тань туслах болно. Жэймс бид хоёр олон жилийн турш зохион байгуулсан хамтрагчдын зөвлөлдөөнийхөө 800 орчим тэмдэглэлийг хадгалж үлдсэндээ маш их баяртай байдаг. Өнгөрснөө эргэн харж, ямар хол ирснээ мэдэх хэчнээн сайхан гээч!

4. Тууштай байх

Хамтрагчдын зөвлөгөөн эхлээд нэг л эвгүй эсвэл сүрдмээр санагдаж болох ч дахин давтан хийснээр илүү хялбар байх болно. Тогтмол ярилцсанаар та болон таны хань жижиг асуудлуудыг том асуудал болохоос нь өмнө барьж авах болно.

Сонирхолтой нь, Жэймс бид хоёрын хамгийн ширүүн маргаанууд хамтрагчдын зөвлөлдөөний үеэр болсон юм. Зөрчил маргаан маш хурдан, санаандгүй байдлаар ширүүсэж, ярилцлага маань утга учиртай байхаа больж, бид хоёул энэ явцад шархалж билээ. Гэвч хамтрагчдын зөвлөлдөөнөөр эхэлсэн зүрх шимшрэм тэрхүү зөрчил маргаан хамтрагчдын зөвлөлдөөнөөр л шийдвэрлэгдсэн. Дараагийн долоо хоногт, мөн тэрний дараагийн долоо хоногт бидэнд дахиад нэг боломж олдоно гэдгийг бид мэдэж байлаа.

Тиймээс долоо хоног тунгаан бодож, тайвширсны дараа бид дахин оролдож үзэн, эцэст нь санал зөрөлдөөнөө шийдсэн юм. Бид зөрчил маргаанаа Аврагчийн арга барилаар шийдвэрлэх үедээ бидэнд амласан “хувийн амар амгалан, сүнслэг инерц”-ийг тод мэдэрсэн. Бидний бүтээлч сэтгэлгээ, хайраар шийдвэрлэгддэг зөрчил маргаан бүр нь биднийг урагш ахиулж, бидний харилцаанд Ариун Сүнсний гүн гүнзгий цаашдын нөлөөг урьдаг.

Таны харилцаанд ямар нэгэн зөрчил байхгүй мэт санагдаж, хамтрагчдын зөвлөлдөөнөө алгасахаар уруу татагдах үе гарч магадгүй юм. Нөхөр бид хоёр ингэхгүй байхаар шийдсэн. Тэдгээр хамтрагчдын зөвлөгөөн нь бид юу зөв болж байгаа талаар ярилцах, хамтдаа инээлдэж, зүрх сэтгэлийн гүнд буй зүйлээ хуваалцан, дурсамжтай болох жинхэнэ баяр баясгалангийн үе байдаг.

Амлалт

Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг онцгой нэгэн болгон бүтээж, тэгээд биднийг харилцаанд орохоор зохион байгуулсан. Тэрээр биднийг ялгаатай байдлуудаа зөрчилдөөнөөр бус (3 Нифай 11:29-ийг үзнэ үү), харин Есүс Христийн цэвэр хайраар шийдээсэй гэж хүсдэг. Учир нь энэ хайр биднийг бие биедээ болон мөн Түүнд улам ойртуулна гэдгийг Тэр мэддэг (Maтай 5:9; Моронай 7:48-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд дараах үүргийг амлалтын хамт өгсөн юм. “Ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх хүндэтгэлтэй арга зам, зөрчилдөөнийг арилгах амар тайван, гэгээлэг арга зам бий гэдгийг харуулцгаая. Таныг Есүс Христийн жинхэнэ дагагчдаас харагддаг энэрлийг үзүүлэхэд Их Эзэн таны хичээл зүтгэлийг төсөөллөөс тань хол давсан их хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх болно.”

Бид хайрт бошиглогчийнхоо энэхүү баталгаанд бүрэн итгэлтэй байж, гэрээний зам дээрээ урагшилж чадна. Бид “зүрх сэтгэлээ эв нэгдэлд болон нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн” (Мозая 18:21) зөрчилдөөнөө бүтээлч сэтгэл, нигүүлслээр шийдвэрлэж чадна.