“Дуу хөгжмийг түгээх нь,” Лиахона, 2025 оны 7-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Дуу хөгжмийг түгээх нь
Бид бүгд зогсож байгаа газраасаа өргөж мөн Бурханаас өгсөн бэлэг, авьяас чадвараа хуваалцах арга замыг эрэлхийлж чадна.
Зураг чимэглэлийг Дэвид Малан/Malan Creative
Би үргэлж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ариун сүмийн талбайн найрал хөгжимд тоглохыг хүсдэг байсан. Би кларинэт тоглодог, дуу хөгжмөөр эрдмийн зэрэг хүртсэн ч ийм боломж надад тохиохгүй ч байж мэднэ.
Тэгээд ч би Шинэ Зеландад амьдардаг.
Гэвч би Шинэ Зеланд болон бусад бүс нутаг дахь хөгжмийн анхдагчийн хувьд “хангалуун байж” (Алма 29:3) чадна гэдгийг Ариун Сүнс надад сануулдаг юм. Би 18 настайдаа анх балчир хүүхдийн ангийн хөгжмийн удирдагчаар дуудагдав. Тэр цагаас хойш би гадас, тойргийн дуу хөгжмийн үзүүлбэрүүдийг удирдаж мөн тоглохын зэрэгцээ Хүүхдийн хэсэгт төгөлдөр хуур тоглох боломжоор адислагдсан. Би Шинэ Зеланд даяар болон Филиппинд дуу хөгжмийг хуваалцаж, Хятадын Шанхай дахь Сүмийн нэгэн дүүргийн нээлттэй хаалганы өдөрлөгийн төгөлдөр хуурын аяыг нь тоглож өгсөн. Би Провогийн Номлогчийг бэлтгэх төвд дуэт дуулсан.
Сэтгэл түгшүүр, сэтгэл гутралтайгаа тэмцэж байх хүнд үед дуу хөгжим намайг Сүмд үлдэхэд тусалсан юм. Би юу ч хийж чадахгүй мэт санагдсан үедээ ч дуу хөгжмийн тал дээр туслахад үргэлж бэлэн байдаг. Дуу хөгжим надад дэлхий ертөнцийг сүнслэг нүдээр харахад тусалдаг.
Би эхнэр, гурван хүүхдийнхээ хамт дуу хөгжим зохиодог. Бид хамтдаа тойрогтоо үзүүлбэр үзүүлж, Шинэ Зеландын Окланд номлолын шууд нэвтрүүлэгт зориулан дуу хөгжим тоглож, онлайн гадасны чуулганд зориулан дуу дуулж байсан. Бурханы үг сүмийн дууллуудаар дамжуулан Ариун Сүнсийг урьж, гэр бүл, тойргийнхны маань зүрх сэтгэлд хүрдгийг би мэднэ.
Би Ариун сүмийн талбайн найрал хөгжимд алсаас дурласан хэвээрээ байсан ч бид хаана ч байсан мөн чадах бүх арга замаараа Их Эзэнд үйлчилж, Түүнийг магтан дуулах боломжийг эрэлхийлбэл адислагддаг гэдгийг мэднэ (Дуулал 150:6-г үзнэ үү). Бид өөрсдийн бэлэг, авьяас, түүний дотор дуу хөгжмөөр дамжуулан гэрчлэлээ хуваалцах боломжтой байдагт би талархдаг. Бид тэдгээр бэлэг, авьяасыг Бурханы хүүхдүүдтэй хуваалцаж, “зогсож байгаа газраасаа өргөснөөр” адислагдаж, мөн бусдыг адисалдаг.