Бямба гаргийн оройн хуралдаан
Та бол Христ
Хэсгүүд
Түүний залбирсан зүйлсийг бичих боломжгүй, Кэйси Чайлдс
Манай хүү Илайг 4-р ангид байхад ангийнхан нь засгийн газрын гишүүдийн дүрд тоглож, түүнийг шүүгчээр сонгосон байв. Нэг өдөр ангид нь Юта мужийн 2-р дүүргийн шүүгч айлчилж очин, Илайд шүүгчийн өмсгөлөө өмсгөж, тэдэнд шүүгчийн албан тангаргаа уншиж өгчээ. Энэ явдал Илайн хүүхэд насны цайлган сэтгэлд хуулийг, тэр тусмаа Хууль тогтоогч Есүс Христийг судлах хүслийг бадраасан юм.
Илай олон жил шаргуу зүтгэсний эцэст өөрийн сонгосон шилдэг хуулийн сургуулиудын нэгээс ярилцлагад орох урилга хүлээн авав. Тэрээр, “… Хамгийн сүүлийнх нь ‘Чи ёс суртахууны чиг баримжаагаа юунаас авдаг вэ?’ гэсэн асуулт байсан. Хүн төрөлхтөн тэр чигээрээ Есүс Христийн уулан дээр номлосон сургаалыг дагадаг байсан сан бол энэ дэлхий илүү дээр, илүү амар тайван газар байх байсан гэж би хариулсан” гэж хэлэв. Ярилцлага өндөрлөх үед тэр дотроо “Ингээд хүүхэд насны минь мөрөөдөл талаар боллоо. Шашнаас ангид эрдэмтэд юу гэж Есүс Христийн талаар сонсохыг хүсэх вэ дээ” гэж бодсон аж.
Хоёр долоо хоногийн дараа Илай тэтгэлгээр суралцах эрх авсан юм. Түүнийг элсэж орохоос өмнө бид сургуулийнх нь оюутны хотхонд зочлов. … Бид асар том номын сан, түүний уудам хонгилуудаар алхах үедээ Уулан дээрх номлолын үгсийг тугууд дээр бичиж, чулуун дээр сийлсэн байсныг хараад, үнэхээр гайхширч билээ.
Уулан дээрх номлол бол тэдгээр захиасыг анхлан заасныхаа хувьд яахын аргагүй хамгийн их анхаарал татахуйц сургаал юм. Өөр ямар ч номлол бидэнд Есүс Христийн зан төлөв, тэнгэрлэг зан чанаруудыг, түүнчлэн Түүнтэй адил болох өөрсдийнхөө туйлын зорилгыг илүү сайн ойлгоход тусалж чадахгүй. …
Бид Есүс Христийн Гэрлийг амьдралынхаа өнцөг булан бүрд шингээх хэрэгтэй. …