Найдвараа хэзээ ч алдахгүй
Аврагч бидний төлөө юу хийснийг тунгаан бодсоноор Тэр үргэлж бидэнтэй хамт байдгийг мэдэж, үргэлжлүүлэн дээшилж чадна.
Зураг чимэглэлийг Албэрт Эспи
Хоёр хөлийг чинь хамтад нь уяж, гарыг чинь ард нь хүлээд чамайг гурван метр гүн усан сан руу шидсэн гээд төсөөлөөд үз дээ! Чи юу хийх байсан бэ? Чи хөвөх гэж тэмцэж, өөрийгөө ядраах уу? Эсвэл тайван байж, энэ хэцүү нөхцөл байдлыг давах арга замыг олох уу?
Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн SEAL болохоор бэлтгэгдэж байгаа хүмүүст яг ийм сорилт тулгардаг. Үүнийг “живэхээс хамгаалах” гэж нэрлэдэг. Зорилго нь өөр өөр нөхцөлд усанд амьд үлдэх чадвараа батлах явдал юм. Тэднийг уяж, усанд хаясны дараа шалгалтын нэг хэсэг нь сандралгүйгээр усан сангийн ёроолд живж, хөлөөрөө ёроолоос түлхэж, гадаргуу дээр гарч, дараа нь дахин живэхээсээ өмнө түргэн амьсгаа авахыг шаарддаг. Энэ нь тодорхой хугацаанд давтагддаг.
Бидний ихэнх нь Тэнгисийн цэргийн SEAL болох сургалтад хамрагдахгүй ч үүнээс сурах зарим зүйл байж болох юм. Магадгүй үүнээс Есүс Христ болон Түүний Цагаатгалд илүү талархалтай болох болно.
Бүх зүйлийг даван туулсан чиний Аврагч
SEAL-үүд энэхүү хатуу шалгалтыг даван туулахын тулд өөрсдийн бэлтгэл, бие бялдарт найддаг бөгөөд энэ бүгдийг өөрсдөө дуусгах ёстой. Бид бүгд амьдралд сорилт бэрхшээлүүдийг даван туулах болно. Гэхдээ сургалтад хамрагдах SEAL-үүдээс ялгаатай нь бид сорилт бэрхшээлүүдээ хэзээ ч ганцаараа даван туулах шаардлагагүй .
Бид нүгэл, түгшүүр, уй гашуу эсвэл өөр ямар нэгэн сорилт бэрхшээлд хүлэгдэж, үүнээсээ болж бидэнд живж байгаа мэт санагдах үед Есүс Христэд хандаж чадна. Бид ёроолд живж, хэзээ ч эргэж дээш гарахгүй юм шиг санагдсан үедээ Аврагч аль хэдийн тэнд байсан бөгөөд Тэрээр бидэнд дээш тэмүүлж, дахин амьсгалж, үргэлжлүүлэх хүч чадлыг өгөх болно гэдгийг санах хэрэгтэй. Түүнтэй хамт бид найдвараа хэзээ ч алдахгүй.
Есүс Христ бол нүгэл ба үхлээс чамайг аврах чиний Аврагч юм. Чамайг алдаа гаргаж, сүнслэг байдлын хувьд бүрэн бүтэн болох хэрэгтэй үед Есүс Христ чиний Гэтэлгэгч болдог. Есүс Христ бол зөвхөн Тэр л эдгээж чадах сэтгэл санааны, сүнслэг байдлын заримдаа бие махбодын гэмтэл болон өвдөлтөөс эдгээх чиний Эдгээгч юм. Есүс Христийн эдгээр болон бусад нэр нь Тэр бол ялангуяа амьдрал хэцүү болох үед хандах ёстой Цорын ганц нэгэн гэдгийг харуулж байна.
Христийн амилсны баяр ойртох тусам бид Есүс Христийн амилалтыг тэмдэглэдэг. Тэр амьд! Мөн Тэр амьд учраас бид дахин амьдарч, мөнх амьдралын амлалтыг хүртэх болно. Гэвч Аврагч амилахынхаа өмнө Гетсеманид бидний төлөө зовж шаналж, загалмай дээр амиа өгсөн юм. Учир нь Тэр биднийг хайрладаг. Тэрээр бидэнд хэрхэн туслахаа мэдэж болохын тулд “бүх зүйлийн доор бууж ирсэн” буюу зөвхөн бидний нүглийн төлөө зовоод зогсохгүй, бас бүх төрлийн өвчин, харуусал, зовлон, уруу таталтыг туулсан билээ (Сургаал ба Гэрээнүүд 88:6; мөн Алма 7:11-ийг үзнэ үү).
Түүнд найдвараа тавь
Аврагчийг цовдлох үед бүх зүйл найдваргүй мэт харагдаж байв. Шавь нар нь цөхөрсөн байлаа. Тэд Түүнийг дагаж, Түүнд итгэсэн бөгөөд Тэр одоо байхгүй болсон байв. Есүсийг булшинд тавихад тэд уй гашуу, эргэлзээтэй нүүр тулсан юм. Гэвч гурван өдрийн дараа ням гарагт булш хоосон болж, Есүс Христ амилсан байв! Алдагдсан мэт санагдаж байсан зүйл одоо итгэл найдвар болон хувирав!
Хэрэв гар, хөл нь хүлээстэй усан сан руу хаягдсан мэт харанхуй, урам хугармаар санагдвал, гарах замыг олж хараагүй бол Есүс Христэд найдах найдварыг олох цаг гаргаж, төгсгөл ирээгүй гэдгийг санаарай.
Аврагч эхлээд гурван өдрийн өмнө Гетсеманид болон загалмайг тэсэлгүйгээр Христийн амилсны баяр баясгалантай ням гаргийг үзэхгүй байсан. Тиймээс хэрэв чи хүнд хэцүү үеийг туулж байгаа бол бүү бууж өг! Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) нэгэнтээ хэлсэнчлэн, “Бидний уй гашуугийн харанхуйд ням гараг ирэх болно. … Биднийг уй гашууд автах эсэхээс үл хамааран ням гараг ирэх л болно.”
Есүс Христ Өөрийн цагаатгагч золиослол болон Амилалтаар дамжуулан амар амгаланг олж, чиний хүсэн хүлээж байснаас ч илүү ихийг олоход чинь туслахаар үргэлж хамт байна.