Гэр бүлүүдэд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө
Ариун сүмийн гэрээ, ёслол болон сургаалууд дэлхийн бүх гэр бүлийг адисалдаг.
Зураг чимэглэлийг Шона Тэнни
Саяхан Угдорф эгч бид хоёр нэг зээнцрийнхээ баптисмд оролцлоо. Бид олон үеийнхэн энэ үйл явдлыг баяр хөөртэйгөөр тэмдэглэж байгааг харахдаа хүүхдүүддээ зориулсан авралын төлөвлөгөөнийх нь төлөө Тэнгэрлэг Эцэгтээ гүнээ талархаж байгаагаа мэдэрсэн. Бид бүр эхлэлээс л гэр бүл, ариун нандин гэрээнүүд Түүнд хэчнээн чухал болохыг мэдэрсэн.
Энэ чухал ач холбогдлыг эхнэр олж, гэрээнд гэрлэж, гэр бүлтэй болохын тулд урт удаан, хүнд хэцүү аяллыг туулсан итгэлтэй Иаковын тухай Хуучин Гэрээний түүхээс харж болно. Нэг орой Иаков амрахаар түр зогссон боловч дэр хийх чулуу л олжээ. Гэсэн ч тэр маш их ядарсан байсан тул нойрондоо дийлдэж, зүүд хүртэл зүүдэлжээ.
Иаковын зүүдэнд “газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөж уруудан байлаа.
Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод — Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна” (Эхлэл 28:12–13) гэв.
Дараа нь Их Эзэн Иаковт гэрээний чухал амлалтуудыг өгсөн бөгөөд үүнд Иаковын эцэг Исаак, өвөө Абрахам хоёрт өгсөн амлалтууд багтаж байв. Эдгээр нь:
-
Иаковт “ард түмнүүдийн” (Эхлэл 28:3, 14) эцэг болно гэж амласан.
-
Иаковын үр удамд газар нутаг (Эхлэл 28:4, 13-ыг үзнэ үү) амласан.
-
Иаков болон түүний “үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно” гэж амласан (Эхлэл 28:14; тодотгол нэмсэн).
Иаковт тохиолдсон явдал үнэхээр ариун нандин байсан учир тэрээр “ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. … Энэ бол гарцаагүй Бурханы өргөө төдийгүй тэнгэрийн хаалга юм” (Эхлэл 28:16–17) хэмээн тунхаглажээ. Иймээс Иаков тэр нутгийг “Бурханы өргөө” гэсэн утгатай Бетел гэж нэрлэсэн (Эхлэл 28:19, зүүлт тайлбар a-г үзнэ үү).
Ариун сүмүүд нь Иаковын харсан шаттай их төстэй. Их Эзэний өргөөний сургаал, ёслол, гэрээнүүд тэнгэр ба дэлхийг холбодог. Гэрээнүүд нь биднийг Их Эзэнд ойртуулдаг шатны гишгүүртэй адил. Мөн бид ариун сүмүүдэд үйлчилснээр өнгөрсөн, одоо, ирээдүйн “дэлхийн бүх овгийг” адисалдаг.
Тэнгэрийн тухай баярлам ойлголт
Далын чөлөөндөө гарсан гишүүн ахлагч Брүс К.Хафэн нэгэн удаа үндэсний мэдээ гаргадаг сэтгүүлийн эрхлэгчээс дуудлага хүлээж авсан ба өөр өөр шашин дахь тэнгэрийн тухай итгэл үнэмшлийн түүхийг судалсан номын талаар ярилцжээ.
“Олон нийт тэнгэр хийгээд үүнд орших гэр бүлүүдийн талаар мэдэхийг туйлын их хүсэж байгааг зохиогчид олж мэдсэн. Гэвч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг эс тооцвол “ихэнх Христийн сүм энэхүү мэдье гэсэн туйлын хүсэлд бараг хариу өгдөггүй”.
Аврагчийн сэргээгдсэн Сүмд бидэнд ариун сүмүүд бий. Бидэнд бие махбодын үхлээс цааш биднийг адислах лацдан холболтын эрх мэдэл бүхий мөнхийн гэрлэлт бий. Бидэнд хайртай хүмүүстэйгээ Эцэг, Хүү хоёрын оршихуйд мөнх амьдрах амлалт өгөгдсөн. Зохиогчид энэ бүхнийг харгалзан үзээд, хожмын үеийн гэгээнтнүүдийн тэнгэрийн тухай ойлголт нь хамгийн бүрэн гүйцэд гэж дүгнэсэн ба хамгийн аз жаргалтай нь гэдгийг би нэмж хэлмээр байна.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн … бид бие махбодтой болж, гэр бүлтэй болохын тулд дэлхийг бүтээсэн юм. Тэрээр гэр бүлүүдийг өргөмжлөхийн тулд Сүмээ үндэслэн байгуулсан. Гэр бүлүүд үүрд хамт байхын тулд Тэр ариун сүмийг өгдөг” гэж заасан.
Гэр бүлээ хамгаалах нь
Бурханы төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой зүйл эсэргүүцэлтэй тулгарах нь бидэнд гайхах зүйл биш юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард (1928–2023) ийн хэлсэн: “Сатаны Их Эзэний ажлыг саатуулах хамгийн баталгаатай бөгөөд үр дүнтэй арга зам бол гэр бүлийн ашиг тус, гэр орны цэвэр ариун байдлыг бууруулах явдал гэдгийг мэддэг”.
Бид үүнийг мэддэг учраас гэр бүлээ хамгаалагч дэлхийн хамгийн хичээнгүй хүмүүсийн нэг байх ёстой.
Бид үүнийг хэрхэн үйлдэж болох вэ?
Бид гэр бүлийн харилцааг хүчирхэгжүүлэх “өчүүхэн мөн энгийн зүйлсийг” (Aлмa 37:6) хийж чадна. Үүнд гэр бүлийн тунхагт дурдсан “итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр, гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох” зэрэг зарчмуудыг дагах багтдаг. Одоогийн гэр бүлийн нөхцөл байдал чинь ямар байгаагаас үл хамааран, гэр бүлийн харилцаа нь та нарын хувьд үүрд чухал гэдгийг үйлдлээрээ харуулж чадна.
Бид гэр бүлийн тухай мөнхийн үнэнийг хуваалцаж, хамгаалж, үүгээр амьдарснаар “гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” мөн “ариун сүм … нь хувь хүмүүст Бурханы оршихуйд эргэн очих мөн гэр бүлүүдэд мөнхөд нэгдэх боломжийг олгодог” гэдгийг ойлгоход нь бусдад тусалж чадна.
Сонгогдсон нэгэн, Дан Вилсон
“Би чамтай хамт байна”
Угдорф эгч бид хоёр гэр бүлийн гишүүдээ хайраар дүүрэн, мөнхийн Тэнгэрлэг Эцэгтэйгээ ариун нандин гэрээнүүдийг байгуулахыг харах үед зүрх сэтгэл маань баяр баясал, талархлаар дүүрдэг. Бид зөвхөн хүүхдүүддээ болон тэдний хүүхдүүдэд төдийгүй, бас эцэг эхдээ болон тэдний эцэг эхэд баярладаг. Бид сайн мэдээний гэрээнүүд биднийг үе удам дамжин хэрхэн нэгтгэдэг талаар гүн гүнзгий хайраар тунгаан боддог.
Их Эзэн Абрахамд, Исаакт мөн Иаковийн зүүдэнд гэр бүлтэй холбоотой бүх зүйлийг адисалж амласан. Мөн тэдгээр нь Түүний бүх гэрээт хүүхдэд, түүний дотор чи, бид хоёрт ч хамаатай юм. “Харагтун,” Их Эзэн “би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, … чамайг орхихгүй” хэмээн хэлсэн (Эхлэл 28:15).
Та нар гэр бүлүүдэд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагаж, хуваалцах үед Тэрээр та нартай хамт байх болно. Ялангуяа та нарт эсвэл хайртай хүмүүст тань сорилт бэрхшээл тохиолдох үед хамт байна. Тэр та нарыг үүрч, өргөж, Өөртэйгөө, Өөрийн Хүү Есүс Христтэй, бас гэр бүлийнхэнтэйгээ хамт үүрд мөнхөд бүрэн дүүрэн баяр баясгалантай байхаар хөтлөх болно.