2025
Би зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрдэг
2025 оны 7-р сар


“Би зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрдэг,” Лиахона, 2025 оны 7-р сар.

Итгэлийн хөрөг

Би зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрдэг

Сувилагчийн сургуулийн оюутан байхад надад Сүмийн дуудлагат ажилдаа төдийгүй хичээлдээ ч гаргах цаг зав байхгүй мэт санагддаг байсан. Гэвч Бурханд үйлчилж, дуулгавартай байх нь аз жаргалтай амьдрал руу хөтөлдөг гэдгийг би өсвөр насандаа сурч мэдсэн юм.

Гудамжаар хамтдаа алхаж яваа гэр бүл

Гэрэл зургуудыг Кристина Смит

Би өсвөр насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг орхих тухай бодож байлаа. Гэхдээ тэр үед би Сүмийн бүх сургаалыг дагадаггүй байснаа ухаарсан юм. Би Сүмээс гарна гэж байгаа бол энэ шийдвэртээ сэтгэл ханамжтай байх ёстой гэж шийдсэн.

Тиймээс би сайн мэдээний заадаг бүх зүйлийг дагахыг хичээхээр шийдэв. Тэгээд сургаал надад утга учиртай санагдахгүй бол харамсах зүйлгүйгээр орхино гэж бодлоо.

Би бүхий л “чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа” (Сургаал ба Гэрээнүүд 4:2) Их Эзэний сургаалыг дагахыг хичээж, үр дүн нь юу болохыг ажиглаж байлаа. Би энэ туршлагаар дамжуулан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их аз жаргалыг тэр үед мэдэрсэн юм. Би жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг мэдсэн болохоор Сүмд үлдсэнээр аз жаргалтай амьдарч чадна гэдгээ мэдэрсэн.

Тэрхүү туршлагын дараа би номлолд явж, зүрх сэтгэлдээ мэдэрсэн амар амгалангаа хуваалцахаар шийдэв. Би ямар ч бэрхшээлтэй тулгарсан, хэрэв би Бурханд хандан залбирах юм бол Тэр намайг дэмжиж, найдвар төрүүлж, бэрхшээлүүдийнхээ шалтгааныг ойлгоход туслах болно гэдгийг мэдэж авсан.

Би юу хийх ёстой вэ?

Би номлолынхоо дараа, сувилагч болохоор сурч байхдаа дадлага ажилдаа өдөр бүр маш их цаг зарцуулдаг байлаа. Дараа нь би шөнийн 2:00 юм уу 3:00 цаг хүртэл гэрийн даалгавраа хийдэг байв. Тэгээд дараа өдрийн дадлага ажилдаа гарахаас өмнө жаахан дугхийдэг байлаа.

Тэр үед би тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Сурахын хажуугаар, Сүмийн дуудлагаа биелүүлэх нь надад маш хэцүү байлаа. Хэрэв би дуудлагаасаа буух юм бол Бурханы замыг дагахын ач холбогдлыг залуу эрэгтэйчүүдэд заах байтугай Түүний надад зориулан бэлдсэн адислалуудыг хүлээн авч чадахгүй гэдгээ мэдэж байв.

Би Тэнгэрлэг Эцэгт хандан, “Би яах ёстой вэ? Миний бие махбод, оюун санаа туйлдаж байна. Би өөрийгөө Таны надаар хийлгэхийг хүссэн ажлыг хийж байна гэж бодохгүй байна” гэв.

Ингэж залбирсныхаа дараа би тайвшрал мэдэрсэн. Бурхан надад хандан, “Үнэхээр шаргуу ажиллахад зориулж байгаа энэ цаг хугацаа чинь чамд чухал. Завгүй цагийн хуваарьтай байгаа нь хэцүү байж болох ч хэрэв чи одоо энэ сорилтыг даван туулах юм бол би чамаар дамжуулан ирээдүйд олон хүнийг адисалж, туслах болно” гэж хэлж байгаа мэт санагдлаа.

Энэ хариулт надад зорилго байгааг мэдрүүлж, үүнийг тэвчээд гарвал ирээдүйд онцгой нэгэн ажлыг хийж чадна гэсэн баталгааг өгсөн юм.

Би залуу эрэгтэйчүүдэд хичээл маань ямар хэцүү байгаа талаар үнэнээ хэлсэн. Гэвч хэцүү нөхцөл байдалтай байсан ч Сүм болон сайн мэдээ чухал төдийгүй бидний амьдралын төвд байх ёстой гэдгийг хэлсэн. Би тэдэнд хайраа илэрхийлж, та нар надад хичээлээс маань ялгаагүй чухал учраас дуудлагаа биелүүлэхийн тулд маш их хичээж байгаагаа хэлж билээ. Эдгээр бүх үнэн тэдний зүрх сэтгэлийг хөндөж, тэд нулимс дуслуулав.

Үйлчилснээрээ адислагдав

Би залуу эрэгтэйчүүдэд үргэлжлүүлэн үйлчилж, сайн мэдээг заахдаа тэдний Сүмд ирж, сайн мэдээнээс суралцах үедээ мэдэрч буй өсвөр насны төвөгтэй мэдрэмжийнх нь талаар сайтар тунгаан бодсон юм. Би тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулж, хувь хүний хэрэгцээнд нь тусалж байлаа.

Залуу эрэгтэйчүүдэд үйлчилсэн минь надад хүмүүсийн жижиг өөрчлөлтийг ажиглан, анзаарч харах чадвараа хөгжүүлэхэд тусалсан. Одоо би сувилагчаар ажиллаж, хэдэн арван өвчтөнийг асарч байгаа бөгөөд бусадтай харилцахдаа энэ чадвараа ашигладаг.

“Тэр өвчтөн чамайг өөрийнх нь юу мэдэрч байгааг их сайн ойлгодог гэлээ” хэмээн хамт ажиллагсад маань надад хэлдэг. Эсвэл үйлчлүүлэгч “Чамтай ярихад амар юм” гэж хэлдэг.

Ширээ тойрон суугаа гэр бүл

Сүмийн дуудлагуудад үйлчилснээр би гэртээ ч мөн адислагдсан. Би амин хувиа хичээхээ больж, эхнэрээ эн тэргүүнд тавьж сурсан.

“Хэрэв миний оронд Тэнгэрлэг Эцэг байсан бол энэ гэр бүлийг хэрхэн бэхжүүлэх байсан бэ? Би тэгэхийн тулд юу хийх ёстой вэ?” гэж би өөрөөсөө асуудаг.

Би сайн мэдээг бүх зүрх сэтгэлээрээ судалсан учраас, Сүм чухал гэдгийг хүүхдүүддээ хэрхэн заахаа мөн яагаад заах хэрэгтэйгээ мэддэг. Эхнэр бид хоёр Аврагчийн сургаал дээр тулгуурлан заадаг учраас гэр бүлээ сүнслэг байдлын хувьд хэрхэн тэжээхээ мэддэг.

Залбирч буй гэр бүл

Би Их Эзэний сургаалуудыг дагаж, Түүний өгөх сүнслэг удирдамжийг сонссоноор зүрх сэтгэлдээ найдвар, амар амгаланг мэдэрдэг. Тэр бүхий л цаг үед надтай хамт байж, дуулгавартай байдал болон бусдыг адислах, тэдэнд туслах дуудлагуудаар дамжуулан намайг адисалсан. Ямар ч зовлон бэрхшээл байсан би Есүс Христийн хүсдэг зүйлсийг хийж чадах тийм байдлаар амьдрахыг хүсдэг (2 Нифай 32:3-ыг үзнэ үү).