2025
Сайн мэдээний аяллаасаа баяр баясгаланг ол
2025 оны 7-р сар


“Сайн мэдээний аяллаасаа баяр баясгаланг ол,” Лиахона, 2025 оны 7-р сар.

Сайн мэдээний аяллаасаа баяр баясгаланг ол

Их Эзэний зарлигуудыг даган, Түүнд хайраа харуулсны эцсийн үр дүн бол аз жаргал, баяр баясгаланг авчирдаг адислалууд юм.

Тайландын Сүмийн гишүүд инээмсэглэж байгаа нь

Тайланд дахь Сүмийн баяр баясгалантай гишүүдийн гэрэл зургийг Кристина Смит

Би хэдэн жилийн өмнө Японд номлолын удирдагчаар үйлчилж байхдаа номлолын маань хамгийн алслагдсан хэсгүүдийн нэг болох нэгэн хөдөөгийн хотод амралтын өдрүүдээр чуулганд оролцсон юм. Дүүргийн ерөнхийлөгч намайг нэг жилийн өмнө сүмд нэгдэж ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахыг хүссэн нэг эрэгтэйтэй ярилцлагад оруулахаар товлосон байв. Тэрээр баптисмынхаа нэг жилийн ойн өдөр эсвэл үүнтэй ойр өдөр хувийн хишгээ хүлээн авна гэж найдаж байлаа.

Ярилцлагын үеэр уг шинэ гишүүн баптисм хүртсэнээсээ хойш нэг жилийн хугацаанд хүлээн авсан өгөөмөр адислалуудынхаа төлөө хэчнээн их баярлаж байгаагаа дүрслэн өгүүлсэн юм. Тэрээр долоо хоног бүр ариун ёслолын болон бусад цуглаанд оролцох дуртай байв. Тэр салбарынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон байсан. Миний хувьд тэрээр сайн мэдээний зорилгоо ойлгосны үр дүнд гэрээндээ итгэл дүүрэн болсон гэдгээ харуулж байсан ба энэ нь одоо түүний салшгүй нэг хэсэг болсон байв. Тэр бол зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрсэн, Христэд хөрвөсөн шавь байлаа (Moзая 5:2-ыг үзнэ үү).

Бидний яриа найдвар дүүрэн өрнөсөн юм. Бид түүний ариун сүмд гүйцэтгэх ёслол, гэрээнүүдийн талаар ярилцав. Тэр ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахтай холбоотой асуулт бүрд баттай хариулж байлаа.

Ярилцлагын дараа би дүүргийн ерөнхийлөгчид хандан уг онцгой сайхан хүнтэй уулзсандаа ямар их баярлаж байгаагаа хэлж байснаа санадаг. Би түүнд номлогчид болон гишүүд ийм онцгой гойд, ирээдүйтэй нэгнийг олж, сүнслэгээр тэжээсэнд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлсэн.

Тэр хүн жил гаруйн өмнө номлогчдоор хичээл заалгаж, сүмд явж эхлэхдээ гэр оронгүй, үнэхээрийн хүнд нөхцөл байдалд, бараг найдвар тасарсан байдалтай байсан гэж дүүргийн ерөнхийлөгчийг хуваалцахад би их гайхаж билээ. Уг ах хэдэн сарын турш сайн мэдээг судалж мөн хөрвөгдсөн нь түүнд гайхамшигт өөрчлөлтийг авчирч, сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даах зам дээрээ гарахад хүрч, зорилго, баяр баясгаланг мэдрэх болсон тухай дүүргийн ерөнхийлөгч өгүүлсэн билээ.

Сайн мэдээ түүнд амьдралынхаа зорилгыг тодорхой олж харах ойлголтыг өгсөн юм. Сайн мэдээний тодорхой болон эрхэм үнэт үнэн нь “Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бид Түүний хүүхдүүд. … Бурхан биднийг хувь хүнийх нь хувьд мэддэг бөгөөд хайрладаг” гэсэн үнэн юм. Төлөвлөгөөндөө “Тэнгэрлэг Эцэг … биднийг Өөрийнх нь оршихуйд эргэн очиход туслах олон бэлэг, удирдамж заавар өгсөн” гэх мэдлэгийг өгч, мөнх бус амьдралын чухал асуултуудад хариулт өгдөг.

Уг эрэгтэй энэхүү адислалыг хүртсэн бөгөөд энэ адислалыг Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан Бурханы бүх хүүхэд адил тэгш хүртэх боломжтой.

Амьдралын зорилго

Есүс Христ Өөрийн сайн мэдээг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн учраас “бидэнд өөрсдийн маань мөн чанар мөн энэ амьдралын зорилгын талаарх ойлголт бий” хэмээн ерөнхийлөгч М.Рассэлл Баллард (1928–2023) тунхаглажээ. Тухайн үед Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үйлчилж байсан ерөнхийлөгч Баллард Сүмд хэлсэн сүүлчийн гэрчлэлдээ:

“Бяцхан хүү байхдаа ойн төгөлд очин, нүглийнхээ уучлалыг эрэлхийлсэн Иосефын ачаар бид Бурхан мөн Аврагч гэж хэн болохыг мэддэг болсон. …

Бид амьдралынхаа зорилгыг, яагаад энд байгаагаа, өдөр тутмын амьдралдаа юуг үйлдэхийг хичээж, юунд хүрэхийг зорих ёстой талаар мэдэж буй зүйлсээ мэдэх боломжтой байсан нь ямар их адислал болохыг миний адил та бүхний олон нь гайхширдаг гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлсэн байдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд энэхүү мэдлэг нь Бурханы авралын “төгс төгөлдөр төлөвлөгөөний” талаарх ойлголтыг багтаадаг. “Аз жаргалын агуу төлөвлөгөө,” “гэтэлгэлийн төлөвлөгөө,” “нигүүлслийн төлөвлөгөө” (Алма 42:8, 11, 15) гэж нэрлэгддэг энэхүү төлөвлөгөөний ачаар “амьдрал нууцлаг, ирээдүй маань тодорхойгүй байхаа больдог.” Амьдралын зорилгын төвд орших “Христийн сургаал” тэрхүү төлөвлөгөөнд амин чухал үүрэгтэй.

Бидэнд сайн мэдээ байгаа учраас бид энэ дэлхийд соригдож, өнгөлөгдөж мөн “Хурганы ялалт болон сүр жавхлангаар дамжин нас барагсдын амилуулалтаар урагш авчрагдах[аар]” (Сургаал ба Гэрээнүүд 76:39) бэлтгэгдэх гэж илгээгдсэн Бурханы хүүхдүүд гэдгээ мэднэ. Бид зарлигуудыг мэддэг мөн “сайныг муугаас ялгаж мэдэхээр хангалттай” (2 Нифай 2:5) зааварлагддаг. Бид дэлхийд хайрлаж, үйлчлэхээр ирсэн гэдгээ мэднэ. Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэн, биднийг ертөнцийг ялж бусдад ч мөн ийн үйлдэхэд туслуулахаар дуудсан гэдгийг бид мэднэ (Иохан 16:33; Сургаал ба Гэрээнүүд 64:2-ыг үзнэ үү.)

Бид Түүнд анхаарлаа төвлөрүүлэх юм бол Иосеф Смитийн хэлсэнчлэн, “Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний урам хайрлагч чимээ” хүнд хэцүү өдрүүдэд биднийг хүчирхэгжүүлж, бидний болон бусдын амьдралд утга учир, зорилго авчрах болно.

Есүс Христ

Өвдөг бүр сөгдөх болно, Дайн Вилсон, хуулбарлаж болохгүй

Дуулгавартай байдал, адислалууд, баяр баясгалан

Бурхан бидэнд сонголтууддаа хариуцлага хүлээж болохын тулд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн (Сургаал ба Гэрээнүүд 101:78; 2 Нифай 2:16). “Бүх зүйлд сөрөг тал” (2 Нифай 2:11) байдгийн хувьд биднийг сонгох эрхээ буруугаар ашиглахад уруу татахыг Сатанд зөвшөөрдөг.

Гэвч Их Эзэн Есүс Христ өнөө үед “дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү гай гамшгийг мэддэг учраас” бошиглогч Иосеф Смитийг дуудан, “тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу” (Сургаал ба Гэрээнүүд 1:17). Их Эзэн Өөрийн зарлигууд болон тааллыг бошиглогчдодоо илчлэх тэрхүү загвар нь өнөө үед ч мөн адил шалтгааны улмаас ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор үргэлжилж байгаа билээ. Бурхан биднийг энэ амьдралд аз жаргал руу, дараагийн амьдралд селестиел сүр жавхлан руу хөтлөхийг хүсдэг.

Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь Түүнийг хайрлах хайр, үнэнч байдлаас ирэх ёстой. Бурханыг хайрлах нь “агуу нь бөгөөд анхны тушаал мөн” хэмээн Их Эзэн Есүс Христ Өөрөө тунхагласан (Maтай 22:37–38-ыг үзнэ үү). Тэрээр: “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахина” (Иохан 14:15) хэмээн тунхаглан, илүү гүн гүнзгий ойлголтыг өгсөн юм.

Их Эзэнийг хайрлаж, Түүний зарлигуудыг сахиснаар шагнал ирдэг. Тэрээр энэ эрин үед “дээр нь бүх адислал тулгуурлагдсан нэгэн хууль тэнгэрт эргэлт буцалтгүй тогтоогдсон болой—

Мөн бид ямар нэгэн адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар ирдэг буюу” (Сургаал ба Гэрээнүүд 130:20–21) хэмээжээ.

Иймээс Их Эзэний зарлигуудыг даган, Түүнд хайраа харуулсны эцсийн үр дүн бол аз жаргал, баяр баясгаланг авчирдаг адислалууд юм.

Амьдралыг сэргээгдсэн сайн мэдээ болон орчин үеийн илчлэлтийн нүдээр харах нь бидэнд тодорхой байдлыг өгдөг. Бид тэнгэрлэг гарал үүсэл, хувь тавилангаа тодорхой ойлгосноор “мөнх бус амьдралыг [маань] байж болох хамгийн сайхан хувилбараар нь байлгах тэр зүйлс үнэндээ [бидний] амьдралыг үүрд мөнхөд хамгийн сайхан хувилбараар байлгах яг тэр зүйлс байдгийг мэдэх болно.”

Дүгнэлт

Би олон жилийн өмнө Японд байхдаа нэгэн шинэ хөрвөгчтэй уулзсан туршлагаа эргэн дурсаж, эхэлсэн сэдвээрээ яриагаа дуусгая. Тэрээр өөрийн тууштай байдал болон номлогчид, гишүүдийн хичээл зүтгэлийн ачаар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг олсон юм. Тэр сайн мэдээг олсноор өөрийн зорилгыг олж мэдсэн ба энэ нь түүний алсын харааг тэлсэн. Тэр бас аз жаргалын агуу төлөвлөгөөг олсон. Төлөвлөгөөн дэх сайн мэдээний гэрээнүүдэд дуулгавартай байх нь түүнд адислал, баяр баясгаланг авчирч, материаллаг болон сүнслэг байдлын хувьд түүнийг өргөсөн билээ.

Есүс Христийн Сүмийн гишүүн болох аян зам нь Есүс Христийн гэрч болох боломжийг түүнд олгосон юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон, ингэснээр ирдэг баяр баясгалангийн талаар ийн хэлжээ.

“Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд бүрдээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөний ачаар, мөн бидний Аврагч Есүс Христийн гэтэлгэлийн амьдрал, номлолын ачаар бид энэ дэлхий дээрх хамгийн баяр баясгалантай хүмүүс байж чадна, байх ч ёстой! Үймээн самуунтай дэлхийн амьдралын шуурга биднийг үргэлж дайрдаг хэдий ч бид Христэд итгэж найдан, аз жаргалын сайхан төлөвлөгөөн дэх өөрсдийн байр суурийг ойлгодог учир өсөн нэмэгдэж буй төгсгөлгүй баяр баясгалан, дотоод амар амгалангийн мэдрэмжээ улам бүр тордож чадна.”

Би Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд болон үүнд гүн гүнзгий шингэсэн аз жаргалын агуу төлөвлөгөөг гэрчилж, тэдгээрт талархаж явдгаа илэрхийлж байна. Би та нарыг сайн мэдээний үр жимснээс хүртэж, мөнх амьдралыг чиглэн аялах явцдаа энэ амьдралд илүү их баяр баясгаланг мэдрэхэд урьж байна.