“Вьетнамаас зугтсан нь,” Лиахона, 2025 оны 7-р сар.
Гэгээнтнүүд номын 4-р боть дахь түүх
Вьетнамаас зугтсан нь
Вьетнамын гэгээнтнүүд дайн дажин, нүүлгэн шилжүүлэлт, хорих хуаран, гэр бүлээсээ тусгаарлагдах зэргээс болж зовж зүдэрсэн ч итгэлдээ үнэнч байлаа.
Зургийг Дэвид Грийн
Дайнд нэрвэгдсэн Вьетнам оронд, 1975 оны 4-р сарын нэгэн нарлаг ням гарагт Сайгон салбарын ерөнхийлөгч Нүэн Ван Тэ орон нутгийн цуглааны байранд орж ирэв. Тэр даруй салбарын гишүүд горьдлого, найдвар тээн түүнийг хүрээлэн зогслоо. Тэд: “Ерөнхийлөгч Тэ! Ерөнхийлөгч Тэ! Та ямар мэдээтэй вэ?” хэмээн асууцгаав.
Тэрээр: “Би олж мэдсэн бүхнээ ариун ёслолын цуглааны дараа та нарт хэлье. Та нарын бүх асуултад хариулах болно” гээд, цугласан хүн бүрийг тайван байхад уриалав.
Сайгон салбарын ерөнхийлөгч Нүэн Ван Тэ 1973 онд буюу дайнаас болж гишүүд Сайгоноос дүрвэхээс хоёр жилийн өмнө аравны нэгийн өргөл хүлээн авч байгаа нь.
Вьетнам олон арван жилийн турш хуваагдсан орон байлаа. Дэлхийн II дайны дараахан мөргөлдөөн гарсан юм. Америк цэргүүд Хойд Вьетнамын коммунист засаглалын эсрэг өмнөд вьетнамчуудтай мөр зэрэгцэн бараг 10 жилийн турш тулалдсан ч олон хүн гарз хохирол амссанаас болж америкчууд дайтахаа зогсоов. Эдүгээ Хойд Вьетнамын цэргүүд өмнөд нийслэл Сайгоныг бүслэхэд ойртож ирлээ.
Тэ ерөнхийлөгчийг ариун ёслолын танхимд орж ирээд урд суух үед их буу дуугарах нь сонсогдож байв. Дайн олон вьетнам гэгээнтнийг сэргээгдсэн сайн мэдээнд авчирсан ч одоо тэрхүү дайн энэ салбарыг нураан тараах гэж байв.
Цуглааны дараа ерөнхийлөгч гэгээнтнүүдэд Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын газар Сүмийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байгааг мэдэгджээ. Салбарын гишүүд ерөнхийлөгч Тэг гэр бүлээ нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг ятгаж байлаа. Тэгснээр тэрээр бусдыг нүүлгэн шилжүүлэхэд анхаарлаа хандуулж чадах байв.
Хэдэн цагийн дараа эхнэр Лиэн нь гурван хүүхэд, ээж, эгч нарынхаа хамт Сайгоноос нисжээ.
Маргааш нь ерөнхийлөгч Тэ гэгээнтэн Тран Ван Ниатай хамт Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгээс тусламж хүсэхээр мотоциклдоо мордов. Гэвч удалгүй том их буутай танк тэднийг чиглэн ирлээ.
Ниа замаас даруй гарч, ерөнхийлөгч Тэтэй хамт нуугдахын тулд шуудуу руу авирч оров. Танк тэдний хажуугаар хүнгэнэн өнгөрчээ.
Сайгон одоо Хойд Вьетнамын гарт орлоо.
Долоо хоногийн дараа, 1975 оны 5-р сард Лэ Ми Лиэн АНУ-ын Баруун эргийн Калифорниа мужийн Сан Диэго хотын ойролцоох цэргийн хуаранд дүүрэн хүнтэй автобуснаас буув. Түүний өмнө Вьетнамаас ирсэн 18000 дүрвэгчийн хоргодох майхнуудаар дүүрсэн өргөн уудам хот байлаа.
Лиэн мөнгөгүй, англиар сайн ярьдаггүй байв. Мөн тэрээр Вьетнамд байгаа нөхрөөсөө сураг ажиг хүлээх зуур гурван хүүхдээ асарч халамжлах хэрэгтэй байсан юм.
Хуаранд ирсэн анхны шөнө Лиэн хүүхдүүдээ ая тухтай байлгахын тулд чадах бүхнээ хийжээ. Хуаранд тэдэнд хөнжил байсангүй, ганц гудас л өгсөн байв. Вү, Хү хоёр хүү нь орон дээр багтаж ядан шахалдаж, нялх хүүхэд нь Лиэний даавуу, резинэн боолтоор хийсэн дүүжин орон дээр унтаж байлаа.
Лиэнд хэвтэх газар байгаагүй учир гудасны ирмэг дээр майхны шонг налан суугаад унтжээ. Шөнөдөө хүйтэн байсан тул түүний эрүүл мэнд дордов. Удалгүй тэр сүрьеэ өвчинтэй гэж оношлогджээ.
Энэ зовлонгоос эсэн мэнд гарч чадах юм бол нөхөр нь ч бас амьд гарч чадна гэдэгт тэр итгэн, нөхрийгөө хүчтэй байгаасай хэмээн байнга залбирч байв. Тэр Сайгоноос ниссэнээсээ хойш түүнээс ямар ч сураг сонсоогүй ажээ.
Лиэн өглөө бүр уйлж буй нялх үрээ бүүвэйлэхдээ өөрөө ч бас уйлдаг байлаа. Тэр: “Энэ л өдрийг тэсэж гарахад туслаач, Их Эзэн минь” гэж гуйдаг байв.
1976 онд Тэ ерөнхийлөгч Тан Он Намд хоригджээ. Тэрээр эхнэр, хүүхдүүдийнхээ тухай сураг ажиг сонсохыг маш их хүсэж байсан ч гэр бүлийнхэн нь хэр байгааг мэдсэн ганц сураг ажиг нь Хонконгийн номлолын ерөнхийлөгчийн ирүүлсэн “Лиэн гэр бүлтэйгээ сайн байгаа. Сүмтэй хамт” гэсэн цахилгаан л байв.
Жил гаруй хугацаа өнгөрсөн ч Тэ хэзээ суллагдахаа мэдэхгүй байв.
Хоригдлуудын хуаран их хэцүү нөхцөл байдалд байсан. Тэ болон хамт хоригдогсод хархаар дүүрсэн овоохойд хоригдож байлаа. Тэд ган хавтангаар хийсэн орон дээр унтдаг байв. Өл залгах төдий муудсан хоол хүнс, хуарангийн бохир орчин зэргээс болж эрчүүд суулгалт, амин дэмийн дутагдал зэрэг өвчинд нэрвэгдэж байв.
Шинэ засгийн газрын зарчмуудаар засан хүмүүжүүлэх ажилд хүнд хүчир хөдөлмөр хийлгэх болон улс төрийн суртал ухуулга багтдаг байв. Хуарангийн дүрмийг зөрчсөн хэнийг ч болов зодож жанчих юм уу тусгаарлан хорьдог байсан юм.
Тэ номхон хүлцэнгүй, итгэлдээ үнэнч байж өдийг хүртэл амьд үлдсэн байлаа. Хэсэг хугацаанд Тэ хуарангаас оргох тухай ч бодож амжсан аж. Гэвч Их Эзэн түүнийг хориглож, “Тэвчээртэй бай. Их Эзэний товлосон цагт бүх юм сайхан болох болно” гэх Сүнсний шивнээг тэр мэдэрсэн юм.
Тэ хэсэг хугацааны дараа, өөрийн эгч Баг хуаранд ирж өөртэй нь уулзах зөвшөөрөл авсныг мэдэв. Хэрэв тэр гэр бүлдээ захидал бичээд түүнд сэм өгч чадвал эгч нь захидлыг тэдэн рүү явуулж болох байлаа.
Ба эгчийн ирэх өдөр харгалзагчид өмнөх хоригдлуудыг бүрэн нэгжиж байх үед Тэ дараалалд зогсож байв. Тэр захиагаа малгайныхаа дотор даавуунд нуужээ. Тэгээд тэр малгайндаа жижиг дэвтэр, үзэг хоёрыг хавчуулсан аж. Аз тохиовол тэмдэглэлийн дэвтэр харуулуудын анхаарлыг сарниулах байв.
Тэд үзэг, тэмдэглэлийн дэвтрийг шалгаж үзээд түүнийг явуулав.
Удалгүй Тэ эгчийгээ хараад захидлыг гарт нь атгуулав. Ба түүнд хоол хүнс, мөнгө өгөхөд тэр уйлж байлаа. Эгч нь түүний захидлыг Лиэнд хүргэж өгнө гэдэгт тэр итгэж байв.
Зургаан сарын дараа Ба хуаранд нэгэн захиаг хүргэж ирэв. Дотор нь Лиэний болон хүүхдүүдийн гэрэл зураг байв. Тэр цаашид хүлээж чадахгүйгээ ухаарчээ.
Тэр хуарангаас гарч, гэр бүлийнхэндээ очих хэрэгтэй байв.
Нүэн Ван Тэ, эхнэр Лэ Ми Лиэн болон хүүгийн хамт, 1973 он. Эхнэр нь гурван хүүхдийнхээ хамт Америкийн Нэгдсэн Улсад хоргодох газар олсон ч Тэ хорих хуаранд хоригдож байв. Хожим нь тэрээр: “Би Есүс Христэд итгэдэг байсан учраас ‘засан хүмүүжүүлэх’ хуарангаас амьд гарч чадсан юм” гэв.
ХҮГ Нийгмийн үйлчилгээ нь гэр бүлүүдэд анхаарал халамж тавих эрхэм зорилгынхоо хүрээнд Америкийн Нэгдсэн Улс дахь Сүмийн гишүүдтэй хамтран 550 вьетнам дүрвэгчийг халамжилсан ба тэдний ихэнх нь Сүмийн гишүүд байгаагүй юм. Лиэн болон түүний гэр бүлийг Бригам Янгийн Их Сургуулийн профессор Филип Фламмэр, түүний эхнэр Милдрэд хоёр ивээн тэтгэжээ. Тэд тус гэр бүлийг Калифорниа мужаас Юта мужийн Прово руу нүүж ирэхэд тусалсан юм.
Лиэн эхэндээ ажил олох гэж их зүдэрчээ. Филип түүнийг цэвэрлэгчийн ажилд оруулахаар хуучин барааны дэлгүүрт аваачив. Гэвч ярилцлагын үеэр менежер ахлах сургуулийн дипломыг нь хоёр хэсэг болгон урж, “Энэ энд хамаарахгүй” гэв.
Удалгүй тэр ойролцоох жимсний аж ахуйд интоор хураах ажилд оржээ. Тэр дараа нь оёдолчны ажилд орж, орлогоо нэмэгдүүлэхээр хуримын бялуу хийдэг болсон юм. Филипийн туслалцаатайгаар тэрээр БЯИС-ийн оюутнуудын тайланг бичгийн машинаар бичиж мөнгө олж байлаа.
Гэр бүлд нь хүнд хэцүү зүйл тохиолдоход ч Лиэн Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэрээр хүүхдүүддээ залбирлын хүчний тухай заадаг байсан бөгөөд энэ нь тэднийг зовлон зүдгүүрийг даван туулахад тусална гэдгийг мэддэг байсан.
Тэр 1977 оны сүүлээр нөхрийгөө Малайз дахь дүрвэгчдийн хуаранд байгааг олж мэдэв. Тэрээр Тан Он Намаас суллагдсаныхаа дараа загасчны хуучин завиар Вьетнамыг орхин гарч чадсан ажээ. Тэр одоо гэр бүлтэйгээ уулзахад бэлэн байв. Түүнд ивээн тэтгэгч л хэрэгтэй байлаа.
Тэг Америкийн Нэгдсэн Улсад авчрах хангалттай мөнгө хуримтлуулахын тулд Лиэн илүү олон цагаар ажиллаж эхэлжээ.
1978 оны 1-р сард Лэ Ми Лиэн Солт Лэйк Ситигийн олон улсын нисэх онгоцны буудал руу явах машинд зориггүйхэн суув. Тэр бараг гурван жилийн дараа нөхөртэйгөө уулзахаар явж байгаа нь энэ аж.
Нисэх онгоцны буудалд ирснийхээ дараа Лиэн Тэг угтан авахаар ирсэн бусад найз нөхөд болон Сүмийн гишүүдтэй нэгдэв.
Удалгүй Лиэн түүнийг цахилгаан шатаар доош бууж ирэхийг харав. Тэр цонхигор царайтай, будилсан харцтай байлаа. Гэвч Лиэнийг хармагцаа тэр түүнийг дуудав. Лиэний сэтгэл булгилж,
Тэг чанга тэврээд, “Тэнгэрт орших Бурханд баярлалаа. Эцэст нь чи гэртээ ирлээ!” гэж шивнэжээ.