Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Амьдралыг нандигнан хайрлах
Хэсгүүд
Заримдаа амьдралыг хамгаалах нь амаргүй бөгөөд үүнийг зовлон, тодорхойгүй байдал дагалдаж болно.
Мөнх бус оршихуйн төрөлтийн халдашгүй байдалд амьдрал ба сонголт гэсэн хоёр үг ихэвчлэн холбогддог. Амьдрал бол бидний Эцэгийн төгс төлөвлөгөөний хамгийн үнэ цэнтэй хэсэг бөгөөд Түүний зарлигаар бид амьдралыг нандигнан хайрладаг, хадгалдаг, мөн нэгэнт тээсэн бол амьдралыг үргэлжлүүлэхийг сонгодог. Бид мөн мөнхийн аз жаргалыг авчирдаг Бурханы хүлээн зөвшөөрсөн зөв сонголтуудыг бэхжүүлэхэд туслах замаар сонголт хийх бэлэг болох ёс суртахууны сонгох эрхийг эрхэмлэн дээдэлдэг. …
Төрөөгүй байгаа амьдралыг тэтгэж, хамгаалах нь улс төрийн байр суурь биш ээ. Энэ бол Их Эзэний Өөрийн бошиглогчдоор дамжуулан баталсан ёс суртахууны хууль юм.
… Бүгдээрээ Их Эзэний ариун явдлын хууль, амьдралын халдашгүй байдал, төрөөгүй хүүхэд болон болон тэдний эхийг халамжлах талаар гэр орондоо өсвөр үеийнхэнтэйгээ, Халамжийн нийгэмлэг болон ахлагчдын чуулга дээр өөр хоорондоо илүү итгэл, энэрэнгүй сэтгэлээр ярьцгаая. …
Үр хөндүүлж байсан эсвэл үүнд оролцож байсандаа гүн шаналж, харамсаж буй сонсогчдод хандан хэлэхэд: Хэдийгээр бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч Бурхан өнгөрснийг эдгээж чадна гэдгийг санаарай. Таныг даруухнаар наманчлан Түүнд хандах үед өршөөл нь Түүний цагаатгагч ач ивээлийн гайхамшгаар дамжин ирэх болно.
Хайрт ах эгч нар аа, дэлхий даяар төрөөгүй хүүхдүүдийг хайрлах сэтгэл багассаар байгаа нь ноцтой, сэтгэл эмтлэм асуудал юм. Бурхан амьдралыг нандигнан хайрладаг. Хүүхдүүддээ үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах нь Түүний ажил бөгөөд алдар суу юм. Есүс Христийн шавь нарын хувьд бид амьдралыг нандигнан хайрладаг.