2025
Мүниоз эгчийн итгэл
2025 оны 7-р сар


“Мүниоз эгчийн итгэл,” Лиахона, 2025 оны 7-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Мүниоз эгчийн итгэл

“Гайхамшиг! Гайхамшиг!” гэж хүү хашхирч, гудамжаар гүйв.

Хоёр номлогч руу ойртон очиж буй өсвөр насны хүүгийн зураг

Зураг чимэглэлийг Дэвид Малан/Malan Creative

1967 онд ахлагч Виллиам Даннэр бид хоёр Колумбид үйлчилсэн анхны 20 номлогчийн хоёр нь байсан юм. Бусад номлогчоор заалгаж байсан Раул гэгч эр биднийг Мүниозын гэр бүлтэй танилцуулах хүртэл бид нэг их амжилт олоогүй байв. Биднийг уг гэр бүлд зааж, бошиглогч Иосеф Смит болон Сэргээлтийн талаар гэрчлэх үед Сүнс хүчтэй байлаа.

Раул: “Энэ залуус үнэнийг ярьж байгааг би мэднэ. Тэдэнд Есүс Христэд байсны адил санваар бий. Тэд яг одоо дээд давхарт гарч, хараагүй охин Маргаритаг чинь эдгээж чадна” гэв.

Мүниоз эгч над руу хараад, “Энэ үнэн үү?” гэж асуув.

Хоолойд минь юм тээглэх шиг боллоо. Гэрчлэл минь хэзээ ч ингэж соригдож байсангүй. Ийм гайхамшиг нь хүчтэй итгэл шаардана гэдгийг би мэдэж байлаа. Нүдний эмч нар зургаан сарын өмнө ослоос болоод хараагүй болсон Маргаритаг дахиж юм харахгүй гэж гэр бүлд нь хэлснийг хамтрагч бид хоёр хожим нь олж мэдсэн юм.

Мүниоз эгч: “Та нарт Есүс Христэд байсны адил санваар бий. Миний охин сохор. Дээшээ гарч түүнийг эдгээцгээе” гэж хэлэв.

Би хэзээ ч ийм агуу итгэлийг харж байсангүй. Тэр Аммонд “Би таны хэлсний дагуу байх болно хэмээн итгэнэ” (Алма 19:9) гэж хэлсэн Лемонай хааны эхнэртэй адил байв.

Ахлагч Даннэр Маргаритаг тослон, би тосыг лацдав. “Чи эдгэрч, хараа орох болно” гэсэн үгс амнаас минь өөрийн мэдэлгүй гарсанд би алмайрлаа. Мөн гэр бүлийн гишүүд нь Колумби дахь Сүмийг өсгөн бэхжүүлэхэд тусална зэрэг өөр бусад адислал хэлэх мэдрэмж надад төрлөө. Би дараа нь биелэхгүй амлалт өгчхөв үү дээ гэж бодсон.

Маргааш нь уг гэр бүлийн өсвөр насны хүү: “Гайхамшиг! Гайхамшиг! Эгч минь харж чадаж байна!” гэж орилсоор гудамжинд биднийг чиглэн гүйж ирэв.

Бид тэр долоо хоногт 13 хүнд баптисм хүртээсэн.

Мүниоз ах, эгч хоёр Сүмийн итгэлтэй гишүүд болцгоосон. Тэдний нөлөө, түүний дотор Мүниоз ах Колумбид Гаалийн даргаар ажилладаг байсан нь тэнд сайн мэдээ түгээхэд тус болсон билээ. Нэг охин нь номлолд үйлчилж, дүү нь бишопоор үйлчилсэн. Маргарита үлдсэн амьдралынхаа туршид хараатай байсан.

Есүс Христ Өөрт нь итгэдэг хүмүүсийн талаар “Миний нэрээр тэд сохрын нүдийг нээ[х] болно” (Сургаал ба Гэрээнүүд 84:69) хэмээн хэлсэн билээ. Аврагчид “итгэдэг хүнд бүх юм боломжтой” (Марк 9:23) гэдгийг би мэднэ.