2025
Гэрээгээ сахихын ач холбогдол
2025 оны 7-р сар


АРИУН СҮМИЙН АДИСЛАЛ

Гэрээгээ сахихын ач холбогдол

Бараг 30 жилийн турш би Нью-Йорк руу ажлаар сар бүр аялах шаардлагатай байсан юм. Эдгээр айлчлалаараа би дуртай итали зоогийн газартаа үйлчлүүлэгч, ажлын хамтрагч, зөвлөхүүдтэйгээ оройн хоолонд ойр ойрхон ордог байв. Найзууд болон хамтрагчид маань хоолтойгоо хамт нэг хундага дарс хүртэх нь элбэг байсан, мэдээж хэрэг би ус эсвэл үнэхээр хүсвэл цагаан гааны ундаа л уудаг байв.

Нэгэн үдэш би компанийнхаа цөөн хэдэн ахлах болон удирдах ажилтантай хамт нэгэн сайхан итали хоолны газарт орсон юм. Намайг хийжүүлсэн ундаа захиалтал хажууд сууж байсан банкны ахлах ажилтан захиалсан дарсаа надад өглөө. ‘Зүгээр ээ, баярлалаа’ гэж хэлтэл тэр тайлбарыг минь сонсолгүйгээр бараг хоолноос үнэтэй дарсыг надад хундагалав. Би дахин талархал илэрхийлээд, согтууруулах ундаа уудаггүй гэдгээ хэлсэн. Түүнийг надаас ‘Яагаад?’ гэж асуухад би түүнд хэзээ ч дарс уухгүй гэж амласнаа хэлэв. Амлалтдаа хүрсэн эсэхийг минь асуухад би ‘Тийм’ гэж хариулсан. Түүнийг гайхан “Чи хэзээ тийм гэрээ байгуулсан юм бэ?” гэж асуухад би 8 настай байхдаа гэрээ байгуулж, 50 жилийн турш амлалтаа биелүүлж байгаагаа хэлэв. Тэр цочирдон алмайрч, тэр даруй хамт сууж байсан хүмүүсийн анхаарлыг татан, “Кимо 8 настайдаа дарс уухгүй гэж амласан юм байна. Тэгээд одоо хүртэл амлалтаа биелүүлж байна” гэж зарлав. Тэгснээ над руу хараад, “Чи хэнд амласан юм?” гэж асуухад нь би “Бурханд” гэж хариулсан.

Бурхантай байгуулсан гэрээгээ сахиж, амлалтаа биелүүлэх нь Түүний хүүхдүүддээ зориулан зохиосон Түүнтэй адил болох арга зам юм. Энэ нь мөн энэ амьдралын жинхэнэ зорилгуудын нэг билээ.

“…Мөн дээр нь тэдний оршин сууж болох дэлхийг бид бүтээх болно; Их Эзэн, тэдний Бурханы тэдэнд зарлиглах юуг боловч, бүх зүйлийг тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг шалгах болно; … мөн өөрсдийн хоёр дахь оршихуйд үнэнчээр үлддэг тэдний тэргүүн дээр сүр жавхлан үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно” (Абрахам 3:24–27).

Ерөнхийлөгч Өүкс гэрээ сахихыг эцэг, хүү хоёрын цаасан шувуу хөөргөн тоглож байгаатай зүйрлэсэн байдаг. “…Цаасан шувууг өндөрт хөөргөхөд салхи хүүгийн гарт буй утсыг угзардаг. Мөнх бус амьдралын салхины хүчийг таньж мэдээгүй хүү цаасан шувууг илүү өндөрт хөөргөхийн тулд утсыг тасдах санаа гаргав. Ухаант эцэг нь татгалзаж, энэ утас нь мөнх бус амьдралын салхинд цаасан шувууг тогтоон барьж байгаа гэдгийг тайлбарлажээ. Хэрэв бид утсыг тасдвал цаасан шувуу илүү өндөрт хөөрөх байтугай салхинд туугдан хийсэж, газарт гарцаагүй унах болно.” (2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

Гэрээнүүд нь цаасан шувууг хөөргөж буй утастай адил, улам бүр ёс бус болж байгаа дэлхийд бидэнд өсөж хөгжих, өндөрт хөөрөх боломжийг олгодог. Олон хүн нэг санаанаас нөгөө санаа руу туугдан үлээгдэж байхад Есүс Христийн Сүмийн гишүүд бид Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой гэрээнүүдээр дамжин холбогдож; тэдгээр гэрээ бидэнд Тэдэнтэй адил болж өсөж хөгжих, өндөрт хөөрөх боломжийг олгодог.

Гэрээнүүдийн маань татах мэдрэмж надад баптисм болон ариун сүмд байгуулсан гэрээг маань өдөр бүр сануулдагт би талархдаг. Би ням гарагт ариун ёслолын цуглаанд оролцох бүрдээ мөн ариун сүмд орох бүрдээ тэдгээр гэрээгээ шинэчлэх адислалыг хүлээж авдагтаа талархдаг.