АРИУН СҮМИЙН АДИСЛАЛ
Монгол Улаанбаатар ариун сүмийн төлөөх бидний бэлтгэл
Монгол дахь хүндэт ах, эгч нар аа, Өнгөрсөн 8-р сард Монголыг хариуцсан Бүсийн далаар томилогдсоноосоо хойш би Монголын гайхалтай гэгээнтнүүдтэй танилцах онцгой боломжоор дүүрэн байлаа. Би та бүхний шаргуу үйлчлэлд болон гэрээндээ итгэлтэй байдагт тань чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний мэдэж байгаачлан, 2 жилийн өмнө Ерөнхий чуулган дээр Улаанбаатарт ариун сүм баригдах болсныг зарласан. Энэ гайхамшигтай мэдээг сонсоод та бүхэн туйлын их баярлаж, хөөрсөн нь мэдээж. Хэдий бид ийм сайхан цаг үед амьдарч байгаа ч ариун сүм баригдах болсныг зарласан гэдэг нь биднээс ямар нэг хичээл зүтгэл шаардахгүйгээр баригдаж, онцгойлон адислагдана гэсэн үг биш юм.
“Гэгээнтнүүд” ботид Науву ариун сүмийн тухай юу гэж бичсэн байдгийг бод доо. Науву ариун сүм асар их хавчлага, сорилт, бэрхшээл дунд баригдсан. Хамгийн хүнд бэрхшээлийн нэг нь бошиглогч Иосеф Смит болон түүний туслах Хайрум Смитийн үхэл байлаа. Ийм зүйл тохиосон ч гэгээнтнүүд Науву ариун сүмийг барихаар агуу золиослол гарган 3 төрлийн аравны нэгийг буюу энгийн аравны нэгийг төлөхийн сацуу хөрөнгийнхөө аравны нэг, ажиллах цагийнхаа аравны нэгийг тус тус хандивласан байдаг.
Биднээс Улаанбаатар ариун сүмийн төлөө ийм золиослол гаргахыг шаардаагүй ч эртний гэгээнтнүүд шиг ариун сүмийн гэрээ рүү тэмүүлэх (Ерөнхийлөгч Нэлсон үүнийг “гэрээний хайр” гэсэн утгатай hesed гэх еврей үгээр онцолдог) болон тэдгээр гэрээ, зарлигийг дагахаас ирдэг ариун байдал руу тэмүүлэх зориулалтын сүнс бидэнд хэрэгтэй байна.
Гэрээний хайр бол ариун сүмийг онцгойлон адислахаас өмнө гэгээнтэн бүрд байх ёстой зүйл юм. Бид энэ хайрыг хэрхэн харуулах вэ? Аврагч: “Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” гэж заасан. Энд дурдсан зарлиг нь ариун сүмд байгуулдаг таван гэрээнээс гадна Сүмд нэгдэхдээ байгуулдаг баптисмын гэрээний маань тухай юм. Энэ нь Сүмийн гишүүдийн хувьд дагах ёстой зарлигуудыг итгэлтэйгээр дагах, дуулгавартай байдлаас ирдэг амлагдсан адислалуудыг хүлээн авч, амьдралдаа баяр баясгаланг мэдрэх гэсэн утгатай.
Гэрээ, зарлиг бүрд дуулгавартай байвал үүнд амлагдсан адислал гэж байдаг (Сургаал ба Гэрээнүүд 130:20). Эдгээр адислал нь бидний хүн нэг бүрд өөр өөр арга замаар, Их Эзэний цаг хугацаанд тохиодог. Гэрээ, зарлигуудыг дагадаг хүмүүс ариун байдлыг адислалд хүлээн авдаг. Өнөөдөр дэлхий даяар 200 гаруй ариун сүм байгаа ба тэдгээрийн хананд “Их Эзэнд ариуныг—Их Эзэний өргөө” гэсэн үг сийлээстэй байдаг.
Ерөнхийлөгч Нэлсон: “Ариун сүмд ордог хүмүүсээс ариун байдлын шинж чанарыг илтгэдэг байхыг шаарддаг. Тогтмол, тууштай хувийн хичээл зүтгэлээс өөрөөр ариун байдлыг олж авч чадахгүй” гэж хэлсэн.
Ах, эгч нар аа, ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан, бүгдээрээ баптисмын гэрээ, ариун явдлын хууль, аравны нэгийн хууль, мэргэн ухааны үг зэрэг суурь зарлигуудыг тууштай, хичээнгүйлэн дагацгаая.
Хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байж, өдөр бүр наманчилж, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэн гэрээгээ шинэчилцгээе.
Ийн хичээн үйлдсэнээр бид өөрсдийгөө Монгол Улаанбаатар ариун сүмд бэлтгэж, Монголд ариун сүмийн адислалыг илүү хурдан хүртэх боломжтой болно.
Бид энэ цаг үед төрөөд, шавийн замаар алхах боломжтой байгаад би талархдаг. Монгол хүмүүс ариун сүмдээ цуглаад, гэрээний хайраар дамжуулан агуу баяр баяслыг олоосой гэж би чин сэтгэлээсээ найддаг.
Энэ Сүм бол Их Эзэний Сүм. Энэ ажил бол Түүний ажил. Цагаатгал бодитой ба амьдралын бүх бэрхшээлийг даван туулах хүчийг танд өгөх болно. Энэ бүхнийг би Аврагчийн нэрээр даруухнаар гэрчилж байна. Амен.