2025
Аврагчийн нэг хүний төлөөх хайр, санаа зовнил
2025 оны 7-р сар


“Аврагчийн нэг хүний төлөөх хайр, санаа зовнил,” Лиахона, 2025 оны 7-р сар

Аврагчийн нэг хүний төлөөх хайр, санаа зовнил

Есүс Христийн адил бие биеэ хайрлаж, нэг бүрчлэн тохинуулахыг биднээс хүссэн.

Нэгэн ахын гэрт айлчилж буй хосын зураг

Зураг чимэглэлийг Алэкс Набаум

Би 1984 оны 8-р сард баптисм хүртсэнийхээ дараахан Зимбабвегийн Квэквэ дэх амьдарч байсан газраасаа холгүй хөгжим тоглож, мах шардаг нэгэн хөгжилтэй үйл ажиллагааны талаар сонсов. Би найзуудтайгаа хамт явахаар сэтгэл догдолж байсан ч энэ нь ням гарагт байв. Найзууд маань Сүмийн гишүүд биш байлаа.

Би тэдэнд “Би сүмдээ очоод ариун ёслолын цуглааны дараа сэмхэн гарч, та нартай нэгдье” гэж хэллээ.

Миний сул талыг мэддэг найзууд маань: “Чи тэгвэл хоцорно шүү дээ. Чамайг ирэхэд шарсан мах дуусчихсан байна” гэв.

Би шийдвэр гаргах хэрэгтэй болов. Сүмдээ явах уу эсвэл шарсан мах уу? Би шарсан махыг сонгосон ч ням гаргийн өглөө уг үйл ажиллагаа цуцлагдсаныг мэдлээ. Тэр үед сүмд явахад дэндүү оройтсон байсан учир би түрээсэлж байсан жижиг өрөөндөө үлдэв.

Үд дунд би хэн нэгэн хүний “Энд Эдди Дюбэ амьдардаг уу?” гэхийг сонслоо.

Манай салбарын ерөнхийлөгч Жон Нюүболд эхнэр Жийнтэйгээ ирсэн байв. Би орон доогуураа орж нуугдахыг хүссэн ч намайг яаж ч амжаагүй байтал тэд өрөөг маань байшингийн бусад хэсгээс тусгаарладаг хөшигний хажууд ирчихсэн зогсож байлаа.

Тэд: “Өө, Эдди, бид сүм дээр өнөөдөр чамайг санасан” гэж хэлэв.

Хэсэг ярилцаад явсных нь дараа “Эдди, бид чамайг санасан” гэх найрсаг үгс санаанаас минь гарахгүй байлаа. Би Жон, Жийн Нюүболд хоёрт талархдаг. Тэд бидний Аврагч Есүс Христийн нэг хүний төлөөх хайр, санаа зовнилыг хувьдаа олж харахад надад тусалсан учраас тэр өдрөөс хойш би адислагдсан юм.

Нэг нэгээр нь

Есүс Эцэгтэй хамт байсныхаа дараа, амилсан нэгний хувиар нифайчууд дээр ирсэн билээ. Тэр уг хүмүүсийг тайтгаруулахаар ирсэн юм. Тэрээр тэднийг хайраар ийн урьсан.

“Та нар хавирган талд минь гараа хүргэж болохын тулд, мөн түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч болохын тулд, би бол Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан гэдгийг, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болохын тулд босогтун мөн над дээр ирэгтүн.

… мөн тэд бүгдээрээ урагшилж мөн нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, мөн бошиглогчдоор ирэх болно хэмээн бичиглэгдсэн тэр нь мөн болохыг гарцаагүйгээр мэдэж мөн гэрчилтлээ тэд нэг нэгээрээ урагшилж, ийн үйлдэв” (3 Нифай 11:14–15; тодотгол нэмсэн).

Тэгээд Тэр тэднийг өвчтэй, гэмтсэн, эсвээс “ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн [хүн бүрийг авчрахад урьж] … мөн тэрбээр тэднийг өөр дээр нь авчрагдахад нэг бүрчлэн эдгээв” (3 Нифай 17:7, 9; тодотгол нэмсэн). Үүний дараа Тэрээр “тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислан, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав” (3 Нифай 17:21; тодотгол нэмсэн).

Тэнд 2500 хүн байсан гэж бодоход үнэхээр даруусмаар болдог (3 Нифай 17:25-ыг үзнэ үү). Африкт төрж өссөн хүний хувьд би Аврагчийг халуун наранд зогсоод, Өөр дээр нь ирсэн бүх хүнийг эдгээж, тайтгаруулж, урам зориг өгч, хайраа үзүүлэхээр хүлээн зогсож байгаагаар олонтоо төсөөлдөг. Түүний шавь нар болох биднээс эргэн тойрондоо байгаа хүмүүст Түүний адилаар хүн нэг бүрчлэн тохинуулахыг хүсдэг.

Итгэлтэйгээр явах

Тойрог эсвэл салбар дахь Халамжийн нийгэмлэг эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр таныг хувь хүн, гэр бүлүүдэд тохинуулахаар хуваарилсан байгаа. Та нар тэдний заримыг бараг танихгүй байх. Та тэдэн дээр айлчлах, утсаар ярих, эсвэл мессеж бичихдээ сандардаг байж ч магадгүй. Тэд таныг гэртээ оруулахыг хүсэхгүй байх вий гэж та санаа зовж байж болох юм. Гэвч удирдагчид тань энэ үүрэг даалгавар танд ямар утга учиртай байж болох тухай мөн энэ нь танд болон таны тохинуулах гэр бүлд ямар адислалуудыг авчирч болох талаар залбирч бодож үзсэн. Тиймээс итгэлтэйгээр яв.

Хэдэн жилийн өмнө би Америкийн Нэгдсэн Улсын зүүн өмнөд хэсэгт нэгэн гадасны чуулганы өмнө гадасны ерөнхийлөгчтэй хамт хэдэн гэр бүлд айлчлан очсон юм. Биднийг нэгэн айлд очтол ноорхой хувцастай нэг хүн бидэн рүү хүрч ирээд,

“Юу хүсээ вэ? Би гэртээ хүмүүс оруулмааргүй байна” гэж чангаар хэлэв.

Тэр хүний биеэ авч яваа байдал заналхийлсэн өнгө аястай болоход миний санаа зовж байлаа. Би гадасны ерөнхийлөгчийг барьж аваад, машин руугаа гүйхийг хүсэж байв! Гэвч гадасны ерөнхийлөгч тайван байлаа. “Биднийг өршөөгөөрэй. Биднийг ирнэ гэж танай бишоп хэлсэн байх гэж бид бодсон” гэв.

Тэднийг ярьж байхад би Сүнсийг маш хүчтэй мэдэрсэн юм. Би зориг орж, нөгөөх хүн рүү дөхөж очоод, “Ах аа, [тэр үед бошиглогч байсан] ерөнхийлөгч Томас С.Монсон надад энд ирэх даалгавар өгсөн юм аа. Бид тантай уулзахаар ирлээ. Би танд бошиглогчийн хайрыг хуваалцахаар ирлээ” гэлээ.

Би өнөөх хүний нүд рүү хараад, нулимс цийлгэнэж байгааг нь ажиглав. Тэр зовлон бэрхшээлээ бидэнтэй хуваалцаж эхэлсэн юм. Эхнэр нь сэтгэл гутралд өртсөн байлаа. Тэр саяхан ажилгүй болсон байв. Хүүхдүүдээ хооллох хоол хүнс түүнд байсангүй. Сүм түүнд болон гэр бүлд нь туслах болно гэдгийг гадасны ерөнхийлөгч батлан хэлэв. Бидний айлчлал сайхан болж өнгөрлөө.

Хэдэн долоо хоногийн дараа би гадасны ерөнхийлөгчөөс юу болсныг асуусан юм. Тэрээр уг ахын бишоп болон тойргийн зөвлөл түүнд тусалж байгааг мөн тэрээр Сүмийн гишүүн биш эхнэртэйгээ хамт номлогчидтой уулзаж эхэлснийг хэллээ.

Итгэл, хайраар бусадтай холбогдох үед тохинуулал эхэлдэг. Бид Их Эзэнд найдаж, итгэлтэйгээр явах үедээ Түүний хүүхдүүдтэй нэг бүрчлэн харилцах харилцаанд маань зориулсан Түүний төлөвлөгөө, зорилгын талаар Түүнээс илчлэлт эрэлхийлж чадна. Тэрээр бидэнд юу хэлж, юу хийхээ мэдэхэд тусалж, хэрхэн “нэг нэгнийх нь ачаа хөнгөн байж болохын тулд тэдгээрийг үүрэлцэхэд,” “гашуудах тэдний хамт гашуудахад; … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад” (Moзая 18:8–9) биднийг хөтлөх болно. Ингэснээр бид Аврагчийг тэр хүнд ямар их хайртайг нь мэдэх болно.

Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ

Би одоо ч Жон, Жийн Нюүболд хоёртой холбоотой хэвээр байдаг. Өнгөрсөн он жилүүдийн туршид би тэдний надад үзүүлсэн хайраас баяр хөөрийг мэдэрч ирсэн. Мөн тэд намайг сайн мэдээнд өсөж хөгжиж байгааг хараад баяр баясгаланг мэдэрсэн. Биднийг тохинуулах үед яг ийм зүйл болдог буюу бид болон бидний үйлчилдэг хүмүүс нэг нэгэнтэйгээ ойр болж, Аврагчтай илүү холбогддог.

“Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун. …

Мөн, хэрэв та хоёр энэ хүмүүст наманчлалыг тунхаглан өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та хоёрын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” хэмээн Аврагч заасан. (Сургаал ба Гэрээнүүд 18:10, 15; тодотгол нэмсэн).

Тохинуулал та нарын хувьд нэн тэргүүний зүйл болоогүй байгаа бол, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “бид бүгд урьд урьдынхаасаа илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” хэмээн заасан шүү дээ. Би та бүхнийг өөрчлөгдөж, шинэ хуудас эргүүлэхэд урьж байна. Та нар тохинуулалд оролцвол одоо тулгарч байгаа сорилт бэрхшээлүүддээ шийдэл олох болно гэж би амлаж байна.

“Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно” (Матай 16:25) гэсэн Аврагчийн амлалт бодит юм.

Та нар Аврагчийн тусламжтайгаар, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд буюу үнэ цэнтэй хүн нэг бүрийн амьдралыг өөрчлөхөд Түүнд хэрэгтэй байгаа тийм тохинуулагч ах, эгч байж чадна.